Хайх

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг

Таны заавал мэдэх ёстой зүйлс

Text: Г.Тэмүүлэн


Өнөө үед фитнесийн маш олон чиг хандлага зэрэгцэн оршиж байна. Зарим хүмүүс пилатесаар хичээллэж байхад, өөр нэг бүлэг нь боксын спортоор бараг л мэргэжлийн тамирчин болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд маш хүчтэй дэлгэрээд байгаа спиннинг буюу суурин дугуйн дасгалын талаар бид юуг заавал мэдэж байх ёстой талаар дэлгэж байна

Эрүүл амьдралын хэв маяг, төгс бие галбирыг олж авахын бид эрэл хайгуул хийсээр л байгаа. Яг ямар дасгал булчин хөгжүүлэхэд илүү үр дүнтэй байна, хаана, юу хийвэл хурдан жин хасах вэ, яаж хоолловол булчингийн масс нэмэх вэ гэх мэтчилэн олон асуултууд ар, араасаа ундарсаар байдаг. Үүн дээр нэмээд ямар төрлийн дасгал хийвэл хурдан залхаж, уйдахгүй, тууштай байж чадах вэ гэдэг бол олон хүний хувьд их чухал асуудал юм. Үнэнийг хэлэхэд, ямар нэг төрлийн спорт эсвэл фитнессээр хичээллэхэд, урам зориг, сонирхолтой байдал огт чухал биш. Яагаад гэвэл хэсэг хугацааны дараа таны сонирхол буурч эсвэл идэвхи, урам зориг тодорхой хэмжээгээр багасах л болно.

Ер нь урам зориг авч дасгал хийж байгаа хүн удаан хугацааны турш тууштай хичээллэх нь юу л бол. Тэгвэл яг юу чухал вэ гэж үү? Мэдээж сахилга баттай байх нь таны жин хасах, булчингаа чангалах, сайхан бие галбиртай байхын гол үндэс юм. Учир нь та өөрийгөө удирдсанаар залхуурч, дасгалаа хийхийг хүсэхгүй байсан ч gym-рүүгээ явах л болно. Энэ нь эцэст нь зуршил болон хувирдаг. Тэгэхдээ дээр хэлсэнчлэн, хүмүүсийг уйдаахгүй, сонирхолтой, эрч хүчтэй хэрнээ биеийг асар хурдан хугацаанд хөгжүүлж чаддаг фитнессийн нэг төрөл бол яах аргагүй спиннинг юм.

Та ямар төрлийн дасгал хийвэл хурдан залхаж, уйдахгүй, тууштай байж чадах вэ?

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг (фото 1)

Спиннинг буюу суурин дугуйн дээрх дасгал

Спиннингийг энгийнээр тайлбарлах юм бол энэ нь дугуйтай аеробик дасгалын нэг хэлбэр юм. Хэрэв танд эхлээд багадаа хийдэг байсан дугуйтай зугаалга төсөөлөгдөж байвал маш том эндүүрэл юм шүү. Энэхүү фитнесийн төрлийг хамгийн анх Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гольдберг 1980-аад оны эхээр АНУ-д дэлгэрүүлсэн. Тэрээр  1993 онд Rolling Stone сэтгүүлд спиннингийг "Хамгийн халуухан дасгал" гэж бичсэнээр бүр ч их түгээмэл болжээ. Ерөнхийдөө спиннинг нь багаар хийдэг эрчимжүүлсэн суурин дугуйт дасгал бөгөөд хүмүүсийн тэсвэр тэвчээр, хүч чадал дээр төвлөрч ажилладаг. Спиннингээр хичээллэж буй хүмүүс тусгай дугуйн студид (одоо бараг бүх фитнесс клубуудэд бий) зориулалтын хүндрүүлэгчтэй суурин дугуйн дээр маш эрчимтэй дасгалуудыг мэргэжлийн багшаар заалгаж, эрч хүчтэй хөгжим дээр хийдэг. Нэг удаагийн хичээл ойролцоогоор 40-45 минут үргэлжилнэ.

Жин хасах уу? Булчин хөгжих үү?

Танд сайхан мэдээ дуулгахад, спиннингээр хичээллэснээр жин ч хасагдана, булчин ч хөгжинө. Үүнээс гадна, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, тэсвэр тэвчээртэй болно. Хэрэв "gym"-д явж байгаа хүмүүс кардио дасгал ба булчин хөгжүүлэх хүчний дасгалуудыг тус тусад нь хийх хэрэг гардаг бол спиннингээр хичээллэгсэд энэ бүгдийг нэгэн зэрэг амжуулдгаараа маш том давуу талтай. Тэгэхдээ давхар булчингаа чангалахын тулд таны хэр их ачаалал авч чадахаас хамаарч мэргэжлийн багш дугуйг тань тусгай налуу байрлалд оруулж, араа хүндрүүлэгчийг нэмж, ачааллыг тохируулж өгнө. Нэг удаагийн спиннингийн хичээл ойролцоогоор 400-600 калори шатааж, биеийн бүх булчинг жигд ажиллуулдаг.

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг (фото 2)

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг (фото 3)

Спиннингийн хичээл хэзээ ч уйтгартай байдаггүй

Зарим хүмүүс маш идэвхтэй фитнессээр хичээллэж эхлээд хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч уйддаг. Тэгвэл спиннингээр хичээллэж байгаа хүмүүс эсрэгээрээ цаг ирэх тутам улам бүр дасгалдаа дуртай болж, дугуйн студи рүүгээ явах цагийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь спиннингээр хичээллэх тусам илүү их эрч хүчийг авах болно. Төрөл бүрийн хөгжмийн хэмнэлд эрчимтэй дасгалуудыг хийснээр аз жаргалын гормон эндорфин ялгарч, сэтгэл санаа сэргэдэг. Тиймээс 45 минутын дасгал хийж дуусахад, танд яг л 20 минут л өнгөрсөн мэт санагдана.

Заавал эмчтэй зөвлөөрэй

Мэдээж та энэхүү фитнесийн төрлөөр хичээллэж эхлэхээсээ өмнө мэргэжлийн зүрх судасны эмчтэй зөвлөх хэрэгтэй. Учир нь спиннинг бол маш эрчимтэй дасгалуудаас бүрддэг ба зүрхэнд маш их ачаалал ирдэг тул эхлээд өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдсэн байх шаардлагатай. Мөн мэргэжилтнүүд хэт их илүүдэл жинтэй хүмүүст спиннингээр хичээллэхийг зөвлөдөггүй.

Фитнес тренд: Хамгийн үр дүнтэй дасгал буюу Спиннинг (фото 4)

цааш үзэх