Хайх

Эргэцүүлэх сэдэв: Сошиал ертөнцөд бид өөрсдийгөө алдаж байна уу?

Эргэцүүлэх сэдэв: Сошиал ертөнцөд бид өөрсдийгөө алдаж байна уу?

Олон нийтийн сүлжээний хар бараан тал

Text: Ө.Тодгэрэл


Энэ зураг хэр их like цуглуулах бол? Би хангалттай хөөрхөн болов уу? Би хангалттай ухаалаг болов уу? Хүмүүс миний үзэл бодолтой санал нийлэх болов уу? Энэ зураг хэтэрхий их засвартай байна уу?

Эсвэл эсрэгээрээ хэтэрхий бодит байна уу ... ?


Олон нийтийн сүлжээ бидний амьдралыг эзэлсэн өнөө үед шинэ мянганыхны толгойд эдгээр асуулт нэг биш удаа орж ирсэн байх өндөр магадлалтай. Үнэнийг хэлэхэд орчин үеийн сошиал сүлжээний идэвхитэй хэрэглэгчид хоёр өөр ертөнцөд нэгэн зэрэг амьдарч байна. Өөрийнхөөрөө амьдарч байгаа мэт болов ч амьдралынхаа мөч бүрийг гадны нүдээр дүгнэж, бусдад түгээх хэрэгтэй эсэхийг шийдэж, бусдаас сайшаал авах үгүйг тооцолдог далд ухамсар биднийг "Би гэх Брэнд" ба "жинхэнэ Би" гэх хоёр дүрд нэгэн зэрэг тоглуулж буй мэт санагдана.

Мэдээж олон нийтийн сүлжээний талаар сэдэв хөндөхөд хүн бүрт өөрийн гэсэн үзэл бодол, ойлголт байх нь гарцаагүй. Технологийн хөгжил дэвшил, тэр дундаа олон нийтийн сүлжээ бидний боломжийг тэлж, дэлхийг нэгдсэн нэг тавцан болгон холбож, өмнө нь мөрөөдөж ч боломгүй байсан олон үүд хаалгыг бидний өмнө нээж өгсөнтэй маргах юун. Тиймээс энэ сэдвээр аль нэг талыг баримтлах бус харин давуу болон сөрөг талыг нь бодитоор харах нь л чухал юм. Харин энэ удаад би хувь хүний далд ухамсарт нөлөөлж буй олон нийтийн сүлжээний хар бараан талыг ажиглахыг хүслээ.

Бид өөрсдийнхөөрөө амьдарч байна уу аль эсвэл бусдад харуулахыг хүссэн хуурамч амьдрал бий болгож байна уу?

Орчин үеийн нийгэм фотошоп хэрэглэсэн зурагт, харь гарагийн мэт гэмээр бодит бус гоо үзэсгэлэн, бие галбирт дасчихсан. Бүр үүнд хүлцэнгүй ханддаг болсон. Бид үүнийг анзаараагүй байж болох ч зарим хүмүүсийн амьдралын хэв маяг бидний ой ухаанд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж, нэг л мэдэхэд бид "Яагаад би ч гэсэн ийм байж болохгүй гэж?" хэмээн бодох нь холгүй. Санаа зовоож буй гол зүйл нь фильтерийн ачаар өөгүй төгс болсон бодит бус амьдралын дүр зураг бидний өөрийгөө илэрхийлэх байдал, өөрөөсөө шаардаж буй стандартанд өөрчлөлт оруулж байна. Зөвхөн гоё зураг, гоёмсог хувцас, тансаг хоол зэргийг л нийтлэх ёстой мэт. Харин нийтэлсний дараагаар тэдгээр зургууд ердийнхөөс илүү like цуглуулах үед бид өөрсдийгөө бусдын нүдэнд зөвхөн төгс байдлаар л дүрслэх ёстой юм байна гэсэн таамгийг улам бүр өөгшүүлэх мэт.

Өнөөдөр ухаалаг утас, компьютер, таблет зэргийг эзэмшиж буй хүн бүр нэг ёсны гялгар сэтгүүлийн эрхлэгч эсвэл нийтлэлч мэт өөрсдийн амьдралыг хүүрнэсэн, өөрсдийн гэсэн тавцанг ажиллуулж байна. Гэхдээ хүмүүс биднийг ажиглаж, дүгнэж байгаа гэсэн бодолд өө, сэвээ нуун дарагдуулсан, "edit" хийсэн сэтгүүлийн эрхлэгчид гэж хэлэхэд илүү тохирно.

