Хайх

Аяллын шинэ санаа: Оскарт нэр дэвшсэн кинонуудын ачаар алдартай болсон газрууд

Аяллын шинэ санаа: Оскарт нэр дэвшсэн кинонуудын ачаар алдартай болсон газрууд

Онцгой

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7 -гийн Оросын салбарын нийтлэлч, онлайн аялал жуулчлалын мэргэжилтэн Ирина Рябовол танд зориулан энэхүү аяллын төлөвлөгөөндөө оруулж болох газруудын тухай мэдээллийг хүргэж байна

Оскарын шагнал гардуулах ёслолд хэн, хэн шагнал авах бол гэж бүгд л урьдчилсан таамаг гаргаж байна. Тэгэхдээ хүмүүс ДиКаприогийн шагнал авах, авахгүйн тухай хэт их хошин зүйлс ярихаас одоо залхсан тул сэдвээ солих цаг иржээ. Жишээ нь бид "The Martian", "Mad Max", "The Revenant" зэрэг кинонууд дээр гардаг үзэсгэлэнт байгалийн талаар ярилцаж болох юм. 

Кинонд тоглосон жүжигчдийн хэлснээр бол эдгээр кинонуудын зураг авалтууд амаргүй орчинд явагдсан гэнэ. Мэдээж хүн байгалийг ялан дийлэх боломжүй шүү дээ. Гэхдээ нэг онцлог бий. Оскарт нэр дэвшсэн кинонууд дээр гардаг газрууд хүмүүсийн сонирхлыг их татаж, аялал жуулчлалын шинэ сонголт болж хувирдаг. Энэ нь ч маш амархан хэрэгжинэ. Ердөө л газрын зураг дээр тэмдэглээд, олон нийтийн сүлжээнд цацахад л болох юм. Тиймээс "Бөгжний эзэн" кино гарснаас хойш  Хоббитуудын амьдардаг тосгоны зураг авалтыг хийсэн Шинэ Зеланд руу жуулчид маш их очсон. Тэгэхээр энэ жилийн шилдэг кинонууд тодрохоос өмнө бүгдээрээ хаана, хаана ямар газар зураг авалт хийгдсэн болохыг олж үзэцгээе. 

"Mad Max: Fury Road": Намибийн цөл

Анхандаа кинонд гардаг хязгааргүй элсэн цөлийн хэсгийг, найруулагч Жорж Миллерийн эх нутаг болох Австралид авахаар төлөвлөж байжээ. Гэвч цаг агаар төлөвлөж байсан зураглалтай тохирохгүйгээр өөрчлөгдөж эхэлсэн байна. Кино зураг авалт эхлэхийн өмнөхөн тэр цөлд 15 жил бороо ороогүй байсан бороо гэнэт аадар мэт асгарсан тул киноны менежерүүд зураг авалтын талбарыг өөрчлөх хэрэгтэй болжээ. Кинонд гардаг шиг дэлхий сөнөсний дараах Австрали улсыг яг таг орлож чадах газар Африкийн баруун өмнөд зүгээс олдсон байна. Сонирхуулахад, Намибийн цөл нь дэлхий дээр үүссэн хамгийн эртний цөл бөгөөд, судлаачид ойролцоогоор 80 сая жилийн настай гэж үздэг. Одоо харин тэрхүү Атлантын далайн эрэг дээр байрлах цөл, Свакопмунд хотын амралтын газрууд жуулчдыг ихээр татдаг газар болсон. Эрт цагийн колончлолын үе болоод зоригт далайчдын гунигт түүх гээд энэ газар сэтгэл хөдөлгөх олон зүйлтэй. Түүний нэг нь "Араг ясан эрэг" нэртэй газар юм. Хөлөг онгоц нь сүйрсэн далайчид тэрхүү эх газарт амь аврагдлаа хэмээн яаран хүрдэг байсан ч өмнө нь эцэс, төгсгөлгүй элсэн цөл угтан авдаг байжээ. "Mad Max"-ын гол баатрууд ч энд мөн л эрж хайсан "Ногоон Газар"-аа ололгүй, найдлага нь тасардаг билээ. 

"Danish Girl": Копенхаген

Энэхүү кино 1920-оод онд, Дани гаралтай зураач Герда Вегенер нөхрийн хамт түүхэнд хамгийн анхны трансжендер эргэлт хийж байгаа талаар өгүүлдэг. Вегенерийн гэр бүл Парис руу нүүхээсээ өмнө Нюхавн боомтын эрэгт амьдарч байжээ. Кинонд өнгө, өнгийн үзэсгэлэнтэй барилгууд, усан боомтын эрэг дагуух сонирхолтой дүр төрх гардаг билээ. Тэрхүү боомтын нарийн суваг нь олон зуун жилийн турш худалдааны ач холбогдолтой байсаар ирсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өвөрмөц үзэсгэлэнт төрхөөрөө уран бүтээлчдийг өөртөө татаж эхэлжээ. Тэдний дунд нэлээд этгээд зан авир, дүр төрхтэй хүмүүс ч байсан байна. Орчин үеийн Нюхавн бол дахин давтагдашгүй, уран бүтээлч уур амьсгалтай дүүрэг болсон ба жуулчдыг төдийгүй, төрөлх хотынхон ч байнга очих дуртай газар аж. Эндэхийн байшин бүр ямар нэг гайхалтай түүх өөртөө агуулж байгаа мэт сонирхолтой, дур булаам харагддаг. Жишээ нь Ханс Кристиан Андерсон гэхэд энэ л газар аж төрж, хүн төрөлхтний хамгийн дуртай үлгэрүүдийг бичжээ. Дээр нь мөн "Danish Girl" киноны ачаар орчин үед дахин алдартай болсон Герда Вегенер,  Лили Эльбе нар энэ хотоос гаралтай юм.

