Хайх

Apple компани улаан өнгөтэй iPhone 8 ба iPhone 8 Plus худалдаанд гаргалаа

Apple компани улаан өнгөтэй iPhone 8 ба iPhone 8 Plus худалдаанд гаргалаа

Сайн үйлсийн аяны хүрээнд

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани улаан өнгийн iPhone 8 ба iPhone 8 Plus загварын утаснуудаас бүрдсэн PRODUCT (RED) гэх тусгай цувралыг танилцуулсан байна. Эдгээр шинэ загварын ухаалаг утсыг Apple компани ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг PRODUCT (RED) гэх байгууллагатай хамтарч сайн үйлсийн аянд зориулан бүтээжээ. Энэхүү төслийн хүрээнд шинэ утасны борлуулалтаас олсон орлогын тодорхой хувийг ДОХ-той тэмцэх олон улсын санд хандивлах болно.

PRODUCT (RED) цувралд багтсан iPhone 8 бa iPhone 8 Plus утаснууд нь тод улаан өнгийн шилэн эх биетэй зохион бүтээгдсэнээрээ онцлог болж байгаа юм. Харин бусад техникийн үзүүлэлтүүд нь яг л iPhone 8 загвартай ижил байна. Жишээ нь Retina HD дэлгэц, 12 мегапикселийн камер, утасгүй цэнэглэх үйлдэл зэрэг нь бүгд шинэ загварт суулгагдсан байгаа.

"Бид PRODUCT (RED)-ийн үйл ажиллагааг дэмжиж байгаадаа үнэхээр их бахархаж байна. Энэхүү тод өнгийн iPhone нь манай худалдан авагчдын хувьд ч онцгой бүтээл байгаасай гэж бид хүсч байгаа" хэмээн Apple компанийн бүтээгдэхүүний маркетингийг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жозвиак хэлжээ.

Apple компани хоёр шинэ утаснаас гадна, iPhone X загварт зориулсан улаан өнгөтэй "Folio" нэртэй арьсан гэр худалдаанд гаргаж байна. Apple зөвхөн ухаалаг утас төдийгүй, аксесуараас олсон орлогын тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулахаар төлөвлөсөн байна. Бүр тодруулбал тэд ДОХ-ын вирус тээгчдэд шинжилгээ өгч, зөвлөгөө авахад нь мөн эмчилгээ хийлгэхэд нь туслах болно. Үүнээс гадна энэхүү төсөл нь ДОХ-ын вирус эхээс хүүхдэд халдварлах арга замыг зогсоох тал дээр онцгой анхаарал хандуулах юм.

PRODUCT (RED) цувралд багтсан iPhone 8 ба iPhone 8 Plus загваруудыг та өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой. Харин 2018 оны дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн улаан өнгийн шинэ утаснууд нь Apple компанийн албан ёсны дэлгүүрүүдэд худалдаалагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх