Хайх

Аяллыг амттай болгох таван \"Апп\"

Аяллыг амттай болгох таван "Апп"

Одтой, шувуутай, мөөгтэй, зурагтай, эрүүл аялалд зориулав

Text: Ж.Чинбат


Мэдээж та аялалд явахдаа камертай, бас хангалттай цэнэгтэй ухаалаг төхөөрөмжүүдээ авч яваа биз ээ. Тэгвэл таны аялалыг урд өмнөхөөс илүү зугаатай болгох апп-уудыг бид санал болгож байна

 

Аяллыг амттай болгох таван "Апп" (фото 1)

Хортой мөөгнүүд баяртай
Mushroom Master
Үнэ: 2,9$

Уулс манангаар биеэ хучих цагт аялал, амралтын алинд ч мөөг түүх бол гайхалтай сайхан зугаа байдаг. Харин та сагсандаа ухаалаг утасныхаа нөөц тэжээлийг авч явахаа мартуузай. Монголд ургадаг 375 зүйл /28 овгийн, 136 төрөл/ мөөгний аль нь хоргүй, хүнсэнд хэрэглэж болохыг мэдэхгүйгээс болж олон сайхан мөөгний хажуугаар зүгээр тойроод өнгөрч болно гэж үү. Танд Mushroom Master апп мөөгний талаар зураг, текст бүхий дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба интернетгүй үед хэрэглэж болно. Мөн та мэдлэгээ эргэн сорьж болох хөгжилтэй таавруудыг энэ апп өөртөө багтаасан. Зөв мөөгөө таниад сурчихвал түүнийг өрөмтэй хамт гал дээр хайрч идэх, төрөл бүрийн амтат салат хийх, хатааж хадгалах /хатаасан мөөг 20-30 хувийн уургийн агууламжтай тул мах орлох боломжтой/ гээд зөндөө олон амтат боломжоор та өөрийн эрүүл мэндээ тэтгээрэй.

Аяллыг амттай болгох таван "Апп" (фото 2)

Одот тэнгэрийг ажиглах
Star Chart
Үнэгүй

Огторгуй тэнгэрт байх үй түмэн одноос аль нь таны төрсөн зурхайн орд болохыг та мэдэх үү? Дэлхийн эргэлтийн улмаас шөнийн тэнгэрт оддын байрлал өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн нарыг тойрох дэлхийн эргэлтээс хамаарч жилийн туршид ч оддын байрлал тэнгэрт солигдоно. Энэ бүхнээс үл хамаарч өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ одны ордыг олж, хамгаас тод гялалзагч гялаан оддынх нь тухай мэдмээр байвал Star Chart апп-ыг та ухаалаг төхөөрөмждөө суулгаарай. Апп-ыг нээхэд эхлээд утсаа сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр утас чинь таны байршлыг тодорхойлж, таны дээр байгаа оддын мэдээллийг өгөх болно. Зурхайн ордуудыг хүмүүс хэчнээн уран сэтгэмжээр, гайхалтай сайхан дүрсэлж тогтоосныг эндээс үзээрэй.

Аяллыг амттай болгох таван "Апп" (фото 3)

Мэргэжлийн зурагчин болох уу?

Digital Photographer сэтгүүл
Үнэгүй болон үнэтэй дугаарууд

Дижитал эринд амьдарч буй бид зураг бүрийг илүү тод, илүү зөв зохиомжтой, илүү бүтээлч, шинэлэг байлгахыг хүсдэг. Гар утасны камер хүн бүрийг зурагчин болгож чадсан бол одоо нэмээд апп-ыг нь ашиглаж мэргэжлийн зурагчин болох боломжтой. Байгальд аялаж яваа таны нүдэнд үзэгдэж буй хосгүй сайхан тэнгэрийн өнгө, зэллэж буй шувууд, жаргаж буй нар, гэрэлтэх одод, гэнэт тааралдсан ховор содон амьтад, гэр бүл найз нөхдийн хөгжилтэй мөчийн алиныг ч та мэргэжлийн түвшинд буулгахыг хүсдэг үү? Digital Photographer сэтгүүлийн апп хувилбар танд төгс туслалцаа үзүүлнэ. Тус сэтгүүлийн дугаарууд нь үнэгүй болон худалдан авах хоёр янз бөгөөд гэрэл зургийн бүх төрлөөр шинэлэг гэрэл зураг авах зөвлөгөөнүүдтэй.

Аяллыг амттай болгох таван "Апп" (фото 4)


Шувуучлахуй

Ibird Pro Guide
Үнэ: 14,99$, үнэгүй танилцах хувилбартай

Та аялалын замдаа хэр олон шувуутай тааралддагаа мэдэх үү? Нуурын эрэг дээр, голын шугуйд, ой хөвчид гээд хаа л бол хаана онцгой содон шувуудтай тааралдаж болно. Хамгийн гол нь тэднийг зүсээр нь ялгаж мэдэхгүй, хоолойгоор нь таниж чадахгүй байсан ч түүний тухай илүү ихийг мэдэж яагаад болохгүй гэж. Шувуудгүй байгаль, байгальгүй үр хүүхдийн маань ирээдүй гэж үгүй шүү дээ. Бид танин мэдэж байж гэмээнэ тэднийгээ илүү их хайрлах болно. Энэхүү I bird Pro Guide апп хамгийн үнэтэй апп-уудын нэг байж мэднэ. Түүнд агуулагдаж буй 2500 шувуудын дуу, жиргээ бүхий маш өндөр чанартай зураг, товч ойлгомжтой шинжлэх ухааны тайлбар сэлтийг нь үзэх гэж дэлхий даяар 500 мянган удаа энэ апп-ыг хүмүүс татаж авчээ. Та эхлээд туршаад үзэхийг хүсвэл Ibird Pro Guide Lite буюу үнэгүй, танилцуулга хувилбарыг нь авч болно. Хэдийгээр үүнд бүх шувуудын мэдээлэл байхгүй ч олон төрлийн шувуудтай танилцах боломжтой.

Аяллыг амттай болгох таван "Апп" (фото 5)

Эрүүл мэндийн зөвлөхөө мартуузай
Monos
Үнэгүй

Туршлагатай аялагчид үүргэвчиндээ өөрт хэрэг болж болох эмүүдээ мартана гэж үгүй. Харин ялимгүй гэдэс өвдөх, хүйтэнд даарч хоолой өвдөхөөс эхлээд хамаг сайхан аяллыг тань тавгүйтүүлж болох шалтгаан мундахгүй. Айрагтай, жимстэй, төрөл бүрийн амттантай урт замд тань ямар нэгэн эрүүл мэндийн асуудал тулгарвал утаснаасаа, Монос апп-аас асууж болно. Төрөл бүрийн эмийн тухай болон эрүүл мэндийн олон төрлийг зөвлөгөөг багтаасан энэхүү апп-нь монгол хэл дээр үзэж болдог тул бусад эрүүл мэндийн апп-уудаас илүү онцлоход хүргэлээ.

 

цааш үзэх