Хайх

Дуудлага: Туялзуур сэлэмчдийн эгнээнд урьж байна

Дуудлага: Туялзуур сэлэмчдийн эгнээнд урьж байна

Олимпийн оргил өөд

Text: Ж.Чинбат


Туялзуур сэлмийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулагчид ямар зорилго дэвшүүлснийг сонирхлоо

Олимпийн төрөлд багтдаг туялзуур сэлмийн спорт Монголд хөгжөөд зургаан жил болсон ч хурдтай хөгжжээ. Москвад болсон 2015 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад Б.Батхүү олимп, дэлхийн амжилттай тамирчдыг ялж хэсгээсээ шалгарсан байгаа. Тэгвэл сая Монгол улсад зохион байгуулагдсан Туялзуур сэлэмний 23 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд тив, дэлхийн хэмжээний өндөр чансаатай тамирчид ирсэн ба Монгол улс фэнсингээр хоёр жил орчим хугацаанд хичээллэсэн залуу тамирчдаа өрсөлдүүлж, туршлагажуулжээ. Ингээд бид туялзуур сэлмээр тулалдахад тамирчинд яг юу нь сэтгэл хөдөлгөм, онцгой санагддаг, яагаад бид Арабын нэгдсэн Эмират улстай өрсөлдөн байж эх орондоо энэ тэмцээнийг зохиох болсон талаар Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатартай уулзаж ярилцлаа.

Та эхлээд бидэнд туялзуур сэлмээр тулалдахын юу нь сэтгэл хөдөлгөм, онцгой болохыг хэлж өгөхгүй юу?

Гартаа зэвсэг бариад тулаан хийнэ гэдэг бол бас их ондоо мэдрэмж юм. Бусад тулааны спортоос ялгаатай нь энэ спорт гартаа зэвсэгтэй. Фэнсинг нь дотроо гурван төрөлтэй, тус, тусдаа өөр тактиктай учраас авах мэдрэмж бас өөр байна. Ялагдал хүлээвэл их хүнд байдаг ч өрсөлдөгчөө ялна гэдэг нэг тийм үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрөөр гоё сайхныг нь мэдэрч, кайф авдаг. Хамгаалах, довтлох, тэсрэх энэ мэдрэмжүүдийг хослуулаад гурван ондоо тактик, стратегитай. Фенсинг сонирхож байгаа хүн анхнаасаа нэг л төрлөөр явах ёстой. Гурван төрлийг зэрэгцүүлж орох юм бол тэр тамирчин амжилт үзүүлж чадахгүй.

Эх орондоо зохиож буй тэмцээн учраас хүмүүс өндөр амжилт хүлээж байна гэж та хэллээ. Та бүхний хувьд өмнөө тавьсан хамгийн гол зорилго юу байсан бэ?

Одоо бид 15-22 настай, туялзуур сэлмээр 1-2 жил хичээллэсэн тамирчдаа оролцуулж байгаа. Азийн аваргын төлөө өрсөлдөхөөр Японоос гэхэд 10-15 жил тулалдсан тамирчид ирсэн. Тиймээс бид тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулж, туршлага суулгах ач холбогдолтой үйл явдал болж байна. Бидний хамгийн гол зорилго нь энэ спортыг Монгол улсад аль болох өргөн далаацтай түгээн дэлгэрүүлэх. Ингэсэн тохиолдолд бид аль болох олон өнцгөөс авьяас чадварыг олж, илүү өрсөлдөөнтэй, илүү хурдан хөгжиж чадна. Хөгжсөн тохиолдолд мэдээж амжилт үзүүлэх боломжтой.

Дуудлага: Туялзуур сэлэмчдийн эгнээнд урьж байна (фото 1)

Туялзуур сэлмээр хичээллэсэн хүнд ямар сайн чанар, төлөвшлүүд суудаг бол?

Энэ спортын талаар хийсэн янз бүрийн судалгаанаас үзэхэд нэгдүгээрт хөгшрөлтөөс сэргийлнэ. Баруунд гэхэд 70 нас хүрч буй хүмүүс залуучуудтай тулалдсаар байдаг. Хүнийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хурдан шаламгай, авхаалжтай болгоно. Хүн богино хугацаанд зөв шийдвэрийг гаргаж, өрсөлдөгч юу хийх гэж буйг зөн совингоороо тааварлан мэдэх, хэрвээ тэр нь буруу байвал шийдвэрээ өөрчилж зөв шийдвэр гаргахад суралцдаг.

туялзуур сэлэм сүүлийн 10 жилд Азийн орнуудад үсрэлт хийж, Европчуудыг айлгадаг гол өрсөлдөгч нь болсон.

Тэгвэл сэлэмчин болохын тулд хүнд өөрт нь ямар чанар байх хэрэгтэй вэ?

Төрөлхийн авьяас, тулаанч чанар, хөдөлгөөний эвсэл байх ёстой. Ийм тамирчин байж чадах юм бол бид нар амжилт гаргах тамирчин бэлтгэж чадна. Ойрын хэдэн жилдээ амжилт үзүүлнэ гэхэд эрт байна. Бид энэ наадмаар зөвхөн туршлага хуримтлуулж өөрсдийн боловсон хүчин, дасгалжуулагчдаа бэлдэх зорилготой.

Ази тивд БНХАУ улс туялзуур сэлмээр тэргүүлдэг гэлээ. Бусад хүчтэй өрсөлдөгч орнуудын талаар та товч танилцуулахгүй юу.

Дэлхийн хэмжээнд илд сэлэмний төрөлд Солонгос, Хятадууд хүч түрэн орж ирж, Олимпийн аваргууд төрсөн. Сая дэлхийн аваргад Японы тамирчин хөнгөн сэлэмний төрөлд түрүүлсэн. Солонгосын баг ч бас Дэлхийн аваргын хүнд сэлэмний төрөлд багаараа мөнгөн медаль авч Европын хүчтэй багуудыг хожсон. Тэгэхээр туялзуур сэлэм сүүлийн 10 жилд Азийн орнуудад үсрэлт хийсэн гэж хэлж болно. Европчуудыг айлгадаг өрсөлдөгч нь Азиуд болчихсон. Манай тамирчид ч гэсэн дэлхийн аваргад оролцохдоо Европын тамирчдаас хожил аваад эхэлчихсэн. Насанд хүрэгсдийн баг дэлхийн аваргын тэмцээнд Унгар, Киргизстан, Оросын баг тамирчдыг хожсон. Сая мөн Бразил, Туркийн тамирчдыг буулган авсан. Өнөөдөр энэ том тэмцээний эрхийг авч зохион байгуулснаар бидэнд дахиад олон улсын тэмцээн зохион байгуулах боломж, илүү өндөр чансаатай тамирчдыг эх орондоо авчран бэлтгэл хийгээд өсөж дэвжих том үүд хаалга нээгдэж байгаа.

 

 

цааш үзэх