Хайх

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд

Жингүйдлийг мэдэрч, сансрын зочид буудалд амрах боломжууд

Text: Ц.Намуун


Ирээдүйд далайн эрэг дээр биеэ наранд шарах нь хүн төрөлхтний дуртай аялал байхаа больж, харин задгай сансарт эх дэлхийгээ ширтэн суух нь хамгийн сайхан аялал болох магадлалтай байна. Бид уншигчиддаа зориулан яг одоо болж буй мөн ирээдүйд болохоор төлөвлөгдөж буй сансрын аяллуудыг тоймлон хүргэж байна.

Нэг өдрийн турш үргэлжлэх тойрог замын аялал

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд (фото 1)
 
Далайн түвшнээс дээш 90 км-ийн өндөрт хөөрч, хамгийн ойр тойрог замд орон хэсэг хугацаанд жингүйдлийг мэдрэх боломжийг Virgin Galactic компани олгож байна. 

Английн бизнес эрхлэгч Ричард Брэнсоний үүсгэн байгуулсан Virgin Galactic компани уг аялалд зориулан Нью-Мехикод дэлхийн хамгийн анхны сансрын нисэх буудлыг энэ жил нээсэн бөгөөд энэхүү аялалд гарахаар 600 гаруй хүн бүртгүүлээд байна. Нэг хоногийн турш үргэлжлэх аяллын үнэ 250,000 ам.доллар ажээ. Virgin Galactic компани цаашид дэлхийн тойрог зам дахь зочид буудал, судалгааны лаборатори луу зорчигчдыг тээвэрлэн, түүнчлэн катапульт буюу харвагч систем ашиглан тив хооронд маш бага хугацаанд зорчих үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн ижил төрлийн аяллыг Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосийн Blue Origin компани ирэх жилээс эхлэн зохион байгуулахаар болжээ. Одоогоор үнийн мэдээлэл тодорхойгүй байгаа ч анхны аялагчид аль хэдийнэ бүртгүүлсэн байна. Blue Origin компанийн зохион бүтээсэн зургаа хүртэлх тооны зорчигчдод зориулсан New Shepherd хөлөг нь жингүйдлийг мэдрэхэд зориулсан том талбайтай өрөө, эх дэлхийг тольдон харах том цонхтой бөгөөд 100 км-ийн өндөрт хөөрч, харин буухдаа шүхрээр зөөлөн газардах ажээ.

Олон Улсын Сансрын Станц дээр байрлах сансрын зочид буудал

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд (фото 2)

Дэлхийн анхны сансрын жуулчин, тербумтан Деннис Титогийн туулсан адал явдлыг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд Space Adventure компани 10 хоногийг Олон Улсын Сансрын Станц дээр өнгөрүүлэх аяллыг санал болгож байна. 1998 оноос хойш тасралтгүй судалгаа шинжилгээний ажил явагдаж буй Олон Улсын Сансрын Станц дэлхийгээс 420 км-ийн зайд байрлах бөгөөд өнөөг хүртэл тэнд хэд хэдэн жуулчид очоод амжжээ. 

2022 онд ОХУ-ын Roscosmos компани ОУСС-ийг зорих жуулчдад зориулан зочид буудал барихаар төлөвлөөд байна. 15 метрийн урттай уг буудалд дасгалын багаж хэрэгсэл, Wifi сүлжээ зэрэг сансарт хэрэг болох бүхий л зүйл байх бөгөөд нэг долоо хоног буудаллах үнэ нь 40 сая ам.доллар аж. Мөн 20 сая ам.доллар нэмэлтээр төлснөөр задгай сансарт алхах боломжтой юм.

Саран дээр өнгөрүүлэх долоо хоног

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд (фото 3)

Орчин цагийн суут ухаантан Элон Маскын үүсгэн байгуулсан SpaceX компани энэ жил Dragon 2 сансрын хөлгөөр хоёр жуулчин саран дээр буулгахаар төлөвлөөд байна. Долоо хоногийн туршид үргэлжлэх уг аяллын үнэ хөлс болоод анхны аялагчдын талаарх мэдээлэл одоохондоо тодорхойгүй байна. Уг аяллын хамгийн сонирхолтой зүйл нь хөлөг онгоц дэлхийн агаар мандлаас гарсны дараа жуулчид сансрын нисгэгчийн нүсэр өмсгөлийг тайлж, биед эвтэйхэн хувцсаар солих боломжтой юм.

Саран дээр буух аяллыг SpaceX компаниас гадна Америкийн Moon Express компани зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 10 жилийн дотор анхны жуулчдаа саран дээр буулгасан байхаар төлөвлөөд байна. Moon Express компанийн үүсгэн байгуулагч Навин Жейний онцолж буйгаар уг аяллыг маш бага өртгөөр буюу 10,000 ам.долларын үнэтэй байлгахаар зорьж байгаа гэнэ. Moon Express компани уг аялалд зориулан 450 сая ам.долларыг цуглуулсан бөгөөд Фаррелл Уильямc, will.i.am зэрэг одод хандив өргөсөн байна.

2032 онд Улаан нүдэн гариг дээр эрдэмтэд, сайн дурын ажилтнууд 

Аяллын шинэ сонголт: Задгай сансарт хийх боломжтой аяллууд (фото 4)

Их Британийн одон орон судлаач Тим Пик хүн төрөлхтөн ирэх 20 жилийн дотор Ангараг гариг дээр хөл тавих болно хэмээн мэдэгдээд байна. Германы эрдэмтэд 2012 оноос эхэлж Mars One нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд 2032 он гэхэд эрдэмтэд болон сайн дурын ажилтнуудыг Ангараг гариг луу илгээн судалгааны хүрээлэн байгуулан, ногоон ургамал тарих зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн ба тэнд Wifi сүлжээг хүртэл нэвтрүүлэхээр болжээ. Мөн Элон Маск Ангараг гариг дээр SpaceX-ийн колони байгуулахаа мэдэгдсэн бөгөөд 2014 он гэхэд аварга том хөлгөө нисгэхээр төлөвлөөд буйгаа хэлсэн билээ. 

 

цааш үзэх