Хайх

Серена Уильямс Australian Open 2017 тэмцээнд ялалт байгуулахдаа бие давхар байжээ

Түүний ялалт жирэмслэлттэй холбоотой юу?

Серена Уильямс Australian Open 2017 тэмцээнд ялалт байгуулахдаа бие давхар байжээ

Text: Бюро 24/7

Өнгөрсөн лхагва гарагт америкийн теннисчин Серена Уильямс Snapchat олон нийтийн сүлжээнд шаргал өнгийн усны хувцастай селфи нийтэлсэн юм. Энэхүү селфигээс Серена Уильямс бие давхар болсон нь харагдаж байсан төдийгүй, зургийн "20 долоо хоног" гэх тайлбар олон нийтэд ойлгомжтой мэдээлэл өгсөн юм. Тамирчин бүсгүйн шүтэн бишрэгчид тооцоолол хийж, Серена Уильямсыг өнгөрсөн нэгдүгээр сард Australian Open тэмцээнд Штеффи Графын дээд амжилтыг эвдэж, ялалт байгуулах үедээ бие давхар байсныг олж тогтоосон байна.

Серена Уильямс спортын түүхэнд жирэмсэн байхдаа тэмцээнд оролцсон анхны тамирчин биш юм. Өмнө нь 2009 онд гольфчин Катриона Мэттью зургаан сартай бие давхар байх үедээ "Brazil Cup" тэмцээнд түрүүлж, үүнээс 11 долоо хоногийн дараа Их Британийн "Women's British Cup" тэмцээнд дахин ялалт байгуулж байсан юм. Мөн элсний воллейболын аварга Керри Уолш Женнингс таван долоо хоногтой жирэмсэн байхдаа 2012 оны Лондонгийн Олимпоос алтан медаль хүртэж байжээ.

Орчин үеийн спортод жирэмсэн тамирчдад хандах хандлага эрс өөрчлөгдөж байна. Хэрэв өмнө нь эрүүл, чийрэг биетэй жирэмсэн тамирчдад бэлтгэл хийхийг хориглодог байсан бол, өнөөдөр Калифорнийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч Рол Артал чихрийн шижинтэй бие давхар эмэгтэйчүүд өдөр бүр 15 минут дугуйн төхөөрөмж дээр дасгал хийснээр цусан дахь сахарын хэмжээг бууруулах боломжтойг судалгаагаар баталжээ.

Олон хүмүүс Серена Уильямсын ялалтыг түүний жирэмсэн болсонтой холбож байна. Тухайлбал New Scientist сэтгүүлийн нэгэн нийтлэлд жирэмслэлтийн үед эмэгтэй хүний цусан дахь улаан эсийн тоо нэмэгддэг бөгөөд энэ нь булчинг хүчилтөрөгчөөр илүү сайн хангадаг хэмээн бичигдсэн байна. Жирэмслэлтийн эхэн үед эмэгтэй хүний спортын чадамж дээшлэх магадлалтайг сэтгүүл онцолсон байлаа. Үүнтэй холбогдуулж дээр дурдсан Рол Артал эмч хуучин ЗХУ-ын үед чухал тэмцээний өмнө эмэгтэй тамирчид санаатайгаар жирэмсэлж, дараагаар нь үр хөндүүлдэг байсан гэх цуурхлыг дэлгэсэн байна. "Тэгэхээр жирэмслэлт нь нэг ёсондоо байгалийн гаралтай доппинг болж байгаа юм" гэж тэр нэмж хэлжээ.

Одоогоор эмэгтэй хүний жирэмслэлт спортын чадамжийг сайжруулдаг гэх онолыг батлах нухацтай баримт алга байна. Тэр ч бүү хэл Серена Уильямсын шүтэн бишрэгчид энэхүү мэдэгдлийг доромжилсон хэрэг хэмээн үзэж байна. Уг маргаантай холбогдуулан алдарт зохиолч Жоан Роулинг өөрийн Twitter хуудаснаа "Намайг та бүгд галзуу гэж бодож болно. Гэхдээ миний хувьд тэр зүгээр л хамгийн шилдэг нь. Тэгээд л гүйцээ" гэж бичжээ.

 

  • Зураг:
Цааш үзэх