Хайх

Адриана Лима Victoria’s Secret-ийн загварын шоунд хэрхэн бэлдэж байна вэ?

Адриана Лима Victoria’s Secret-ийн загварын шоунд хэрхэн бэлдэж байна вэ?

Дасгал ба хоолны дэглэмээсээ хуваалцлаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ оны хамгийн том загварын үйл явдлуудын нэг болох Victoria's Secret-ийн загварын шоу эхлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Дотуур хувцасны алдарт брэндийн домогт "сахиусан тэнгэр", Бразилийн супер модель Адриана Лима хамгийн анх дөнгөж 18 настайдаа Victoria's Secret-ийн тайзнаа алхаж байжээ. Харин өдгөө 36 настай Адриана энэ хугацаанд нийт 9 сая ам.долларын үнэтэй "Fantasy Bra"-г гурван ч удаа танилцуулж, мөн энэ жилийн эхээр Victoria's Secret брэндийн түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй моделиор тодорсон юм. Ингээд ч зогсохгүй загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн 2012 онд хоёр дах хүүхдээ төрүүлснээс ердөө хоёрхон сарын дараа загварын тайзан дээр дотуур хувцастай алхаж олныг гайхшруулж байлаа. Ийм ч учраас биеийн галбираа хэрхэн хадгалах талаар Адриана Лима хэнээс ч илүү сайн мэднэ.

2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Шанхайд зохиогдох Victoria's Secret-ийн загварын шоуны өмнөхөн Адриана өөрийн хийдэг дасгал болон хоолны дэглэмийнхээ талаар CR Fashion Book сэтгүүлд хуваалцсан байна.

Дасгал, хөдөлгөөний талаар

Тэрээр оны хамгийн хүлээлттэй загварын шоунд хэрхэн бэлдэж байна вэ гэж үү? Юуны өмнө Адриана амттанд маш их дуртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс татгалзахад маш хэцүү байдаг гэдгээ хуваалцжээ. Гэхдээ тэрээр загварын шоу эхлэхээс хоёр сарын өмнөөс хоолны дэглэм барьж, эрчимтэй дасгал хийж эхэлдэг байна. "Би боксоор хичээллэх үнэхээр дуртай. Гэхдээ сүүлийн үед би тойрог дасгалууд хийж бас гүйж байгаа. Аяллын үеэр биеийн галбираа зохистой хэмжээнд барих нь үнэхээр хэцүү санагддаг шүү. Учир нь би аялах явцдаа үргэлж шинэ хоолнуудыг амталж үзэхийг хүсдэг. Эдгээр хоолнуудын зарим нь тийм ч эрүүл биш. Гэхдээ үүнийг тэнцвэржүүлэхийн тулд би илүү хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг. Хэрэв миний байрлаж буй зочид буудал дотор gym байвал би өглөөдөө хурдхан дасгалуудаа хийдэг. Эсвэл гадаа гүйж, орчин тойрноо судалдаг. Мөн би үргэлж дээс авч явдаг. Ингэснээр өглөө сэрээд, зочид буудлын өрөөндөө 10 минут дээсээр үсэрч, зүрхний цохилтоо түргэсгэдэг" гэж модель бүсгүй ярьжээ.

 

 

 

Хоолны талаар

Тэрээр эрүүл амьдралын хэв маяг баримталдаг бөгөөд өдөр бүр эрүүл хооллохыг хичээдэг гэнэ. "Би смути, шинэхэн жимс бас ногоонд маш их дуртай. Үүнээс гадна би биеэ цэвэршүүлэхийн тулд өдөр бүр амин дэм болон ургамлын гаралтай цай уудаг. Ер нь төрсний дараа биеийн галбирт асар их өөрчлөлтүүд ордог. Тиймээс надад биеийн галбираа хадгалахын тулд маш эрчимтэй дасгал хийх шаардлага гардаг" гэжээ.

Мөн Адриана Лима дөнгөж төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдэд биеийн галбираа хэрхэн хэвийн хэмжээнд нь оруулах талаар зөвлөгөө өгсөн байна. Түүний хэлснээр өөртөө хэт өндөр шаардлага тавилгүй, бие махбодио сайн сонсож сурах хэрэгтэй гэжээ. "Эрчимтэй дасгал хий. Гэхдээ бие организмоо шаардлагатай шим тэжээлийн дутагдалд оруулж болохгүй. Яагаад гэвэл gym-д хичээллэхийн тулд хангалттай эрч хүчтэй байх хэрэгтэй шүү дээ" гэж Адриана Лима зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх