Хайх

Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг

Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг

Үлгэрийн ертөнц

Text: Б.Амина


Зураг:

Шинэ жилийн босгон дээр Galeries Lafayette худалдааны төв жинхэнэ футуристик үлгэрийн орон болжээ. Харин манай нийтлэлч Алина Колот үлгэрийн ертөнцийн ид шидээс хуваалцаж байна

Galeries Lafayette худалдааны төв өөрийн түүхэндээ олон зүйлсийг туулсан. Дээвэр дээрээ онгоц байрлуулж, зүйрлүүлэшгүй Эдит Пиаф тэнд дуулж байсан. Тэндхийн гайхалтай уур амьсгал Парисын оршин суугчдаар тогтохгүй мөн жуулчдыг татдаг. Galeries Lafayette шинэ жилийн гоёл чимэглэлээ хийх үед үлгэрийн орон амилдаг билээ. 100 жилийн настай бөмбөгөр дээвэр доор гацуур модоо засаж бүгдийг алмайруулдаг. Энэ жилийн баярын чимэглэлийн гол сэдэв нь Noël d'une Autre Planète (франц. Өөр гариг дээрхи Зул сарын баяр) болжээ. Домогт өгүүлдэгээр Леон нэртэй робот гэр бүлийн хамт хамгийн гоё гацуур мод олохоор галактикаар ниснэ. Удаан хайсны эцэст тэд үүлэн дундаас харагдах алтлаг, мөнгөлөг асар том солир олдог байна. Ийнхүү роботуудын хувьд шинэ жилийн бэлэг тэмдэг нь болж хувирна. Энэхүү үлгэр домгийн эд зүйлс, гол дүрүүдийг худалдааны төвд зочилсоноор та гадна цонхны чимэглэлээс нь харах болно. Худалдааны төвийн танхимыг бүхэлд нь метал, боронзон, цагаан өнгийн бөмбөлөгүүдээр чимж, харин гацуур мод нь яг л оддын дундах сансрын биет мэт болжээ.

Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг (фото 1)Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг (фото 2)

Galeries Lafayette гоёмсог худалдааны төвөөр хэсэх дуртай хэн бүхэнд танил болсон газар. Долоон давхар худалдааны төвийн хэсэг бүрт үзэж сонирхох зүйлс их бий. Нэгдүгээр давхарт бүсгүйчүүдэд зориулсан гоёл чимэглэл, үнэртэн, гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байгаа. Тэнд алдарт брэндүүдээс гадна шинээр гарсан залуу брэндүүд ч бас байдаг. Жишээ нь цөцгийн тос, чацаргана, цээнийн цэцэг гээд байгалийн гаралтай орц болон шинэ технологиор бүтээгдэхүүнээ хийдэг америк "Fresh" брэндийг нэрлэж болно. Хэрвээ та хэн нэгэнд бэлэг худалдан авахыг хүсвэл тэд танд цайвар цэнхэр хайрцагт хийн улаан туузаар боож өгөх ба мөн поларойд зургаа авхуулан ил захидлын үйлчилгээг санал болгоно. Европын зах зээлд мөн өөр нэг шинэ брэнд байгаа нь солонгосын "Too cool for school" нэртэй брэнд. Тэндээс бяцхан охин дүүдээ, ээждээ гээд аль ч насны хүнд бэлэг бэлдэж болохоор аж. Харин үнэртний хувьд "Ex Nihilo" нэртэй франц брэнд анхаарал татлаа. Тэд маш олон төрлийн үнэртэнг хийдэг бөгөөд тэдэн дундаас та өөрт тохирохоо олно гэдэгт эргэлзэхгүй байж болно. Та нэг том хэмжээтэйг эсвэл хэд хэдэн жижиг хэмжээтэйг хайрцагт хийлгэн бэлгээ бэлдүүлж болох юм.

Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг (фото 3)

Худалдааны төвийн хоёр, гуравдугаар давхарт бутикууд байрлана. Шинэ жилийн баярт зориулан стилистүүд манекенд энэ жилийн сэдэв болсон цэнхэр, цагаан өнгө болон гялалзсан чимэглэл бүхий хувцас өмсүүлэн танхимаа чимэглэжээ. Энд хамгийн сонирхолтой лаборатори хэсэг буюу залуу дизайнеруудад загвараа танилцуулах боломжийг олгодог хэсэг бий. Хэрвээ шинэхэн брэндийн худалдан авалт сайн авагдаж байвал худалдааны төвийн өөр хэсэгт байрлаж хамтран ажиллахыг санал болгодог байна. Одоогоор уг хэсэгт Dice Kayek, Pascal Millet, Roksanda, Olympia Le-Tan брэндийн цүнхнүүд болон бусад брэндүүд байрлажээ. Шинэ оноо ямар гоёлтой угтахаа шийдээгүй бол хүссэн даашинзаа тэндээс заавал олно.

Аксесуарын хувьд Galeries Lafayette-д тусгайлан зориулан бүтээсэн зүйлсүүд байгаа. Тэд дизайнеруудтай хамтран Dream Bags нэртэй цүнхний цуглуулга гаргасан байна. Нэрнээс нь харахад л цуглуулгад мөрөөдлийн зүйлс багтсан нь мэдэгдэх аж. Цуглуулгад Carven, MCM, See by Chloé, Loewe болон бусад нэрт брэндүүдийн өөр хэмжээ, загварын 20 цүнх оржээ. Тэд эрчүүддээ ч мөн гайхалтай зүйлс бэлдэхээ марталгүй Papier Tigre Galeries Lafayette хамтран өдөр тутамд хэрэгтэй зүйлс буюу iPad-ны гэр, тэмдэглэлийн дэвтэр, түрүйвч, футболк, ноосон цамц болон олон зүйлсийг бэлдсэн байна. Эдгээр цуглуулга нь бүхэлдээ өвөрмөц винтаж стилийг шингээсэн.

Galeries Lafayette дэх шинэ жилийн шопинг (фото 4)

Бяцхан хүүхдүүдэд бэлэг хайж байгаа бол саяхан Disney-гийн дэлгүүр нээгдсэн дөрөвдүгээр давхарт зочлоорой. Тэнд гүнжийн даашинз, зөөлөн тоглоом, үлгэрийн баатруудтай эд зүйлс гээд бүгд байгаа. "Оддын дайн" киноны шинэ ангийн нээлтэд зориулан тэд арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Хэрвээ Disney-гийн тасагт таалагдсан бэлгээ олж чадаагүй бол тавдугаар давхарт хүүхдэд зориулсан зүйлс мөн байдаг. Тэнд улаан буйдан дээр хамгийн үнэмшилтэй Пер Ноэль (Өвлийн өвгөн) сууж байгаа бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулан, хүслээ хэлж болно. Хэрвээ та Galeries Lafayette-д хүүхдүүдтэйгээ очин тэдэнд бэлэг сонгох гэж байгаа бол тайван сонголтоо хийж болно. Яагаад гэвэл тэд гайхалтай зүйлст сатааран таны юу авч байгааг ч анзаарахгүй тул гэнэтийн бэлэг хэвээр үлдэнэ.

Зургаадугаар давхараас шинэ жилийн сэдэвт буюу гацуур модны тоглоом, орчин үеийн технологи зэрэг зүйлсийг худалдан авах боломжтой. Номын тасгийн нэг хэсэгт Парисын тухай ном олон хэл дээр байх ба Парис хотод дурлагчдад сайхан бэлэг болно. Бэлэг дурсгалын тасгаас "Noël d'une Autre Planète" сэдэв бүхий Леон роботын дүрстэй зүүлт авч болох юм. Бэлдсэн бэлгээ гоёмсогоор боолгож мөн дотны хүндээ зориулан ил захидал сонгож болно. Худалдааны төвөөр сансрын аялалаа хийж дууссан бол долоодугаар давхарт байрлах Galeries Lafayette-гын үзмэрийн танхимд зочлоорой. Тэндээс Эйфелийн цамхаг болон хот бүхэлдээ харагдаж шинэ жилийн шопингийг улам үлгэрийн мэт болгоно.

 

цааш үзэх