Хайх

Анхны харц: Samsung Galaxy S9

Илүү дэвшилтэт камер, хагас бодит орчинд суурилсан эможи, шинэчлэгдсэн Bixby болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Анхны харц: Samsung Galaxy S9

Хэдхэн цагийн өмнө Барселона хотод зохион байгуулагдсан дэлхийн гар утасны хамгийн том үзэсгэлэн болох "Mobile World Congress" арга хэмжээний үеэр Samsung компани Galaxy S9 ба Galaxy S9+ ухаалаг утаснуудаа албан ёсоор танилцууллаа.

Яг нэг жилийн өмнө Samsung ухаалаг утасны зах зээл дээрх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг Galaxy S8 загварыг танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл тэд энэ удаад энэхүү ухаалаг утсаа шинэчилж, бага зэргийн өөрчлөлтүүдийг оруулсан байна. Ингээд шинэ Samsung Galaxy S9 ямар болсныг харцгаая.

Гаднах дизайн

Хэрэв өнгөний сонголт болон хурууны хээ уншигчийн байрлалыг сольсныг тооцохгүй бол Samsung компани Galaxy S9 загварын гаднах дизайнд эрс өөрчлөлт оруулаагүй байна. Galaxy S8 утсанд хурууны хээ уншигч нь хойд камерын хажууд байрлаж байсан бол шинэ загварт энэхүү үйлдлийг хийхийн тулд камерынхаа доод хэсэгт хуруугаа уншуулах хэрэг гарна. Ингэснээр тэд өмнө нь хурууны хээ уншуулах үед давхар камер бохирддог байсан сул талыг арилгаж байгаа юм.

Анхны харц: Samsung Galaxy S9 (фото 1)

Шинэчлэгдсэн камер

Шинэ үеийн Galaxy-гийн хамгийн том шинэчлэлт нь утасны камерт хийгдсэн байгаа. Тодруулбал энэхүү ухаалаг утсанд хос өрц (F1.5 ба F2.4) бүхий шинэ линзийг нэвтрүүлжээ. Ингэснээр S9 ба S9+ загваруудын 12 мегапиксель бүхий ар талын камер нь хурц нартай өдрийн гэрэлд (жишээ нь далайн эрэг дээр) маш сайн чанарын зураг авах боломжтой гэсэн үг юм. Мөн үүнээс гадна шинэчлэгдсэн камер нь секундэд 960 кадрын хурдтай, 720p чанартай удаашруулсан (slow-motion) видео бичих чадвартай болсон байна.

Анхны харц: Samsung Galaxy S9 (фото 2)

AR эможи

Сүүлийн үед танилцуулагдаж байгаа ухаалаг утаснууд хагас бодит орчинд суурилсан (AR) эможиг нэвтрүүлэх болсон. Тэгвэл Samsung компани энэхүү технологийг цоо шинэ түвшинд хүргэж байна. Одоо хэрэглэгчид Galaxy S9 утасны тусламжтайгаар өөрийн 3D анимэйшн хувилбарыг бүтээх боломжтой болжээ. Ингээд ч зогсохгүй та хагас бодит орчинд суурилсан өөрийнхөө анимэйшн хувилбарыг төрөл бүрийн хувцас, үсний засалт, аксесуараар чимж болно.

Анхны харц: Samsung Galaxy S9 (фото 3)

Сайжруулсан Bixby

Samsung-ийн ухаалаг туслах Bixby энэ удаад хэд, хэдэн шинэ чадварыг "сурчээ". Тухайлбал Bixby одоо шууд орчуулга хийж, камерын тусламжтай таны идэх гэж буй хоолны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч (илчлэг, тэжээллэг чанар), мөн Nordstorm, Sephora гэх зэрэг томоохон компаниудаас шууд онлайн худалдан авалт хийх боломжтой.

Анхны харц: Samsung Galaxy S9 (фото 4)

Үнэ

Харин үнийн хувьд 5,8 инчийн дэлгэцтэй Galaxy S9 загвар нь 719 ам.доллараас эхэлж байгаа бол 6,2 инчийн дэлгэцтэй Galaxy S9+ утас нь 839 ам.доллараар худалдаанд гарч байна. Урьдчилсан захиалга 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхэлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх