Хайх

Энэбишийн Мөнхбилэг: Олон улсын шүүгч бас энтерпренер

Энэбишийн Мөнхбилэг: Олон улсын шүүгч бас энтерпренер

Залуу эксперт ширээний теннисний хөгжлийн талаар ярьж байна.

Text: Ж.Чинбат


Зураг: Personal

Ширээний теннисний олон улсын шүүгч Энэбишийн Мөнхбилэг нь 2007 онд онгоцны буудал уруу жолоочтойгоо хамт явж байхдаа том авто осолд орох хүртэл шүүгч биш ирээдүйтэй тамирчин байжээ. 1999 оноос энэ спортоор хичээллэхдээ тэрбээр улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин болж, 2002 онд АНУ-д очиж, муждаа хоёрт эрэмбэлэгддэг томоохон тэмцээний хэд хэдэн цомтой болсон. Гэвч авто осол түүнийг зургаан сар орондоо ямар ч хөдөлгөөнгүй хэвтэрт байхад оруулсан боловч түүнд огт өөр ирээдүй иржээ. Тэрхүү ослоос яг нэг жилийн дараа  Монгол улсад анх удаа Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад Э.Мөнхбилэг ерөнхий зохион байгуулагчаар ажиллав. Энэ үеэр Монголд ирсэн гадны шүүгчид түүнийг монголын анхны олон улсын шүүгч болгон бэлтгэх санал тавьжээ. Одоо 27 настай тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд тив, дэлхий, олимпийн хэмжээний 20 орчим тэмцээнийг шүүсэн, хашир туршлагатай эксперт болон хөгжиж байна. Дэлхийн 30 гаруй оронд аялсан, олон төрлийн энтерпренер үйл явдалд оролцох дуртай, “хүргээд өгөх үү” гэх жолооч бүрийг такси болгох боломжтой апп зохиолцсон, Форбс Монголиа сэтгүүлээс анх удаа гаргасан 30 Under 30 буюу 30-аас доош настай шилдэг 30 залуугийн нэгээр тодорсон гээд сонирхолтой амьдардаг түүнийг Гуанжуд явж байхад нь бид скайпдаж энэ яриаг хийлээ.

Ширээний теннисний шүүгч хүн юу хийдэг талаар урд нь огт төсөөлж байсангүй. Тийм ч энгийн зүйл биш нь лавтай. Та бидэнд ярьж өгөхгүй юу.

Ширээний теннисний шүүгч  харахад гараараа дохио өгнө, туслах шүүгч нь оноо эргүүлнэ гээд их энгийн харагддаг л даа. Тэгтэл яг талбай дээр та гарвал огт өөр байх болно. Тамирчин бөмбөгөө барьж байгаад, цориурт хүрээд шидэх ганцхан секундын агшинд шүүгч гуч орчим элемент олж хардаг. Бөмбөгөө нуусан уу, ил байна уу, ард байна уу гэх зэргээр олон үйлдлийг хянадаг. Түүнээс гадна олимпийн аваргын тоглолт шүүх үед  загвар өмсөгчдийг яаж алхах, гишгэхийг заадаг шиг нарийн зааварласан дүрмээр биеэ авч явдаг. Дэлхийн зуу гаруй оронд шууд дамжуулж байгаа тэмцээний шүүгч биеэ яаж авч явах ёстой вэ, яаж гараа савах ёстой юм гээд бүгдийг ширхэгчлэн заадаг. Гаднаа энгийн ч гэсэн дотроо маш их элемэнттэй, бас өөрийн гэсэн соёлтой. Түүгээр дамжуулж хүн өөрөө их зөв төлөвшилтэй болдог нь авууштай гэж боддог.

Таныг олон улсын шүүгч болж чадна гэж олж харахад итгэл төрүүлсэн гол чанар чинь юу байсан бэ. Бас та ямар шалгуурыг давж энэ хүндтэй нэрийг эзэмших болов.

