Хайх

Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ?

Хэрэгцээт

Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ?
Аялалд гарахдаа хүмүүс ямар нэгэн зүйлийг заавал мартсан байдаг. Их хотоор хөлийн улаа эргэтэл алхах, далайн эрэгт юунд ч санаа зоволгүй нарлах эсвэл ой модоор явган аялахдаа авч явах хамгийн хэрэгтэй зүйлсийг харцгаая

Зарим хүний хувьд мартах гэдэг гэм биш зан байдаг. Дээр нь монголчууд бид аливаа зүйлийг цагийг нь тулгаж шийдэх дуртай болохоор "Очоод л худалдаад авчихна" гэж тооцоолсон зүйлс бүтэлгүйтэх үе бишгүй гардаг. Жишээ нь далайн эрэгт очлоо гэхэд үнэндээ ихэнхи ресортуудад бикини худалддаг дэлгүүр байдаггүй. Мэдээж зарим зүйлсийг очсон газраасаа авч болох ч гэлээ аяллын цүнхээ өөрт хэрэг болох зүйлсээр дүүргэн явснаар та сэтгэл хангалуун амрах бас нэгэн нөхцөл бүрдүүлнэ шүү.

Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ? (фото 1)

Далайн эргийн амралт:

Бид далайн эргийн амралт руу мэдээж биеэ наранд шарж, Д амин дэмээ нөхөхөөр явдаг шүү дээ. Халуун зуны улирлыг зорьж байгаа тул хамгийн хөнгөн, нимгэн хувцаснуудаа цуглуулан баглахаас гадна мөн мартаж болохгүй хэдэн зүйлс байгааг сануулъя. Өөрийн биед сайхан зохицсон бикини эсвэл усны хувцсыг дор хаяж хоёрыг авч явах хэрэгтэй. Өдөр бүр нэг л бикини өмсөх нь уйтгартай шүү дээ. Бие болон нүүрийг жигд борлуулан, түлэгдэхээс хамгаалах SPF өндөртэй, усны хамгаалалттай нарны тосоо заавал өөрийн арьсанд тохируулан сонгон зэхээрэй. Мөн нарны гэрэлд үс гандаж, хуурайшдаг учраас малгай ч бас хэрэгтэй. Далбагар бүрх малгай таныг загварлаг харагдуулахаас гадна хурц нарны гэрлээс нүдийг тань хамгаална. Гэсэн ч мөн нарны шилийг бүрэн орлож чадахгүй л болов уу. Элс, усаар хүрээлсэн далайн эрэгт сандаал эсвэл углааш өмсөх нь илүү амар, эвтэйхэн байх болно. Гэвч далайн эргийн ихэнхи амралтын газрын баар болон ресторан үдшийн цагаар богино шоорт, сандаал зэрэг задгай хувцас өмсөхийг таашаадаггүй тул балерина, мокасин зэрэг битүү гутлаа авч явахаа мартуузай. Гар утсандаа доргилт болон уснаас хамгаалах гэр авч явах нь таныг хаана ч зураг авч, бичлэг хийх боломжоор хангана.

Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ? (фото 2)

Уул, устай байгальд аялах:

Уул усаар их явж хол замыг туулах тул үүргэвчээ хамгийн хөнгөн хэрнээ хамгийн хэрэгтэй зүйлсээр дүүргээрэй. Зуны халуун өдөр аялалд гарсан ч ус, салхи нэвтрүүлдэггүй урт өмд, ханцуйтай цамц өмсөх нь оновчтой байх болно. Хөдөө хээр, эсвэл уулын оройд салхитай, хүйтэн байдаг шүү дээ. Үүргэвчинд заавал байх зүйл бол мэдээж анхны тусламжийн хайрцаг. Шархны наалт, шавьж, хорхойнд хазуулахаас сэргийлэх тосон түрхлэг эсвэл цацлагыг авч явахад буруудахгүй. Саравчтай малгай, нарны шил зэрэг зүйлс мэдээж хэрэг болно. Мөн авч явах зайлшгүй хэрэгтэй зүйлс бол ямар ч чийгтэй үед найдвартай асах асаагуур, гар чийдэн, дуран гурав юм. Гэгээ тасарсан үед холын зайн тусгалтай гар чийдэн үдшийн гэрэл зургийг ч сайхан чимэх хэрэгсэл болдог. Тэд мөн усан доторхыг тунгалаг харагдуулдаг болохоор шинээр нээж буй байгалийн гоё сайхныг илүү тод мэдрэхэд туслана. Дээр нь гар утас, камер зэргээ цэнэглэх нэмэлт зай, зай хураагуурыг ч бас мартаж болохгүй. Ой мод, уулаар аялах үедээ ус цэвэршүүлэгч шүүлтүүртэй усны савтай яваарай. 

Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ? (фото 3)

Их хотоор зугаалах:

Том хотоор зугаалахдаа өдрийн турш гадуур явах ба өөрт хэрэгтэй зүйлсээ буудалдаа мартсан тохиолдолд буцаж очиж авч цаг алдах болдог. Тэгэхээр урт өдрийн өмнөхөн авч явах зүйлсээ сайтар бэлдэн гарвал цаг болон хүчээ хэмнэнэ. Хамгийн түрүүнд хувцаслалтандаа анхаараарай. Олон газраар явж, их юм үзэх учир биед эвтэйхэн хувцас, гутал сонгоорой. Халуунд тайлж, хүйтэнд өмсөхөөр давхар цамц эсвэл хүрэм авч явах. Эсвэл нимгэн, том ороолт ч цүнхлээд гарч болох юм. Ингэснээр хүйтэн агааржуулагчтай газар нөмөрч, халуун хүйтэн харшлан ханиад хүрэхээс сэргийлнэ. Их алхаснаас үүдэн хөл хөөдөг учраас шинэ гутал өмсөлгүй, хамгийн эвтэйхэн өмсөж дассан гутлаа өмсөөрэй. Xамгийн дотны хэрэглээ болсон гар утасныхаа газрын зурагтай аппуудтай харилцаж сурах хэрэгтэй. Интернет байхгүй үед ч хэрэглэж болдог хувилбарыг гар утсандаа татсан байх нь таныг ямар ч үед төөрч, будилахаас сэргийлнэ. Дээр нь гар утсандаа тухайн хотын тухай хөтөч апп суулгаж, аль газар хэдэн цагт очвол илүү тохиромжтойг мэдснээр цагаа төлөвлөх боломжтой. Мөн эвхэгддэг, авсаархан шүхэр авч гарснаар хурц нар болон гэнэтийн борооноос хамгаална.

 

Б.Амина

  • Зураг: Murad Osman

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх