Хайх

Кэти Вилингс: Яруу алдрын төлөөх уралдаан Монгол Дэрби

Монгол дэрби гадныхны хувьд нэгэн төрлийн амбиц болон хувирч байна

Text: Ж.Чинбат


Олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцдог морин спортын мастер тамирчдын төлөөлөлтэй 40 гаруй жокейчид 2015 оны 8-р сарын 5-15-ны өдрүүдэд монгол мориор 1000 км зам туулж ялагчаа тодруулна

Монгол Дэрбигийн тухай National Geographic, Telegraph, Dailymail.uk зэрэг хэвлэлүүдэд бичихдээ "Дэлхийн хамгийн урт морин уралдаан" гэдгийг нь онцолдог. Экстрим аяллын төрөлд маш сонирхолтой, шинэ үзэгдэл болсон тус тэмцээнийг "The Adventurists" компани зохион байгуулдаг ба Кэти Вилингс бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Тэрбээр анхны 2009 оны дэрбид оролцож байхдаа монголчуудын морийг хүндэтгэн дээдэлдэг ёс заншил, хөдөөний амьдралд дурласан нэгэн. Зуны улиралд монголд амьдардаг тэрбээр өвөлд нь Сибирьт, Байгал далайн хөлдсөн мандал дээгүүр хуучин мотоциклоор уралддаг "Мөсөн уралдаан" гэх өөр нэг экстрим тэмцээн зохиодог. Кэти бол аялах бас бусад орны соёлтой танилцаж шинэ мэдрэмж авах дуртай бөгөөд мөн өөр шигээ адал явдал эрэгчдийг олж Mонголд цуглуулахдаа ч гарамгай. 

Монгол Дэрби тэмцээнд оролцогчид харьцангүй өндөр үнээр буюу 8,495 паундын төлбөртэй ч оролцохыг  хүссэн хүмүүс маш олон байдаг. Гэвч зохион байгуулагчид олон тамирчин татахаас илүү чанартай, чадвартай өрсөлдөгчдийг Mонголд цуглуулах зорилготой. Харин ялагч нь мөнгөн шагнал авдаггүй бөгөөд Mонголын тааварлашгүй хүнд, онгон зэлүүд байгальд ялалт байгуулсан яруу алдрыг хүртдэг.

Энэ жилийн ялагчийн хувьд гэрэгэ хэлбэртэй, монгол бичгээр ялагчийн нэрийг бичсэн пайзны эзэн болно. Харин та бүхэнд Монгол Дэрби анх яагаад үүссэнээс эхлээд түүний эргэн тойронд болж өнгөрдөг зүйлс сонин байх болов уу.

Кэти Вилингс: Яруу алдрын төлөөх уралдаан Монгол Дэрби (фото 1)

Монгол Дэрби аяллын талаар та ерөнхийд нь тоймлоод ярихгүй юу.

Монгол Дэрбигийн гол санаа нь Чингис хааны /угтаа Өгөдэй хааны/ үед бий болсон морин өртөөний шуудангийн системийг орчин үед хэрэгжүүлэх юм. Бид хоорондоо 40 км зайтай морин өртөөнүүдээс бүрдсэн нийт 1000 км уралдааны зам гаргасан юм. Энэ нь Чингис хааны /Өгөдэй/ үеийн шуудангийн системийн багахан хэсэг ч гэлээ энэ нь зун болгон зохиогддог дэлхийн хамгийн урт морин уралдаан юм. Хамгийн гайхамшигтай нь бид хөдөөний айлд очин, өртөө болохыг санал болгоход бүгд л дуртайяа зөвшөөрч "Аан морин өртөө юу?" хэмээн уг тэмцээний утга санааг сайн ойлгодог. Монголын түүхэн зүйлийг орчин үетэйгээ уялдуулж байгаа маань үнэхээр сайхан байдаг.

Анхны санааг 2008 онд Монгол ралли тэмцээнийг зохиож байхдаа олсон гэсэн. Хүмүүс эхлээд хэрхэн хүлээж авсан бэ?

Манай компанийн үүсгэн байгуулагч маань Улаанбаатарт байхдаа Байгал гэх ажлын хамтрагчтайгаа ярьж суухдаа энэ морин уралдааны санааг бодож олсон юм. "Монгол Дэрби" анх 2009 оноос үйл ажиллагаагаа эхлэхэд шууд л олны сонирхлыг ихээр татсан. Баялаг түүхтэй, морины соёлоороо шагшруулдаг монгол оронд явагдах энэхүү уралдааны санаа хүн бүрт маш их таалагдсан. Тиймээс анхнаасаа л шууд хэдэн зуун оролцох хүсэлтэй хүмүүс гарч ирсэн. Би өөрөө анхны Дэрбид оролцох хүсэлт гаргасан ч 25 оролцогчийн тоонд орж чадаагүй. Тэгтэл анх сонгогдсон нэг оролцогч сургалтын үеэр мориноос унаж гэмтэл авсан тул хоосон орон зай гарч намайг дуудсан.

Монгол Дэрби-д мэргэжлийн, хагас мэргэжлийн мөн алдартай морин спортын тамирчид оролцож байсан уу? Миний анзаарснаар Хонг Конг болон Англиас бүртгүүлсэн хүмүүсийг харахад олон улсад нэр хүндтэй жокейчид харагдаж байсан.

Одоогоор Монгол Дэрби дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпын наадмын шагналтай гурваас дөрвөн морьтон татаж чадсан бөгөөд манай оролцогчид дэлхийн 20 гаруй улсаас ирдэг. Манай уралдаанд олон улсын морин харайлт, морин поло, мэргэжлийн жокей, харайлтын жокей тамирчид, бас өвөл болон зуны Олимпын наадамд оролцож байсан нэгэн эмэгтэй уралдаж байсан. Энэ жил нийт 40 оролцогчоос дөрөв нь дахин ирж оролцож байна. Бид "Монгол Дерби" хэмээх брэнд бий болгож чадсан. Жил бүр бид маш өндөр түвшний, чанартай тэмцээн зохион байгуулж байна. 

уралдаанд оролцоход үнэтэй хэдий ч хүмүүс урдаа зорилго тавин, хэдэн жилээр мөнгөө хуримтлуулан ирдэг тохиолдол ч бий. ДЭрби хүмүүсийн хувьд нэгэн төрлийн амьдралын амбиц болон хувирч байна.

Нэг удаагийн дэрби ямархуу уур амьсгалтай болдог талаар та бидэнд ярьж өгөхгүй юу? Монгол морь унаж үзээгүй хүмүүс анх ирээд эхний км-ээс 1000 дахь км хүртэл болж өрнөдөг зүйлсээс хамгийн сонирхолтой нь юу вэ?

