Хайх

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч

Хаашаа амжиж очих вэ?

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч
Муу мэдээ гэвэл зун дуусч байна. Тэгэхдээ наймдугаар сарын сүүлчийн долоо хоногт хүссэнээрээ амрах боломж бий. За ингээд бид таны аяллын төлөвлөгөөнд зориулж хүмүүсийн тэр бүр очоод байдаггүй таван газрыг санал болгоё

Зуны сүүлийн нар: Батуми, Гүрж

Батуми бол романтикуудын сонголт юм. Өөрөөр хэлбэл, нар жаргахыг харангаа өнгөрч буй зуны төлөө хундага саперави эсвэл ркацители дарс өргөж болно. Мөн хотоор аажуухан зугаалах хэрэгтэй. Аджара мужийн нийслэлд үзэх, харах зүйл олон бий. Хотын гудамжинд Зөвлөлтийн архитектурын амбицаар барьсан барилгууд хувьсгалын үеийн өндөр байшингуудтай зэргэлдэн оршино. Харин эрэг дагуу долоон км үргэлжлэх Шинэ өргөн чөлөөгөөр дугуйтай зугаалсан нь дээр. Хотын амьдралыг дээрээс буюу кабел утсан замаар явж байхдаа харах хэрэгтэй. Өндөр дээр гарахад Аджара мужийн уул ба хотын боомтын дүр зураг гайхалтай харагддаг.

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч (фото 1)

Гайхамшигт тав: Чинкве Терре, Итали

Италийн таван тосгон нийлээд Газар дундад тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг болох Чинкве Терре үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгодог. Энд чимээгүй, меланхолик хүмүүст таалагдах бүх зүйл бий. Жишээ нь нам гүн далайн эрэг, халдашгүй хадан хавцлууд, сунжирсан уулын жим ба тосгодын дунд орших асар том хоёр булан энд байдаг. Эрүүл амьдралын хэв маяг баримтлагчдад ч тохирно. Учир нь жижиг хотхонуудын хооронд алхаж явсан нь хамгийн тохиромжтой. Харин хамгийн дөт зам таван км үргэлжлэх тул яг л спорт алхаа хийж байгаа мэт санагдах болно. Тэгэхдээ бид танд яарахгүй байхыг зөвлөе. Учир нь замд тань заавал үзэх ёстой хэд, хэдэн газрууд тааралдана. Жишээ нь Капуцины сүм, Нептуны хөшөө, уул руу эгц өгсөх Лардарины шат гэх мэт гайхамшигт зүйлс таны нүд, сэтгэл хоёрыг баясгах болно шүү.

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч (фото 2)

Адриатын тэнгисийн эрдэнэ: Дуррес, Албани

Албани улсын хоёр дах том хот ромчууд, венецичүүд, Османы эзэнт гүрний эрх баригчид гээд үзээгүй эзэн бараг байхгүй. Тиймээс Дурресын газар нутаг дээр эхлээд ромын усан сан, амфитеатр, усны суваг бий болж, дараа нь базилика ба мечет сүм үүссэн. Өөрөөр хэлбэл, нэг дороос маш олон түүхэн дурсгалт газруудыг энд үзэж болно. Харин түүх соёлын газраас илүү наранд биеэ шарах хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд, нарс модоор хотоос тусгаарлагдсан наран шарлагын газар ч бий. Адриатын тэнгисийн нөгөө талд орших Италийн хотуудтай харьцуулбал, энд илүү тайван, хямд ба урьдчилан тааварлашгүй.

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч (фото 3)

Гэнэтийн даруухан: Кабанаш-де-Тавира, Португали

Далайгаас тасарсан байдал ба эртний цайзуудаар хүрээлэгдсэн энэхүү дүүрэг нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй Португалиас огт өөр харагдана. Энд ямар ч чимээ шуугиантай далайн эргийн хөвөө, тусгай тоноглогдсон наран шарлагын газрууд байхгүй. Үүний оронд гүехэн усан дээр алхаж, оройн хоолондоо хясаа түүж болох юм. Харин өглөө нь нутгийн загасчидтай далайд гарч болно. Энд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр ирэх хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед жуулчид бараг байдаггүй бөгөөд та арлын эргээр ганцаараа зугаалах боломжтой. Тэгэхдээ айх хэрэггүй дээ, арлын төв хэсэг рүү нэг минутын дотор л хүрнэ.

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч (фото 4)

Хойд зүгт: Сопот, Польш

Хүмүүс Балтын тэнгисийн эрэг рүү уламжлалт амралт хайж явдаггүй. Польшийн Сопот хот нь далайн эрэг дээр наранд биеэ шарах дуртай хүмүүст биш харин удаан алхаж, урлаг соёлыг илүүд үздэг хүмүүст тохиромжтой. Урлагт дуртай хүмүүс Ойн дуурийн театр луу явах хэрэгтэй. Энэхүү театр нь тун удахгүй 107 насныхаа ойн баярыг тэмдэглэх гэж байгаа бөгөөд тэнд домогт Вагнераас авахуулаад орчин үеийн уран бүтээлчдийг ч сонсч болно. Уг театрыг зүгээр ч нэг Ойн театр гэж нэрлээгүй ба таны таамаглаж байгаачлан ой модоор хүрээлэгдсэн юм. Тэгвэл энэхүү ой мод руу тусад нь нэг өдөр гаргаж байгаад заавал очиж үзэх хэрэгтэй. Ой модны жимээр явсаар хотод хүрнэ. Эндээс та домогт архитектор Шотинский ба Залевский нарын алдарт "Муруй байшин"-г харж болно. Тийм ээ, энэ бол зүгээр л худалдааны төв ч гэсэн үнэхээр сонирхолтой харагддаг юм шүү.

Арай оройтоогүй байна: Далайн эргийн аяллын сүүлийн хөтөч (фото 5)

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх