Хайх

Аз жаргалыг худалдаж авч болно: Цаг зав хэмнэх үйлчилгээнд мөнгө зарцуулах нь хүмүүсийг илүү жаргалтай болгодог

Шинжлэх ухаанаар батлагдсан

Аз жаргалыг худалдаж авч болно: Цаг зав хэмнэх үйлчилгээнд мөнгө зарцуулах нь хүмүүсийг илүү жаргалтай болгодог

Text: Г.Тэмүүлэн

Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болохгүй гэдэг. Гэхдээ мөнгө танд чөлөөт цагийг худалдан авч өгч чадна. Хүмүүсийн дунд өргөн дэлгэрсэн энэхүү хэвшмэл ойлголтыг Харвардын Бизнесийн их сургууль болон University of British Columbia их сургуулийн судлаачид эвдэж байна. Proceedings of the National Academy of Science сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд өөрөө гэрээ цэвэрлэхийн оронд гэрийн үйлчлэгч хөлслөх нь мөн хүнсний дэлгүүр орохын оронд илүү мөнгө төлөн хүргэлт хийлгэх нь хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлдэг гэжээ. Өөрөөр хэлбэл өөртөө чөлөөт цаг гаргах зүйлсэд мөнгө зарцуулах нь хүнийг илүү аз жаргалтай болгодог байна. 

Мөнгө, цаг хугацаа, аз жаргал гэсэн гурван зүйлс хоорондоо хэрхэн холбогддогийг олж тогтоохын тулд University of British Columbia их сургууль АНУ, Канад, Дани, Голланд зэрэг орнуудын нийт 6,000 гаруй хүн хамруулсан санал асуулга явуулжээ. Судлаачид санал асуулгад оролцсон хүмүүсээс өөртөө чөлөөт цаг гаргахын тулд тодорхой үйлчилгээнд мөнгө зардаг эсэх, хувийн цаг заваасаа шалтгаалан хэр их стресст ордог, цалингийн хэмжээ болон амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байдаг гэх мэт асуултуудыг тавьсан байна. Судалгааны үр дүнд өөртөө чөлөөт цаг гаргахын тулд мөнгө зарцуулдаг хүмүүс амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байдаг нь батлагдсан юм. Тус их сургуулийн сэтгэл судлалын доктор Элизабет Данн "Зөвхөн чинээлэг хүмүүс гэлтгүй бага орлоготой иргэд ч бас өөртөө чөлөөт цаг худалдаж авснаар сэтгэл ханамжтай болж байсан" хэмээн онцоллоо.

Мөн чөлөөт цаг худалдаж авах нь үнэхээр хүмүүсийг илүү аз жаргалтай болгодог эсэхийг шалгахаар судлаачид дахин нэг туршилт явуулжээ. Тэд 60 хүн тус бүрт 40 доллар өгч, амралтын өдрүүдээр өөрийнхөө цаг завыг хэмнэх ямар нэгэн үйлчилгээнд мөнгөө зарцуулахыг даалгасан байна. Харин дараагийн амралтын өдрүүдэд тэдэнд ижил хэмжээний мөнгө өгч, янз бүрийн эд зүйлс худалдаж авахыг хүсчээ. Туршилтын үр дүнд өөртөө чөлөөт цаг гаргах зорилгоор мөнгөө зарцуулсан хүмүүс илүү сэтгэл ханамжтай байсан нь тогтоогдсон байна. "Бидний хийсэн судалгаанаас үзэхэд цаг зав худалдан авах нь их мөнгөтэй байгаатай ижил хэмжээний сэтгэл ханамжийг хүмүүст өгдөг. Мөн хүмүүс цаг хугацаа хэмнэдэг үйлчилгээнд мөнгө зарснаар өдөр тутмын амьдралдаа дарамт шахалт мэдрэх нь багасдаг байна. Харин энэ нь тэдний сэтгэл санааны байдлыг сайжруулдаг юм" гэж Харвардын Бизнесийн их сургуулийн доктор Эшли Уилланс мэдэгджээ.

 

 

  • Зураг:
Цааш үзэх