Эргэцүүлэх сэдэв: Сошиал ертөнцөд бид өөрсдийгөө алдаж байна уу? (фото 1)

Тэгэхээр бид өөрсдийнхөөрөө амьдарч байна уу аль эсвэл бусдад харуулахыг хүссэн хуурамч амьдрал бий болгож байна уу? Юутай ч эдгээр ойлголтуудын хил хязгаар маш бүдэг болж, хоорондоо уусан нэгдэж байгааг та ч бас анзаарч байгаа байх.

Олон нийтийн сүлжээний сэтгэл зүйд үзүүлдэг сөрөг нөлөөг баталсан олон судалгааг энд дурдаж болно. Тухайлбал Австралийн Notre Dame их сургуульд хийгдсэн судалгааны дагуу өсвөр насны болон 20-оос доош насны охид Instagram сүлжээн дахь зургуудыг харан өөрсдийн бие галбирт сэтгэл дундуур болдгийг, мөн үүнээс бага зэрэг ахмад буюу 25 орчим насны бүсгүйчүүд уг апп-ын улмаас өөрсдийн ажил ба амьдралын хэв маягаасаа дутмаг мэдрэмж авдгийг тогтоосон байдаг. Мөн 2017 онд хийгдсэн Их Британийн Public Health байгууллагын судалгааны үр дүнд олон нийтийн сүлжээнүүд, тэр дундаа Instagram апп залуусын түгшүүр, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, гадаад төрхийн талаарх санаа зовнил, юмнаас хоцорч буй мэт айдас зэрэгтэй шууд холбоотой болох нь батлагдсан бөгөөд энэ үзэгдэл нь эмэгтэйчүүд дунд илүү өргөн дэлгэрсэн байжээ. Ингээд харахад "Би гэх Брэнд" үүсгэх хүсэл нь залуусын сэтгэлгээнд түгшүүр бий болгож байгаа нь илт юм. Энэ нь бидний өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх сэтгэлийн амар амгалан байдлыг үймүүлж байна.

Бид брэнд биш, харин хүн юм

Хэдийгээр бид энэ буруу хандлагыг ухаарч финста буюу хуурамч инста, зөвхөн найз нөхөд ба гэр бүлийн гишүүдээс бүрдэх хоёр дахь инста зэргийг нээж, асуудлыг үүгээр шийдэж болох мэт санасан ч төд удалгүй энэ нь бас л бидний тоглож буй өөр нэгэн дүр мэт санагдаж эхлэх нь бий. Тэгэхээр аль зааг дээр бидний бусдад харуулахыг хүссэн "брэнд" төгсөж, хаанаас бидний жинхэнэ "би" эхэлдэг вэ?

Энэ үзэгдлийг ажиглаж буй зарим хүмүүсийн хувьд утсаа нээх бүрдээ өөрийгөө бусадтай харьцуулж, хуурамч стандартанд өөрийгөө нийцүүлж амьдрах нь ядармаар санагдаж болзошгүй. Тиймээс тэд хэрэглээгээ багасгаж, илүүдэл цагаа өөртөө төвлөрөхөд ашиглахыг хүсдэг. Харин зарим нь эсрэгээрээ "жинхэнэ би"-гээ алдалгүй олон нийтийн сүлжээг ухаалгаар ашиглах тэрхүү нарийн арга замыг олсон байдаг.

Хамгийн гол нь та дараах постоо хийхдээ эсвэл ээлжит удаагаа feed-ээ эргүүлэхдээ танд ямар сэтгэгдэл төрж байгааг сайтар ажиглаарай. Хэрвээ сошиал ертөнц таны амьдралд бүтээлч санаа, боловсрол, нийгэмшил зэргээс илүүтэйгээр стресс авчирч байвал өөрсдийнхөө хэрэглээг дахин нэг тунгааж үзэх нь зүйтэй биз ээ. Бид брэнд биш, харин юуны түрүүнд хүн шүү дээ.

Харин та энэ талаар ямар бодолтой байна?

цааш үзэх