Хайх

Хэрхэн 100 наслах вэ?

Хэрхэн 100 наслах вэ?

Text: Ө.Содгэрэл

Монгол улсын иргэдийн наслалт жил ирэх тусам уртассаар байна. Харин хэрхэн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл энх урт наслах бэ?

Бид аль хэдийн урт наслаад эхэлжээ. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан мэдээллийн дагуу 1962 онд Mонгол улсын хүн амын дундаж наслалт 62.8 байсан бол 2017 онд 69.89 болж 7 жилээр нэмэгджээ. Харин Улаанбаатар хотын иргэдийн дундаж наслалт 71.51 байна. Мөн дэлхийн хүн амын дундаж наслалтын тоо өсөж байгааг олон улсын Минтел судалгааны төвөөс онцолсон. Тус төвийн гаргасан статистик үзүүлэлтээс харахад 2061 он гэхэд дэлхийн өндөр хөгжилтэй орны эмэгтэйчүүд 91.6 харин эрчүүд 89.7 насална гэсэн тоон үзүүлэлт гаржээ.

Мэдээж хүн бүр эрүүл, урт удаан наслан гэр бүлтэйгээ хамт байхыг хүсдэг бөгөөд үүнийг дагаад орчин үеийн зах зээлд олон төрлийн нэмэлт амин дэмүүд үйлдвэрлэгдэж, тархи болоод биеийн дасгалууд хүчээ авч, урт наслалтын спа хүртэл (Португали улсад) нээгдсэн байгаа. Калифорни дахь урт наслалтын институтэд химичээр ажилладаг Доктор Валтер Лонго урт наслахын тулд "хүүхэд наснаас 65 нас хүртэлх хугацаанд үнээний сүү болон өндөг идэхгүй" байхыг зөвлөжээ. Энэ бүхнээс харахад орчин үед амьдарч байгаа хүн төрөлхтөн зүгээр 80 наслах биш харин эрүүл энх, ой ухаан саруул, аз жаргалтайгаар 100 наслах эрмэлзэлтэй болсон байна.

Доктор Валтерын зөвлөж буйгаар цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх, даралт ихсэх гэх зэрэг хорт хавдар ба зүрх судасны өвчинтэй холбоотой эрсдлүүдээс сэргийлэхийн тулд идэж байгаа зүйлсдээ анхаарал хандуулах хэрэгтэй аж. "Нэг өдрийн 12 цагт багтааж юм идэх нь чухал. Мөн та илүүдэл жинтэй бол хүмүүсийн ихээхэн зөвлөдөг өдөрт 3 удаа бүтэн хооллож, 2 удаа хөнгөн зууш идэх дэглэмийг баримталсны хэрэггүй. Харин өдөрт 2 удаа хооллож, 1 удаа жижиг хөнгөн зууш идээрэй" гэж зөвлөжээ. 

Италийн Ачароли хэмээх жижигхэн тосгоны иргэд 100 болон түүнээс дээш наслаж, эрүүл энх, ямар нэгэн хүнд өвчин зовлонгүй байгааг мэргэжилтнүүд судалж үзэхэд тус хотын иргэд Розмарин буюу анхил бутыг яг л бохь шиг үргэлж зажилдаг онцлогтой байж. Энэхүү мэдээг сониноос уншсан Дэвид Спенсер-Персивал "No.1 Rosemary Water" гэх өөрийн розмаринтай усыг гаргахад хүрчээ. Түүний хэлж буйгаар розмарин нь эмчилгээний бус харин урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй, хүний биед их сайн ургамал гэнэ. Хэдий чинээ эрт хэрэглэж эхэлнэ, төдий чинээ эрүүл мэнддээ анхаарч байна гэсэн үг юм. Энэхүү ургамлаас үүдэн зарим компаниуд розмаринтай ус үйлдвэрлэж эхэлсэн нь зүгээр ч нэг ус биш гэдгийг Northumbria-гийн их сургууль онцолжээ. Энэхүү усыг ууснаар тархинд очих цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж, төвлөрөх байдал илт нэмэгддэг байна.

Тэгвэл саяхан Их Британи улсын Vogue сэтгүүл дээр урт наслалтын талаар сонирхолтой судалгаа нийтлэгдсэн юм. Үүнд шүдний ариун цэврийг онцолж, "Та юу ч идсэн бай шүдээ хэзээ ч мартаж болохгүй. Шүдний ариун цэвэр алдагдсанаас буйл болон амны хөндийн өвчин үүсдэг бөгөөд энэ нь даамжирсаар олон төрлийн өвчний эх үүсвэр болдог" хэмээн онцолжээ. 

Урт удаан наслах нууцыг судлахад хамгийн их гарч ирдэг зүйл бол амьсгалах юм. Бараг л бүх зөвлөгөөнүүдэд "амьсгал, амьсгал" гэсэн зааварчилгаа байдаг. Олон улсын "А" зэрэглэлийн иогийн багш Надиа Нарайн "Өөртөө цаг гарган гүнзгий амьсгалах нь тайван бөгөөд эрүүл байхын үндэс юм. Энэ нь тархинд, зүрхэнд, болон бүх биеийн мэдрэлийн системд хэрэгтэй зүйл" хэмээн үргэлж хэлдэг. Тэр ч бүү хэл бидний сайн мэдэх Apple брэндийн ухаалаг цаг хүртэл үе, үе биднийг амьсгалахыг сануулдаг шүү дээ.

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх