Хайх

Аяллын шинэ сонголт: Хоёрдугаар сард болох фестивалиуд

Аяллын шинэ сонголт: Хоёрдугаар сард болох фестивалиуд

Илүү хол, илүү сонирхолтой

Text: А.Баясал


Энэ удаагийн аяллын булан маань ирэх хоёрдугаар сард дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагдах ер бусын наадмуудын мэдээллээс бүрдэж байна

Туршлагатай аялагчдад Европын хотууд, далайн эргийн ресортууд тийм ч шинэлэг санагдахаа больсон. Тэд жилээс жилд илүү өвөрмөц, очиж үзээгүй, мэдэрч байгаагүй зүйлсийг хүсдэг. Та мөн тийм хүсэлтэй бол эдгээр газруудыг сонирхоод үзээрэй.

Envision festival

Коста Рика, 2 сарын 25-28

Коста Рика улсад болох Envision фестиваль далайн эргийн үзэсгэлэнт байгальд зохиогдох бөгөөд олон орны соёлыг нэг дор цогцлоож чаддаг. Наадмын гол үйл ажиллагаа өөр, өөр төрлийн хөгжим тоглогдох дөрвөн тайзны эргэн тойронд өрнөх ба мөн олон төрлийн урлагийн арга хэмжээ зохиогдоно. Тус наадмыг зорин ирэх аялагчдын ихэнхи нь хиппи амьдралын хэв маяг таашаадаг, йога, бясалгалаар өөрийгөө цэнэглэх хүсэл сонирхолтой хүмүүс байдаг. Фестиваль томоохон хот газраас нэлээд алслагдмал газар болох учир орон нутгийн органик хоол хүнс хэрэглэн, зөвхөн аз жаргалтай, амар амгаланг мэдрэх төгс орчин болж чаддаг ажээ. 

Splore festival

Шинэ Зеланд, 2 сарын 19-21

Шинэ Зеландын өмнөд Номхон далайн эрэг дээр өдөртөө эрч хүчтэй электрон хөгжим дээр бүжиглэн цэнгэж, оройг амьд хөгжимтэй өнгөрүүлэхийг хүсч байна уу. Яг тийм хүсэлтэй, нэгэн хэвийн амьдралаас холдохыг хүссэн хүмүүс Splore фестивалийг зорьдог. Туршлагатай аялагчид Шинэ Зеландад зочлох хамгийн тохиромжтой улирлыг 12-2 сар гэдгийг мэддэг учир энэ үеэр аяллын хөтөлбөрөө тааруулдаг. Учир нь өнгө алагласан цэцэгс, The lord of the rings киноны ертөнцийг санагдуулам толгодууд, далайн бүлээн ус гээд бүх зүйлс нь төгс болсон байдаг. Гурван өдөр үргэлжлэх тус фестиваль зөвхөн хөгжмийн үйл явдлуудаар хязгаарлагдахгүй, төрөл бүрийн бүтээлч урлангууд энд тэндгүй бий. Тиймээс хүмүүс өөрсдөө хөгжим тоглон, зураг зурах зэргээр цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх олон сонголттой.

Holy Ship festival

АНУ, Миами, 2 сарын 10 -13

Электрон хөгжмийн карнивал гэж нэрлэгддэг Holy Ship! наадам  далайн эрэг дээр болдог бусад наадмууд дотор хамгийн онцгойд тооцогдоно. Ойролцоогоор 4000 хүн Миами арлаас аварга том хөлөг онгоцонд суун фестиваль болох арлыг зорин хөдөлдөг бөгөөд онгоцонд ч, эх газарт ч дэлхийн шилдэг DJ нарын сет тасралтгүй үргэлжилнэ. Тансаг зэрэглэлийн хөлөг онгоц, үзэсгэлэнт охид, залуус, неон гэрлийн шоу,  урилгаар оролцож буй DJ нар гээд тус наадмын бүх зүйлс нь мега тодотголд багтана. Жинхэнэ эрх чөлөөгөө мэдрэх халуун цэг. 

 

Аяллын шинэ сонголт: Хоёрдугаар сард болох фестивалиуд (фото 1)

Аргентина, Мендоза

2 сарын 28 - 3 сарын 8

Аpгентин улсын үндэсний баяр, усан үзмийн ургацын наадaм

Дарсанд дурлагсдын хувьд заавал очиж үзэх хэрэгтэй нэгэн сонирхолтой үйл явдал бол Аргентинын үндэсний баяр болох усан үзмийн ургацын наадам юм. Хэдийгээр хавар цаг ч гэлээ халуун дулаан Аргентинд энэ үед усан үзэм боловсорч гүйцдэг ба тэд хайр хишгээ хүртээсэн байгаль эхдээ талархлаа илэрхийлж энэхүү баярыг тэмдэглэдэг байна. Баярын өдрүүдэд галт наадам зохиогдож, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд усан үзмэн дээр бүжиглэн, дуу хуур, баяр цэнгэлээр дүүрэн өнгөрдөг. 

Carnaval de Québec өвлийн наадам

Канад, 1 сарын 19 - 2 сарын 14

Ихэнхи хүмүүс өвлөөс дайжин халуун, дулаан орон руу тэмүүлдэг бол өөр нэг хэсэг нь Монголд байхгүй ч өвлийг мэдрүүлж чадах сонирхолтой зүйлстэй сэрүүн газрыг сонгох нь бий. Тэгэхдээ Харбины мөсөн хотхоныг энэ удаа мартаж, харин анхаарлаа Канадын Франц соёлтой муж болох Квебэкийн цас мөсний баярыг сонирхоцгооё. Өвлийн спортын олон төрлийн тэмцээн өрнөх мөсөн хотхонуудад зочилж өвлийн дугуйн аялал хийх, хоккей тоглох эсвэл хаски нохойтой чаргаар давхиж, оройн цагаар халуухан үдэшлэгт оролцох зэрэг хийж болох зүйлсийн сонирхолтой сонголт энд олон бий.

 

Ultra South Africa

Өмнөд Африк, 2 сарын 26-28

Жил бүр болдог Ултра хөгжмийн фестиваль дэлхийн маш олон хотуудад ээлжлэн зохиогддог ба энэ жил Өмнөд Африкт болно. Хамгийн алдартай хамтлаг, дуучдыг цуглуулж чаддаг энэхүү арга хэмжээнд энэ жил Skrillex, Tiesto, Dash Berlin, Zedd, AfroJack, Euphonik, Goldfish гэх мэт 50 гаруй уран бүтээлчид оролцоно. Электро хөгжмийн оддын цугларалтыг нэг дор үзэх ийм том завшаан энэ 2016 онд тийм ч олон гарахгүй л болов уу.

цааш үзэх