Хайх

Алекс Фергусон, Франк Лампард нараас  суралцах боломж

Алекс Фергусон, Франк Лампард нараас суралцах боломж

Том, далайцтай зүйл хийхийг хүсэгчдэд

Text: Ж.Чинбат


Алекс Фергусон, Франк Лампард нарын намтар номыг орчуулагч Н.Содонтуяа: “Авьяасгүй, мөнгөгүй ч хүсэх л юм бол хүн амжилтанд хүрч болно” гэлээ

Номын дэлгүүрт, бэстсэллерийн тавцан дээр байгаа номууд дотроо хоёр янз харагдана. Нэг нь зүгээр л хүмүүс гоё гэж итгээд шуураад авчихдаг сулхан номууд бол өнөөх нь харин дотроо үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөж, амьдралд нь урам зориг өгч чадахуйц бүтээлүүд байдаг. Тэгвэл бид хоёр дах тодорхойлолтод багтах хоёр номын талаар, "Супер Франк" номыг 16 настайдаа монгол хэл рүү хөрвүүлэн гаргаж байсан Н.Содонтуяатай ярилцлаа.

Алекс Фергусон, Франк Лампард нараас  суралцах боломж (фото 1)

Та нэгт санхүүгийн чиглэлээр сурдаг, хоёрт их залуу эмэгтэй хэр нь спортын чиглэлийн ном сонгож орчуулсан нь их сонирхолтой санагдаж байна.

Би багаасаа спортын сайтуудад хөл бөмбөгөөр дагнан нийтлэл, мэдээ бэлтгэж, өдөр бүр маш олон мэдээ орчуулдаг байсан. Тиймээс өөрийн шүтдэг Франк Лампардын "Супер Франк" номыг цахим хэлбэрээр уншаад, арай том, далайцтай зүйл хийх зориг төрж орчуулах болсон. Үүний дараа надад дахин ном орчуулах санал Монсудар хэвлэлийн газраас ирэхэд нь зөвшөөрөөд Алекс Фергусоны номыг өнгөрсөн жил орчуулж дуусган, энэ онд хэвлэгдэн гарсан.

Чи номоо орчуулахдаа ямар зарчим барьж ажилласан бэ?

Нэгдүгээр дамжааны оюутан байсан учраас тэр үед маш их ачаалалтай байсан. Энэ ном өөрөө их урам зориг өгдөг, маш их сургамжтай, "Хүн хэзээ ч шантарч болохгүй" гэсэн зүйлийг их өгүүлдэг. Тийм болохоор ном өөрөө намайг зоригжуулсан.
Англи сэтгэлгээ, хэл найруулгыг монгол хэлэнд хөрвүүлэхэд Таван цагариг сонины, маш алдартай сэтгүүлч Цагаанбаатар намайг тоож, редактороор нь ажилласан.

Франк Лампард, Алекс Фергусон хоёрын намтарыг уншсанаар хүмүүс юу мэдэж авах бол?

Энэ хоёр номын гол баатрууд нэг нь тоглогчийн хувиар, нөгөө нь менежерийн хувиар зорилгодоо хүрэхийн тулд тууштай явсан. Роналдино ч юм уу, Рүни зэрэг тамирчид бурханаас заяасан цэвэр авьяастай. Тэд хэчнээн бэлтгэл хийхгүй байлаа ч талбай дээр гараад гайхамшгийг үзүүлэх чадвартай. Тэгэхэд Лампард бүр багаасаа л гоочлогдож явсан, нэг тийм бандгар, авьяасгүйд тооцогддог байсан. Гэвч Лампард "Хүн хөдөлмөрөөр, зарчмаар зуун хувь хичээх юм бол амжилтанд хүрнэ" гэдгийг харуулсан. Чельсигийн фанатууд түүнийг маш их голдог байсан ч гэлээ энэ хүн нэг өдрийн ч бэлтгэл таслаж үзээгүй. Хоолны дэглэм, бэлтгэлийн хуваарь, шоудахгүй байх зэрэг гамыг олон жил алдаагүй. Хүмүүсийн дунд баян биш, хэтэрхий ухаантай биш хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс энэ номыг уншаад хүн хөдөлмөрлөх л юм бол илүү их боломж бий гэдгийг олж мэддэг.

Фергусоны хувьд?

Фергусон бас л ядуу гэр бүлээс гаралтай ч  хүнийг удирдах маш өндөр чадвартай. Түүний удирдлагаас маш олон гайхалтай тамирчид төрсөн ч тэр Роналдог ч юм уу Бекхэмийг өөрийнхөө толгой дээр гаргаагүй. Ерөөсөө клубт ямар ч тамирчин том биш, ганцхан удирдагч нь менежер байдаг юм гэдгийг тэр харуулсан. Тэгээд номондоо мөн өрсөлдөгчдөө, өөрийнхөө залуу насныхаа талаар бичсэн байдаг. Залуу хүмүүс Лампардын номыг, хүн удирддаг, ахимаг насныхан Фергусоныг уншихад тохиромжтой.

Хүмүүс өөрийн мэргэжил, салбарын чиглэлийн номуудаас орчуулахаар дотроо аначихсан байх нь олон. Тийм хүмүүст хэрхэн зохиогчийн эрхтэй ном гаргах талаарх туршлагаасаа хуваалцахгүй юу?

Хэвлэлийн компанитай холбогдох хэрэгтэй. Хувь хүнээр дамжуулж авахад жаахан хэцүү. Харин Монсудар, Непко зэрэг том хэвлэлийн компаниудад эрх өгөх магадлал нь өндөр. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө шаардана. Магадгүй 5000 мянган доллар. Тэгэхдээ Монголын зах зээлийг тайлбарлаад, цөөхөн хүн амтай, хөгжиж буй орон гээд тодорхойлчихвол гайгүй болов уу. Жишээ нь Лампардын ном сая сая хувиар борлогддог болохоор Монголд 500 хувь хэвлэнэ гэхээр орчуулах эрхийг нь өгсөн. Албан ёсны эрх нь мэдээж илүү үнэтэй байх болно.

Хэвлэлийн газартай гэрээ байгуулж, оюуны бүтээлээ олон нийтэд хүртээл болгож чадсан чинь их таалагдлаа. Цаашид дахин орчуулахаар төлөвлөж байгаа ном бий юу?

Дидье Дрогбагийн 2006 оноос хойшх, Чельсид ирсэн амьдралынх нь талаар өгүүлсэн ном энэ аравдугаар сард дэлхий нийтэд нээлтээ хийнэ. Тэр номыг гармагц орчуулахаар бэлтгээд зохих зөвшөөрлийг нь авсан байгаа.

 

 

цааш үзэх