Оролцогчдод тэмцээнийг дуусгахад 10 өдөр бий. Бид эхлээд гурван өдрийн эрчимжүүлсэн сургалт явуулдаг. Эхний өдөр тэмцээний талаарх бүх хэрэгтэй мэдээлэл, эмчийн туслалцаа яаж авах болон өртөөнүүдийг танилцуулдаг. Оролцогч бүр GPS ашиглаж нэг өртөөнөөс дараагийн өртөө хүрэх зүг чигээ олох ёстой. Үлдсэн хоёр хоногт оролцогчид тусгай бэлдсэн талбай дээр морьдтой танилцаж, эмээллэх болон чөдөрлөх урлагт суралцаж өнгөрөөнө. Монгол морь хэдийгээр маш хангал ч гэлээ тэдэнд амархан дасах боломжтой.
Гараанаасаа хөдөлсөн тамирчид GPS ашиглан бие даан уралдах эсвэл 2-3 хүний баг бүрдүүлэн бие биендээ дэмтэй явж болно. Ихэнх оролцогчид оройдоо өртөөндөө очиж амждаг. Өртөөгөөр сонгогдсон айлууд хоол бэлдэж, тамирчдыг гэртээ байрлуулдаг. Хоолны хувьд ихэвчлэн хуушуур хийж өгдөг.
Тамирчид өглөөний 7:00 - 20:30 хүртэл уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй тул хэрэв цагтаа өртөөн дээр ирж амжаагүй бол хүрсэн газраа зогсож тэндээ хоноглох шаардлагатай. Харин зарим нэг зоригтой бас өрсөлдөх чадвартай тамирчид өртөөнд хоноглохгүйгээр илүү хол зам туулахыг боддог. Тэгэхээр оролцогчдоос олон өөр бодлого гардаг л даа. Хэрэв тамирчин ямар нэг байдлаар бэртсэн бол төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй болно.
Миний бодлоор ялагч хүн маш тэвчээртэй, морь унах авьяастай, олон төрлийн морь унах чадвартай, мөн орчиндоо зохицох чадвартай байдаг. Хэрэв тамирчин хэтэрхий нарийн сэтгэлгээтэй байвал ялах байтугай бариандаа ч хүрч чадахгүй. Маш уян хатан хэрнээ тэнхээтэй л байх хэрэгтэй. Энэ уралдаан хүний болон морины чадваруудыг туршсан, монгол айлын зочломтгой зан болон монголын соёлыг харуулсан маш гайхалтай үйл ажиллагаа болдог. Гэхдээ ялахад маш ойрхон байсан хүмүүс нэлээд ихээр ирдэг шүү.

Энэ жилийн уралдааны байршил хаана байх бол? Монгол талаас тантай хэчнээн хүн хамтарч ажилладаг вэ?

Энэ жил уралдаан маань Төв-Өвөрхангай-Архангай-Хөвсгөл гэсэн чиглэлтэй ба анх удаа далайн эрэг дээр тэмцээнийг төгсөхөөр төлөвлөгдсөн. Миний бодлоор энэ удаагийн зам хамгийн гайхамшигтай байгальтай байх болно. Монгол талаас бидэнтэй хамтарч ажилладаг Г.Шатарчулуун болон "Арвагар хээр" морин спорт, уяачдын холбооны Ю.Үнэнбүрэн нар маань яг л цавуу шиг бидний бүх ажлуудыг хооронд нь холбож, нааж өгдөг. Морь болон өртөө болох айл гэрүүд олох зэрэгт тэд маш их тусладаг.

Англи орон бол морин спортын хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Танд Монголын морин спортыг илүү хөгжүүлэх зорилго бий юу?

Би Монголын морин спортын бүтцэд их дуртай. Монголд морь нь тамирчин гэхээсээ илүү байгалийн зэрлэг амьтан хэвээрээ үлддэг нь сайхан. Жишээ нь, Англид морины тусгай үүлдэрийг олон зууны турш бий болгож мөн тусгай аргачлалаар үржүүлдэг учраас мэргэжлийн тамирчин адил бэлтгэдэг. Гэхдээ тэдний ур чадвар монгол морины ур чадвараас тэс ондоо. Монгол морины онцлог бол эмнэг хангал, байгаль орчиндоо дасан зохицох чадвартай, тэсвэр тэвчээр болон байгалийн бартааг туулах чадвар нь юм. Тэгэхээр энэхүү гайхалтай морины үүлдэр угсааг өөрчилж эсвэл устгалгүйгээр хадгалах нь маш чухал. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн морин спортын жишигт хүргэхийн тулд монгол морийг өөрчлөх гэж оролдвол энэ нь маш харамсалтай зүйл байх болно. Миний хувьд танай улсын морь уях, унах, уургалах, эмээллэх  гээд морины соёл болон морин уралдаан нь үнэхээр гайхамшигтай бахархмаар зүйл. Тиймээс та бүхэн үүнийгээ зайлшгүй авж үлдэх ёстой өв соёл болов уу.

цааш үзэх