Хайх

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад

Сан-Франциско хотод

Text: Г.Тэмүүлэн


Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Google компани өчигдөр Сан-Франциско хотод цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа. Тодруулбал компани хоёр шинэ ухаалаг утас, ухаалаг дуу өсгөгч, зөөврийн компьютер, утасгүй чихэвч болон бусад эд зүйлсийг албан ёсоор олонд дэлгэсэн юм. 

Pixel 2, Pixel 2 XL

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 1)

Google энэхүү арга хэмжээний үеэр өнгөрсөн жил худалдаанд гарсан Pixel загварынхаа шинэчилсэн хувилбарыг дэлгэсэн юм. Энэхүү ухаалаг утас нь таван инчийн дэлгэцтэй Pixel 2 ба зургаан инчийн дэлгэцтэй Pixel 2 XL гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгдсэн байгаа. Гэхдээ шинэ ухаалаг утасны хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь 12,2 мегапикселийн хүчирхэг камер юм. Мөн энэ удаад боловсруулагчид чихэвчний оролтыг алга болгожээ. Pixel 2 загвар $649-оос эхэлж байгаа бол, Pixel 2 XL хувилбар нь $849 үнээр худалдаанд гарах аж.

Google Home Mini

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 2)

Google Home Mini бол тус компанийн Amazon компанийн алдарт Echo Dot төхөөрөмжинд барьж буй хариу гэж хэлж болно. Google Home Mini нь дотроо Google Assistant програм суулгасан бөгөөд Google Home ухаалаг спикерийн жижигрүүлсэн хувилбар болж байгаа юм. Хувийн туслахын үүрэг гүйцэтгэдэг энэхүү дуу өсгөгч нь "шүр", "нүүрс", "манан" гэсэн гурван өнгийн сонголттой ба ердөө $49-ын үнэтэй юм байна.

Google Home Max

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 3)

Хэрэв таны хувьд Google Home Mini хэт жижиг хэмжээтэй санагдаж байвал та анхаарлаа Google Home Max-д хандуулаарай. Уг төхөөрөмж нь Google Home ухаалаг дуу өсгөгчөөс 20 дахин хүчирхэг гэдгээрээ онцлог болж байна. Google Home Max дуу өсгөгч нь $400 үнэтэйгээр ирэх арванхоёрдугаар сард худалдаанд гарна.

Pixelbook

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 4)

Pixelbook нь нэг дор таблет болон зөөврийн компьютерийг нэгтгэсэн бүтээгдэхүүн болсон юм. Энэхүү компьютер нь 360 хэм эргэх чадвартай, 12,3 инчийн дэлгэцтэй. Мөн ердөө л нэг кг хүрэхгүй жинтэй ба 10 мм зузаан тул хаана ч ашиглахад тохиромжтой байх болно. Түүнчлэн Google Chrome үйлдлийн системээр ажилладаг энэхүү авсаархан төхөөрөмж нь нийт 10 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай аж. Pixelbook зөөврийн компьютерийг яг одоо $999-оор урьдчилан захиалж болно.

Daydream View

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 5)

Өнгөрсөн жил Google компани Daydream View нэртэй виртуал нүдний шил танилцуулж байсан билээ. Тухайн үед уг төхөөрөмж нь зөвхөн Pixel гар утастай холбогдож, 25 апп л ашиглах боломжтой байсан. Тэгвэл одоо Google энэхүү виртуал бодит байдалд суурилсан төхөөрөмжөө шинэчилж, Daydream View Pixel, Pixel 2, Samsung Galaxy S8, S8 Plus, Note 8 ухаалаг утаснуудтай холбогдон ажиллах боломжтой болгожээ. Түүнчлэн шинэ хувилбар нь "шүр", "нүүрс", "манан" нэртэй гурван өнгийн сонголт бүхий амьсгалдаг, зөөлөн материалаар бүтсэн эх биетэй байх юм. Та энэхүү төхөөрөмжийг энэ оны сүүлээр $100-ын үнээр худалдан авах боломжтой.

Pixel Buds

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 6)

Google компани Pixel Buds нэртэй утасгүй чихэвчээ танилцуулсан байгаа. Pixel Buds чихэвч нь Google Assistant програмтай холбогдон ажилладаг бөгөөд дотроо Google Translate суулгаж өгсөн тул 40 орны хэл дээр шууд орчуулга хийдэг гэдгээрээ маш том давуу талтай болжээ. Pixel Buds чихэвчийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн $160 төлснөөр худалдан авч болно.

Google Clips

Google цоо шинэ төхөөрөмжүүд танилцууллаа: Pixel 2, Google Home Mini, Pixelbook ба бусад (фото 7)

Мэдээж хэрэг Pixel 2 ухаалаг утас гайхалтай зургуудыг дарах чадвартай. Гэхдээ үүний тулд та заавал өөрөө утасныхаа камерыг асаан, зургаа дарах шаардлага гарна. Тэгвэл Google Clips гэх энэхүү камер нь хиймэл оюун ухаан ашиглан, хамгийн тохиромжтой агшинг тааруулан автоматаар зураг дарж видео бичлэг хийдэг байна. Үүний дараа уг төхөөрөмж нь Wi-Fi сүлжээнд холбогдон, дарсан зураг болон видеогоо автоматаар таны ухаалаг утас руу шилжүүлнэ. Google Clips камер нь $249 үнэтэй ба Google компанийн мэдэгдсэнээр тун удахгүй худалдаанд гарах гэнэ.

цааш үзэх