"The Martian": Иордан

Кино бүтээхэд тулгарсан техникийн асуудалтай харьцуулбал байгалийн зураг авалт хийх газраа найруулагч Ридли Скотт маш хурдан шийджээ. Ихэнхи тохиолдолд Улаан нүдэн гарагийн зураг авалтыг Иорданын баруун өмнөд хэсэгт орших Вади Рам цөлд авдаг. Энэхүү чулуурхаг нутаг нь олон төрлийн байгалийн үзэсгэлэн болон өнгөний өвөрмөц зохицлоороо кино бүтээгчдийг өөртөө татдаг юм. Элсэн манхан, хавцал, өндөрлөг байц хэсгүүд нь наран ургаж, шингэх цагаар гал улаан өнгөтэй болж хувирдаг нь зураглаачдын ажлыг эрс хөнгөвчилдөг бололтой. Энэхүү байгалийн гоо үзэсгэлэн нь бодит байдал, уран сэтгэмж хоёрыг ялгаагүй мэт болгодог байна. Орчин цагт бол энд тэмээтэй Араб нүүдэлчидтэй таарахаас илүү сансрын нисгэгч, эсвэл бүр харийн амьтантай тааралдах илүү магадлалтай. Хэдий тийм боловч цөлд шөнө маш хүйтэн цаг агаартай байдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

"Bridge of Spies": Потсдам

Германы Хафель голын дээр орших Глейник гүүр нь ЗХУ болон АНУ-ын нууц дипломат харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлж байсан газар юм. Яг энд буюу Берлиний Вайзе болон Потсдам дүүргийн хил дээр, Хүйтэн дайны үед тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тусгай ажилтнуудыг солилцож байжээ. Тэдний нэг болох ЗХУ-ын нууц ажилтан Рудольф Абель, АНУ-ын нисгэгч Френсис Пауэрс нарт зориулан, найруулагч Спилберг кино бүтээсэн билээ. Их гүрнүүд хэдий дайсагнаж байсан ч гэлээ тусгай ажилтнуудаа  дор хаяж дөрвөн удаа энд солилцжээ. Тэр ажиллагаанд оролцогчид Глейник гүүрний голд, Зүүн болон Баруун Германы хил дээр уулздаг байв. Глейник гүүрэн дээрх тагнуулчдын түүх нь жуулчдыг татдаг цорын ганц зүйл биш юм. Хэдийгээр гүүр өөрөө архитектурын тийм ч гайхалтай хийцтэй биш боловч тэндээс Берлин болон Потсдам хот үнэхээр сайхан харагдах болно.  

"Brooklyn": Бруклин

Нэрнээсээ эхлээд тус киноны зураг авалтыг Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт хийсэн гэдэг нь тодорхой харагдана. Кинонд сайхан амьдрал хайсан залуу бүсгүйн тухай өгүүлдэг ба үйл явдал нь 1950-аад оны Ирланд хэв маягтай Бруклинд өрнөдөг байна. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн боловч Лонг-Айлендын баруун хэсэг одоо ч 1950-аад оныг санагдуулам төрхтэй. Яг энэ газарт л хотын ихэнхи домог ярианууд үүсдэг бөгөөд хожим нь кино болон дэлгэцэнд гардаг байна. Энд олон загвар зохион бүтээгч, зураач, зохиолчид урам зориг, шинэ санааны эрэлд хөтлөгдөн  ирдэг ажээ. Мөн энд "Грэмми" шагналын эзэд анхны тоглолтоо хийсэн байдаг. Товчхондоо Бруклин бол жинхэнэ "Америк мөрөөдөл" биеллээ олдог газар юм. Дээрээс нь Оскарт нэр дэвших кино хийхэд ч маш тохиромжтой газар болох нь нотлогдлоо.

"The Revenant":Канадын хадархаг уулс

Хүний тэсвэр хатуужлыг хамгийн бодитоор харуулахын тулд зураг авалтын багийнхан бүхэл бүтэн найман сарын турш тухлаг дулаан студи, нүүр будалтын өрөө, кофе завсарлага зэргийг умартан ажиллажээ. Киноны найруулагч Алехандро Гонсалес Иньярриту нь байгалийн гэрлийг зураглаачдын ажлаас илүүд үзсэн учир киноны хэсэг бүр бие даасан урлагийн бүтээл болжээ. 

 

цааш үзэх