Хайх

Анхны харц: Apple компани гурван шинэ iPhone танилцууллаа

Анхны харц: Apple компани гурван шинэ iPhone танилцууллаа

iPhone XS, iPhone XS Max, iPhone XR

Text: Г.Тэмүүлэн


Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. Калифорни мужийн Купертино хотоос тус компанийн тэргүүн Тим Кук багийнхаа гишүүдтэй хамт шууд дамжуулалт хийж, цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Apple компани нэгэн зэрэг iPhone XS, iPhone XS Max ба iPhone XR нэртэй гурван шинэ ухаалаг утас олон нийтэд дэлгэлээ.

Хамгийн том, хамгийн бат бөх дэлгэц

Apple компани 5,8 инчийн дэлгэцтэй iPhone XS, хамгийн том буюу 6,5 инчийн дэлгэцтэй iPhone XS Max гэх хоёр шинэ загвараа эхлээд дэлхий нийтэд танилцуулсан байгаа. iPhone XS ба iPhone XS Max загварууд нь зэвэрдэггүй ган болон сайжруулсан бат бөх шилээр бүтээгдсэн бөгөөд Super Retina OLED дэлгэц суурилуулсан байна. Энэхүү хоёр шинэ загвар нь алтлаг (Gold), мөнгөлөг (Silver) ба саарал (Space Grey) гэх гурван өнгийн сонголттой болжээ. Харин iPhone XR загвар нь хөнгөн цагаан эх бие ба LCD дэлгэцтэй бөгөөд шар, улаан, хөх, шүрэн улаан, хар ба цагаан гээд нийт зургаан өнгийн сонголттой.

Илүү хурдан, илүү хүчирхэг чип

Apple компани шинэ ухаалаг утаснууддаа түүхэндээ анх удаа долоон нанометрийн A12 Bionic чип суулгажээ. Энэхүү процессор нь өмнөх А11 чипээс 15% илүү хурдан болсон байна. Шинэчлэгдсэн чипийн тусламжтай аппууд илүү хурдан ажиллахын зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь 40% буурснаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл шинэ ухаалаг утаснууд цэнэгээ илүү удаан барина гэсэн үг юм. Мөн шинэ чип нь утасны дотоод санах ойг 512GB хүртэл нэмэгдүүлжээ.

Сайжруулсан камер

Шинэ утаснуудад 12MP ба 7MP хоёр камер суулгагдсан байгаа. Мөн Apple компанийн инженерүүд ухаалаг HDR систем буюу сүүдэр ба деталиудыг тодотгож, олон кадрыг нийлүүлэн нэг чанартай зураг гаргадаг цоо шинэ технологийг суурилуулжээ. Мөн мэдээж хэрэг хөрөг зургийн горим ч сайжирсан байгаа. Тухайлбал одоо мэргэжлийн "боке" эффект нэмж, арын фоныг бүдгэрүүлж засах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл ухаалаг утсаа ашиглан яг л мэргэжлийн мэт гэрэл зураг дарах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна шинэ утаснуудыг ашиглан стерео дуутай 4К видео бичлэг хийх боломжтой.

Хос сим карт

Apple-ын танилцуулсан бас нэгэн гэнэтийн зүйл нь iPhone XS ба iPhone XS Max утаснуудад хос сим карт дэмждэг үйлдэл нэмэгдсэн явдал байв. Гэхдээ уламжлалт сим картуудыг зөвхөн Хятадын зах зээлд худалдаалах утаснуудад л ашиглах боломжтой. Харин бусад орнуудад хоёр дах сим карт нь виртуал (eSim) хувилбараар нэвтэрнэ.

Хагас бодит орчинд суурилсан (AR) ертөнц

iPhone XS ба iPhone XS Max загваруудад iOS 12 үйлдлийн систем болон ARKit 2.0 программ суулгаснаар шинэ түвшний AR аппуудыг ашиглах боломжтой болжээ. Тухайлбал яг л өндөр зэрэглэлийн консоль тоглоомыг (Blades) утсаараа тоглож, мэргэжлийн тамирчид болоод сонирхогчдод  зориулсан сагсан бөмбөг тоглох чадвар сайжруулдаг апп хэрэглэж (HomeCourt), виртуал эд зүйлсийг бодит орчинд харах гээд маш олон боломжууд нээгдсэн байна.

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Анхны харц: Apple компани гурван шинэ iPhone танилцууллаа (фото 1)

Нийт 64 GB багтаамжтай iPhone XS загвар $999 үнэтэй худалдаанд гарч байгаа бол iPhone XS Max утас нь $1099-оор зарагдаж байна. Эдгээр загваруудыг 2018 оны есдүгээр сарын 14-нөөс эхлэн урьдчилан захиалж болно. Харин iPhone XR загвар нь илүү боломжийн үнээр буюу $749 худалдаалагдах юм. Уг загварын урьдчилсан захиалга 2018 оны аравдугаар сарын 19-нд эхэлнэ.

 

 

цааш үзэх