Хайх

Шинэ судалгаа: Ганц бие эмэгтэйчүүд ба эрчүүдийн хэн нь илүү аз жаргалтай байдаг вэ?

Ганц бие хүмүүсийн тухай хэвшмэл ойлголтуудыг март!

Шинэ судалгаа: Ганц бие эмэгтэйчүүд ба эрчүүдийн хэн нь илүү аз жаргалтай байдаг вэ?

Text: Бюро 24/7

Ганц бие хэн нэгэн өөрийн хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлэхэд нийгэм ихэвчлэн үүнд нь итгэхгүй байх хандлага гаргадаг. Жишээ нь ганц бие эмэгтэй аз жаргалгүй, үргэлж хос хайж явдаг бөгөөд түүнийг гуниг гутралаас зөвхөн шинэ хамтрагч л "аварна" гэсэн хэвшмэл ойлголт тогтсон байдаг. Тэгвэл энэ бүх зүйл огт ор үндэсгүй болох нь Mintel компанийн саяхан хийсэн нэгэн судалгаагаар батлагдлаа.

Тус судалгааны компани ганц бие хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Уг судалгаанаас үзэхэд ганц бие эмэгтэйчүүдийн 61% нь хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байсан бол ганц бие эрчүүдийн ердөө 49% нь л ийм нөхцөл байдал сэтгэлд нь нийцдэг гэж хариулсан байна. Үүнээс гадна, судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн 75% нь сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэг тогтвортой харилцаа үүсгэх гэж огт оролдоогүй гэнэ. Харин эрчүүдийн ердөө 65% нь л ижил хариулт өгч чаджээ. Энэ тренд ялангуяа 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд нэлээд тархсан байна. Тодруулбал 45-65 насны эмэгтэйчүүдийн 32% нь ганцаараа байхдаа аз жаргалтай байдаг гэж мэдэгдсэн бол ижил насны эрчүүдийн ердөө 19% нь ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Mintel компанийн хийсэн судалгааны үр дүнг Эссексийн их сургуулийн профессор Эмили Гранди тайлбарласан байна. Түүний үзэж буйгаар эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад хайр дурлалын харилцаанд сэтгэл зүйн хувьд ч тэр, бие махбодийн хувьд ч тэр илүү их хичээл зүтгэл гаргадаг гэнэ. Тухайлбал тэд ямар нэг зөрчилдөөн үүссэн тохиолдолд шийдвэрлэхийг хичээх, гэртээ тав тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлэх зэрэг маш олон асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэхийг оролддог байна. Энэ бүх зүйлс нь тэднээс маш их хүч, чадал шаарддаг учраас бүсгүйчүүдийн хайр дурлалын харилцаанд төгсгөл ирэхэд тэд тэр даруйдаа дахин шинэ харилцаа үүсгэх гэж төдийлөн яардаггүй гэнэ. Үүний оронд бүсгүйчүүд амарч, ганц бие амьдралаасаа таашаал авч амжсаны дараа л шинэ хамтрагч хайж эхлэх талаар боддог гэж Гранди онцолсон юм.

  • Зураг:
Цааш үзэх