Хайх

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа

Гурван төрлийн цоо шинэ iPhone

Text: Г.Тэмүүлэн


Хэдхэн цагийн өмнө Калифорни мужийн Купертино хотод Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Энэхүү танилцуулгын үеэр мэдээж хэрэг хүмүүсийн хүсэн хүлээсэн цоо шинэ iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X гэх гурван төрлийн ухаалаг утаснуудыг дэлгэсэн байна

Үнэнч хэрэглэгчдээ маш удаан хугацааны турш хүлээлгэж, олон зуун таамаг цацагдсаны эцэст Тим Кук болон түүний баг Купертино хотод байрлах Apple Park нэртэй шинэ төв оффисоос шууд дамжуулалт хийж, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X гэх гурван төрлийн цоо шинэ загварын ухаалаг утаснуудыг танилцууллаа. Харин одоо эдгээр утаснуудыг илүү дэлгэрэнгүй харцгаая.

iPhone 8, iPhone 8 Plus

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 1)

Сайжирсан дэлгэц, шилэн дизайн

Ус нэвтэрдэггүй, хагас шилэн дэлгэцтэй (эх биеийн арын хэсгийг шилээр бүтээсэн) цоо шинэ загварууд мөнгөлөг (Silver), алтлаг (Rose Gold), хар саарал (Space Gray) гэх гурван төрлийн өнгөний сонголттойгоор танилцуулагдсан байгаа. iPhone 8, iPhone 8 Plus утаснууд 4,7 ба 5,5 инчийн Retina HD дэлгэцтэй болсон байна. Үүнээс гадна Apple компани энэ удаад iPhone 8 утаснууддаа "True Tone" гэх шинэ технологийг суулгаж өгчээ. "True Tone" технологи нь гаднах орчны гэрэлтүүлгээс шалтгаалан дэлгэцийн өнгийг автоматаар тохируулдаг онцлогтой юм.

Шинэчлэгдсэн камер

Нийт 12 мегапикселийн камертай шинэ iPhone утаснууд 4K нарийвчлалтай видео хийх боломжтой болсон байна. Мөн Apple-ын инженерүүд "Portrait Lighting" гэх шинэ үйлдэл суулгасан байгаа. Энэхүү үйлдлийн тусламжтайгаар iPhone 8, iPhone 8 Plus утаснууд таны хөрөг зургийг авахдаа хиймэл оюун ухаан ашиглан, нүүрний хэлбэрийг тодотгож, өнгөний чанарыг сайжруулах юм.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 2)

Хүчирхэг процессор

Шинэ загварын ухаалаг утаснууд дотроо iPhone-ы түүхэнд бүтээгдсэн хамгийн хүчирхэг процессорыг суулгасан байна. Тодруулбал iPhone 8 ба iPhone 8 Plus загварууд нь цоо шинэ А11 Bionic чиптэй болсон байгаа. Уг процессор нь өмнөх А10 чипээс 70%-иар илүү хурдан ажиллах чадвартай юм.

Хагас бодит орчинд суурилсан технологи

Apple компани мөн л түүхэндээ анх удаа хагас бодит орчинд суурилсан технологийг (AR) iPhone утсанд нэвтрүүлсэн байна. Жишээ нь та утсаа тэнгэрт чиглүүлэхэд дэлгэц дээр оддын байршил автоматаар харагдах болно. Эсвэл спортын тэмцээн үзэж байхдаа багийн гишүүдийг талбайн аль хэсэгт явж байгааг ч харах боломжтой. Гайхалтай биш гэж үү? Мөн Тим Кук ба түүний баг танилцуулгын үеэр The Machines гэх хагас бодит орчинд суурилсан цоо шинэ тоглоом танилцуулсан байгаа.

Утасгүй цэнэглэгч

Шинэ iPhone утасгүй цэнэглэгчтэй болсноор маш удаан хугацааны турш яригдсан цуурхал батлагдаж байна. Энэ удаад Apple бусад олон ухаалаг утас үйлдвэрлэгч компаниудын ашигладаг "Qi Charging" гэх технологийн тусламжтайгаар шинэ iPhone-ыг утасгүй цэнэглэх боломжтой болгожээ. Гэхдээ Apple компанийн энэхүү утасгүй цэнэглэгч нь iPhone, Apple Watch, AirPods гээд нэгэн зэрэг олон төхөөрөмж цэнэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 3)

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Бидний анхаарлыг хамгийн ихээр татаж байсан бас нэг зүйл бол шинэ утасны үнэ байсан юм. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд iPhone 8 ухаалаг утас багтаамжаасаа хамаараад $1,200 үнэтэй худалдаанд гарах магадлалтай хэмээн мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэ таамаг худлаа болох нь батлагдлаа. Тодруулбал 64GB багтаамжтай iPhone 8 утас $699 үнэтэй бол ижил багтаамжтай iPhone 8 Plus загвар $799-оос эхлэх юм. Эдгээр хоёр загварыг есдүгээр сарын 15-аас эхлэн урьдчилан захиалах боломжтой. Харин үүнээс долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 22-нд шинэ загварууд албан ёсоор худалдаанд гарна.

 

iPhone X

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 4)

Тийм ээ, iPhone 8 загвараас гадна, Тим Кук бидэнд бас нэгэн онцгой зүйл бэлдсэн. Тэрээр "ухаалаг утасны ирээдүй" гэгдэх цоо шинэ iPhone X (iPhone 10 гэж дуудагдана) нэртэй ухаалаг утсыг танилцуулсан байгаа. Хэрэв iPhone 8 загварыг өмнөх iPhone 7 утасны шинэчлэгдсэн хувилбар гэж нэрлэж болох бол iPhone X нь үнэхээр гар утасны салбарт хувьсал хийх цоо шинэ бүтээл болоод байна. Харин одоо iPhone X загвар юугаараа онцлог болохыг харцгаая.

Цоо шинэ дизайн

Бат бөх, зурагддаггүй шилээр бүтээгдсэн iPhone X загвар нь бараг хүрээгүй бөгөөд нүүрэн талыг нь бүхэлд нь дэлгэц эзэлжээ. Их бие нь ус нэвтэрдэггүй байхаар хийгдсэн энэхүү утас нь мөнгөлөг (Silver) ба хар саарал (Space Gray) гэх хоёр өнгийн сонголттойгоор худалдаанд гарах болно.

Super Retina дэлгэц

Super Retina гэж нэрлэгдээд байгаа 5,8 инчийн OLED дэлгэц нь 2436 х 1125 нарийвчлалтай гэдгээрээ бусад iPhone-уудын дэлгэцээс хамгийн өндөр нягтаршилтай болжээ. Мөн энэхүү дэлгэц нь Dolby Vision болон HDR10 технологийг дэмжин ажилладаг байна.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 5)

Home товчлуур, хурууны хээ уншигч баяртай!

Бидний таамаглаж байснаар Home товчлуур үгүй болжээ. Хэрэглэгчид одоо Home товчлууруудын оронд зүгээр л дэлгэцийг дээрээс нь доош "swipe" хийхэд л хангалттай.

Face ID

Харин ухаалаг утасныхаа түгжээг тайлахын тулд хурууны хээ уншигч бус харин нүүр царайгаа ашиглана. Face ID гэх шинэ систем нь таны нүүр царайг таньж, утас руу тань нэвтрүүлэх бөгөөд үүний тусламжтайгаар мөн Apple Pay aшиглан төлбөр тооцоо хийх боломжтой. Хэрэв өмнө нь хурууны хээ уншигчаар (Touch ID) өөр хэн нэгэн хүн таны утас руу нэвтрэх магадлал 50,000-д нэг удаа тохиолдох эрсдэлтэй байсан бол, Face ID энэ тоог 1 сая-д нэг болгон бууруулсан байгаа.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 6)

Аниможи

Face ID системийг бас нэгэн сонирхолтой аргаар ашиглах боломжтой. Хүмүүс энэхүү системийн тусламжтайгаар нүүрний хувирлыг давтан харуулах 3D, анимэйшн эможи буюу аниможи бүтээх боломжтой боллоо.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 7)

Үнэ ба худалдаанд гарах хугацаа

Нийт 64GB багтаамжтай iPhone X ухаалаг утас $999 үнэтэйгээр худалдаанд гарах болно. Энэхүү загварыг аравдугаар сарын 27-оос эхлэн урьдчилан захиалах боломжтой бөгөөд арваннэгдүгээр сарын 3 гэхэд хэрэглэгчдийн гарт очих юм байна.

Анхны харц: Apple компани iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X ухаалаг утаснуудыг танилцууллаа (фото 8)

цааш үзэх