Магадгүй би нэлээн нийтэч, багаасаа унаган орос, англи хэлтэй байсан нь давуу тал болсон болов уу. Дэлхийгээр аялах дуртай, олон улс орноор явсаныг ч харсан байх. Анх шүүгч болгохоор санал тавьсан 2008 онд би огт бэлтгэлгүй байхдаа эхний шалгалтаа өгөөд унаж байсан. Хоёр жилийн дараа дахин шалгалт өгч олон улсын шүүгч болох эрхээ авсан. Шалгалтын эхний хэсэг нь англи хэлээр 50 асуултанд хариулдаг. Түүний дараа олон улсын тэмцээн дээр бодит үйлдлээр шалгуулдаг. Талбай дээр гараад, хийх хөдөлгөөн дуудах дуудлага зэргийг нь яг зөв хийх ёстой байдаг.

Тамирчин хүний амжилт медалиар хэмжигддэг бол шүүгчийнх ямар байдаг вэ?

Ер нь дэлхийд болж буй олон тэмцээн уралдааныг шүүх хүн олон бий. Харин тэр дундаас тэмцээнээ сайн шүүж байгаа хүмүүсийг шилж, их наадмуудад урьдаг.  2010, 2014 оны залуучуудын Олимпийн бүх тоглолтуудыг шүүсний дараа медалийн тоглолт, тэр дотроо эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө тоглолтыг надаар шүүлгэсэн. Монголд ийм түвшний тоглолт шүүсэн хоёр хүн байдгийн анхных нь 1988 онд чөлөөт бөхийн шүүгч А.Басхүү гэдэг алдартай шүүгч байсан. Тэр хүний нэр Олон улсын чөлөөт бөхийн холбооны Hall of Fame буюу хүндэт самбарт нэр нь мөнхлөгдсөн байдаг. Хоёр дахь монгол хүн нь би болсон.

Энэбишийн Мөнхбилэг: Олон улсын шүүгч бас энтерпренер (фото 1)

Та монголын ширээний теннисийг дэлхийн түвшинд харьцуулж харах өргөн боломжтой. Манай энэ спортын хөгжил, чадамж нь хэр байгаа вэ?

Манай улс 1959 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 56 жилийн түүхтэй ширээний теннисний холбоотой. Мэдээж хөгжил нь өндөр цэгт хүрсэн, бас буурсан үе бий. Сүүлийн хэдэн жил хөгжил нь маш удаашралтай хөгжиж байгаа гэж би боддог. Монголд ирсэнээсээ хойш би “Монголын туялзуур сэлмийн холбоо”-нд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа. Энэ холбоо үйл ажиллагаа явуулаад хоёр, гуравхан жил болоход Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 9-р сард зохион байгуулах эрхээ авчихсан байна. Тэгэхэд олон жилийн туршлагатай холбоо маань урсгалаараа, жил бүр хийдэг л хэдэн зүйлээ явуулахаас өөр ахилт дэвшилт гаргахгүй байгаа харагддаг.

Ширээний теннисээр манайд хамгийн өндөр үнэлэгддэг ямар сайн тамирчид байна вэ?

Яг сүүлийн үед Б.Билэгт гээд Монгол улсын аварга болсон, дэлхийн аваргад явах монголын шигшээ багт гурван удаа багтсан залуу, шинэ мастер гарч ирсэн. Хуучин гэвэл  Л.Алтантулга гээд овоо хэдэн жил ширээний теннисний хөгжилд ноёрхсон, таван удаагийн улсын аварга болсон залуу байдаг. Одоо Австрали улсад гэр бүлээрээ амьдарч байгаа. Тэрний өмнө хориод жилийн өмнө амжилттай тоглож байсан, одоо Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн дарга хийдэг С.Галбадрах гэж сайн тамирчин бий. Бүр түүний өмнө Т.Болд, Амарсанаа гэдэг мундаг ахмад тамирчидтай.

Таны бодлоор бид ширээний теннисийг олон улсын түвшинд хүрсэн спорт болгон хөгжүүлье гэвэл ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Би дотроо боддог энэ зүйлсээ ирэх жилүүдэд магадгүй хэрэгжүүлэх байх. Гол анзаарч байгаа зүйл гэвэл манайд дасгалжуулагчид дутмаг байдаг. “Танайх  ширээний теннисний шилдэг хөгжилтэй Хятадын хөрш улс байж эдний чадварыг яагаад сурч болдоггүй юм бэ “ гэж  хүмүүс асуудаг. Тэр бол үнэн үг. Манайх одоо ганц хоёрхон дасгалжуулагчийг тав, зургаан сарын хугацаатай авчирч ажиллуулж байгаа. Тэр нь илүү тогтмол байх ёстой. Хятадын хамгийн сайн байх албагүй, зүгээр дундаж хэмжээний дасгалжуулагч ирэхэд л Монголын тамирчдын ур чадварыг нэлээн дээжлүүлж чадна. Хоёрдугаарт энэ спортыг яг шинжлэх ухаан талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. Гадны тамирчдад зөвхөн зааланд багштай ажиллахаас гадна тамирчин хэрхэн хооллох вэ, амралт нь ямар байх ёстой вэ, теннисээс гадна ямар биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй талаар, сэтгэл зүй ямар байх вэ гэх зэрэг бүх зүйлсийг багтаасан нарийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бүр хөгжингүй орнуудын тамирчид хувийн массажисттай байх жишээтэй. Энэ бүхэн мэдээж мөнгө санхүүтэй холбоотой ч гэсэн менежмент сайн байвал санхүү, хөрөнгийг босгох бүрэн боломжтой.

Энэ зун таны хувьд ямархуу өнгөрч байна вэ? Ялангуяа ширээний теннистэй холбоотойгоор.

Би 2010 оноос хойш гадаадад амьдраад, долоон сарын өмнөөс монголдоо амьдарч байгаа. Эрчим хүчний яаманд суурин ажил эрхэлдэг болж, дөнгөж шинэ ажил эхлүүлсэн болохоор дөрвөн сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж чадсангүй. Энэ 7 сарын 4-нд Дэлхийн Юниверсиад наадам уруу харин явж, шүүгчээр оролцоно. Их том тэмцээн болохоор татгалзаж чадаагүй. Манай улс энэ тэмцээнд ширээний теннисээр 5 эрэгтэй, 5 эмэгтэй тамирчин илгээж байгаа. Ер нь бол сагсан бөмбөг, туялзуур сэлэм, жудо, бокс гээд олон спортоор 100 орчим тамирчны бүрэлдэхүүнтэй баг энэ наадамд ирнэ.

Шүүгчид өөрийн улсын тамирчнаа шүүдэггүй гэсэн. Тэгэхдээ хэр амжилт гаргахыг нь бол багцаалж байгаа болов уу?

Дэлхийн том хэмжээний Юниверсиад наадам болохоор гаднаас сайн тамирчид ирнэ. Тэгэхдээ Оюутны Юниверсиадад нэг онцлог байдаг. Манай улс нэгдүгээр шигшээгээ явуулж байхад бусад орнууд гурав, дөрөвдэх шигшээгээ илгээдэг. Тийм болохоор манай ширээний теннисчид группээсээ гараад эхний 32-т үлдэх бүрэн боломжтой.

Ширээний теннисийг сонирхогч уншигч олон байгаа байх. Харин яг карьераа болгоод явья гэж бодож байгаа хэн нэгэн байвал та юу гэж зөвлөх вэ?

Амьдралаа зориулья гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд яг одоо монголд нөхцөл нь сайн бүрдээгүй байна. Тиймээс, жишээ нь Шанхайгийн академи, Австрийн алдартай Вернер Шлагерийн том академи гэх зэрэг газруудад очиж сурч, ажиллангаа хичээллэх боломжтой. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд АНУ-ын Калифорниа мужид энэтхэг хүмүүсийн ажиллуулдаг, ширээний теннисээр дагнан тамирчин бэлтгэдэг төв байдаг. Энэ газарт  долоон наснаасаа эхлэн тоглосон миний нэг танил америк охин сая Нанжинд зохиогдсон дэлхийн хамгийн том  Олимпт ганцаарчилсан төрлөөр хүрэл медаль авсан. Өмнө нь америк хүн хэзээ ч ийм том тэмцээнд япон, солонгосчуудыг ялаад амжилт гаргаж байгаагүй. Тэгэхээр сайн сургалттай орчинд хүн хичээгээд зүтгэх юм бол бүрэн боломж байгаа.   

Энэбишийн Мөнхбилэг: Олон улсын шүүгч бас энтерпренер (фото 2)

цааш үзэх