Хайх

DJI компани ухаалаг утасны хэмжээтэй шинэ дрон танилцууллаа

DJI компани ухаалаг утасны хэмжээтэй шинэ дрон танилцууллаа

DJI Mavic Air

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн дроны зах зээлд ноёрхлоо тогтоож чадсан Хятадын DJI компани өөрсдийн бүтээгдэхүүний нэр төрлийг дахин тэлж байна. Тодруулбал тэд өчигдөр DJI Mavic Air нэртэй шинэ дроноо танилцуулжээ. DJI Mavic Air загвар нь ердөө 430 г жинтэй бүтээгдсэн бөгөөд дроны сэнсийг хураахад томоохон халаасанд багтах болно. Мөн гаднаас нь харахад дроны эх бие ухаалаг утастай ижил хэмжээтэй болжээ. Ерөнхийдөө энэхүү шинэ загварын дрон нь авсаархан, хэрэглэхэд хялбар дизайн ба дэвшилтэт технологийг нэгтгэж чадсан бөгөөд өмнө нь гарч байсан DJI Spark болон DJI Mavic Pro дронуудыг хослуулсан төхөөрөмж болж байгаа юм.

Техникийн үзүүлэлтийн хувьд DJI Mavic Air загвар нь секундэд 30 кадр дамжуулах чадвартай 4K камер болон 12 MP ба 32 MP (панаром) чанартай зураг авах боломжийг өөртөө агуулсан байгаа. Мөн мэдээж хэрэг төхөөрөмжийг гарын хөдөлгөөнөөр удирдах боломжтой тул дроныг хөөргөж, буулгахад бүр ч амар байх болно. Уг дрон нь нийт 21 минут тасралтгүй нисэх чадвартай атлаа өмнөх загварууд шиг хэт халдаггүй гэдгээрээ маш том давуу талтай болж байна. Үүнээс гадна DJI Mavic Air дроны үндсэн багтаамж нь 8 GB хүрдэг тул хэрэглэгчид заавал нэмэлт SD карт худалдаж авах шаардлагагүй юм.

DJI Mavic Air дрон 2018 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн 799 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

цааш үзэх