Хайх

Дээс: Гэртээ хийж болох шилдэг фитнесс дасгал

Дээс: Гэртээ хийж болох шилдэг фитнесс дасгал

Боксын тамирчдын дуртай дасгал

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Бага насандаа найзуудтайгаа гадаа гаран, дээс тоглодог байсан үеэ та санаж байна уу? Магадгүй үүнээс хойш та дахин дээсээр үсрээгүй олон жил болж байгаа байх. Тэгвэл одоо энэхүү хүүхэд насныхаа сайхан дурсамжийг өөрийн фитнесс хөтөлбөртөө хамруулснаар биеийн галбираа хөгжүүлэх цаг ирлээ.

Боксын тамирчдын дуртай дасгал

Бусад дасгалуудтай харьцуулбал дээсээр хичээллэх нь булчингийн хөгжил, тэнцвэр мөн ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг давуу талтай. Боксын тамирчид үргэлж дээсээр үсэрч бэлтгэл хийдгийг та анзаарч байсан уу? Дээс нь хүний тэсвэр тэвчээр ба хурдыг хөгжүүлж, зүрх судас, тархины үйл ажиллагааг сайжруулдаг тул тамирчдын үндсэн дасгалуудын нэг болдог гэж Луизианагийн Их сургуулийн Пеннингтон Био-Анагаах ухааны судалгааны төвийн профессор Тим Черч ярьсан байна.

Бүх биеийн булчинд нөлөөлнө

Энэхүү дасгал нь хөл, өгзөг, мөр, хэвлий, гарын булчинд хамгийн их ачаалал өгдөг. Мөн дээсний эргэлтийг тогтворжуулахад зөвхөн гарын бугуй, шуу төдийгүй биеийн дээд хэсэг буюу гар, мөр, нурууны булчин хамгийн их оролцоотой байдаг. Тиймээс гүйлт болон бусад кардио дасгалуудтай харьцуулахад дээсээр үсрэх нь бүтэн биеийн булчинг хөгжүүлдэг давуу талтай гэж Хантингдоны коллежийн спортын шинжлэх ухааны профессор Мишель Олсон ярьжээ.

Дээс: Гэртээ хийж болох шилдэг фитнесс дасгал (фото 1)

Маш их хэмжээний илчлэг шатаана

Дээс нь хамгийн үр дүнтэй кардио дасгалуудын нэг юм. CalorieLab вебсайтын мэдээллэснээр 10 минут эрчимтэй дээсээр үсрэхэд 125 калори шатдаг гэжээ. Тиймээс энэ нь жин хасах хүсэлтэй хүмүүст тохирох хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг болж байгаа юм. Мөн Journal of Applied Physiology сэтгүүлийн хийсэн судалгаанд зургаан сарын турш долоо хоногт гурван удаа тогтмол дээсээр үсэрч дасгал хийдэг байсан хүмүүсийн ясан дахь эрдсийн нягтрал ихэсч, яс нь бэхжиж байсан нь тогтоогдсон юм.

Хаана ч хийхэд тохиромжтой

Энэхүү дасгал нь цаг зав муутай хүмүүст хамгийн тохиромжтой юм. Зочид буудал, гэр, оффис (хамт ажилладаг хүмүүс тань дургүйцэхгүй бол шүү дээ!) гээд хүссэн газартаа хийж болдог тул дээс нь gym-д хичээллэх боломжгүй, цаг зав муутай хүмүүст гайхалтай сонголт болдог байна. Мөн дээс нь их зай эзлэхгүй, авсаархан бөгөөд хямд үнэтэй фитнессийн хэрэгсэл гэдгийг дасгалжуулагчид онцолдог юм.

Юуг анхаарах вэ?

Юуны өмнө дээсээр хичээллэх гэж байгаа хүмүүс хэт илүүдэл жинтэй байж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь дээс нь өвдөгний үе мөч, нуруунд маш их ачаалал өгдөг тул гэмтэл авах магадлалтай. Мөн дасгалаа хийхдээ тусгай гутал өмсөж, зөөлөн гадаргуу дээр үсрэх хэрэгтэй юм. Энэ нь гэмтэл авах магадлалыг багасгадаг байна. Онолын хувьд хэрэв та хэт илүүдэл жингүй, ямар нэгэн гэмтэл аваагүй бол долоо хоногт хэд, хэдэн удаа 30 минутаар хичээллэж болно. Гэхдээ та өөрийн хийдэг ердийн дасгалууд дээрээ нэмээд таван минут дээсээр хичээллэхэд илүү үр дүнд хүрнэ гэдгийг Тим Черч нэмж хэлсэн юм.

Дээс: Гэртээ хийж болох шилдэг фитнесс дасгал (фото 2)

цааш үзэх