Хайх

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд

Аялалд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ж.Чинбат


Зураг: Erdenebulgan Photography

Энэ зун хаагуур аялах вэ, амралтаа хэдийгээр авах вэ, Монгол дотроо хаана, хаана очиж болох вэ, өөрийн аялсан түүхээ хэрхэн гэрэл зурагт гоёор үлдээх вэ зэрэг асуултын талаар бодож байгаа хүмүүст зориулж бид байгалийн гэрэл зурагчин Б.Эрдэнэбулгантай холбогдож дараах блиц ярилцлагыг өрнүүллээ

Өөрийгөө Бюро 24/7-гийн уншигчдад товч танилцуулахгүй юу
Батцэнгэл овогтой Эрдэнэбулган. Байгалийн төрлөөр дагнан гэрэл зураг авдаг. Мөн сонирхлын дагуу уулын спортоор хичээллэдэг.

Та хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?

2011 оноос буюу одоо тав дах жилдээ гэрэл зураг авч байна.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 1)

Байгалийн гэрэл зураг авах нь өөрөө бүрэн хэмжээний аялал болдог байх. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу? Жилийн аль үед илүү их зураг авдаг вэ?

Байгалийн гэрэл зураг нь мэдээж тусгай аялалын төрөлд багтдаг. Энгийн аяллыг бодвол нэг газраа удаж, их цаг зарцуулах хэрэгтэй. Зураг авах гол газраа очсон үед аль болох зургаа нар мандах, нар жаргах үед тааруулж авахыг хичээдэг. Мэдээж байгалийн олон янз байдлыг харуулахын тулд бусад улиралд авдаг ч гэсэн хамгийн их зураг авдаг үе нь зун юм.

Та Монгол орны ямар, ямар нутгаар явж, зургийг нь авсан бэ?

Монгол орны бүх аймгаар аялаж зураг авсан боловч голдуу баруун, төв, хойд болон говийн аймгуудаар зураг авсан.

Хамгийн их очиж зураг авах дуртай газар таны хувьд хаана вэ?

Би аялахдаа ууланд их авирдаг болохоор уулсын зураг илүү их авдаг. Баруун аймаг бол тэр чигээрээ л уулсын нутаг учир их дуртай. Ялангуяа Алтай таван богд, Хархираа Түргэний уулс бол гайхамшигтай.

Аялаж явахдаа ямар хөгжим сонсох дуртай вэ?

Янз бүрийн л дуу сонсдог. Байгальд бол Enigma, Cuthberth - Introduction to nomads, Bros records - Ертөнц цомгийн хөгжим, аязууд илүү их сонсох дуртай.

Аян замын уртад уйдахгүй байхын тулд юу хийдэг вэ?

Сонирхол нэгт найз нөхөдтэйгээ явдаг, мөн дуртай зүйлээ хийж явж байгаа учир уйдах зав байдаггүй.

Аялаж, зураг авч явахдаа хамгийн өндөр газар хаана очиж байсан бэ? Ямар бэрхшээл, адал явдал тулгарч байсан бэ?

Европ тивийн ноён оргил 5642 өндөртэй Эльбрус ууланд авирч зураг авсан. Ер нь 5000+ метр бол экстрим өндөрт тооцогддог учир өндрийн нөлөөнд орох нь хамгийн том хүндрэл байдаг.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 2)

Хүмүүсийн шүүмжийг эерэгээр хүлээн авч, алдаан дээрээ суралцаж байх хэрэгтэй.

Өөрийнхөө авсан зургуудаас хамгийн мартагдашгүй, гоё үед авсан зураг гэвэл алийг нь нэрлэх вэ?

Би үүлсийн дээр зогсох уулчны зургийг хэд, хэдэн оргил дээр авч байсан. Миний бодлоор  тэдгээр зургуудыг дахин давтаж авахад хэцүү бөгөөд миний хамгийн  шилдэг зургууд юм.

Байгалийн гэрэл зураг авахыг хүсдэг хүмүүст зөвлөгөө өгөөч гэвэл та юу хэлэх вэ?

Байгальдаа үнэхээр их дурлах л хэрэгтэй байх. Үнэхээр их дуртай бол их ч аялна, их ч зураг авна. Тэр хэрээрээ цаг ирэх тусам сайжирна. Хүмүүсийн шүүмжийг эерэгээр хүлээн авч, алдаан дээрээ суралцаж байх хэрэгтэй.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 3)

Монголын ан, амьдтаас өөрийн чинь үзсэн хамгийн ховор, содон амьтан юу байсан бэ?

Монголын хамгийн өндөрт нисдэг шувуу болох Ёл. Хамгийн өндөрт нисдэг, хүний хөл хүрэхэд бэрх газар үүрээ засдаг гээд ер нь л тэнгэрийн амьтан. Тэр шувууг харж зургийг нь авахын тулд олон газар явж байж зургийг нь буулгаж чадсан.

Өөрийн чинь очиж үзсэн хамгийн үзэсгэлэнтэй нуур ямар нуур байсан бэ?

Мэдээж Хөвсгөл нуур. Гэхдээ Хөвсгөлөөс гадна Хяргас нуурын Хэцүү хадны эрэг бол үнэхээр гайхалтай газар. Яг л гадаад далайн эрэг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Гэрэл зурагчны хувьд өмнөө тавьсан ямар гол зорилго танд байдаг вэ?

Дэлхийд танигдсан алдартай зураг авах. Гадны томоохон сэтгүүлүүд дээр гэрэл зургийн нийтлэл гаргах. Монгол орныг гэрэл зургаар дамжуулан дэлхийд сурталчилж жуулчдыг татах гэх мэт зорилгууд бий.

Монголын үзэсгэлэнт газар орнуудаар аялах хүсэлтэй хүмүүст зориулж нийтлэг бус таван газар, аяллын маршрут санал болговол ямар газруудыг нэрлэх вэ ?

1. Хөвсгөл аймгийн Улаан тайга, Дархадын хотгор, Хорьдол Сарьдагийн нуруу.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 4)
2. Хөвсгөл аймаг, Улаан уул сум, Ар босготын хавцал.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 5)

3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэний уулын хавцалд орших олон хүрхрээнүүдийн нэг Бага түргэний хүрхрээ. 

 Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 6)

4. Монголын Говийн нэгэн гайхамшиг Цагаан суварга дээр нар мандах агшныг үзээрэй.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 7)


5. Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, Монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргэсүүрүүдээс бүрддэг.

Монголын сайхан орон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы дуранд (фото 8)

Таны дуртай веб сайт юу вэ?

Гадны шилдэг гэрэл зурагчдын бүтээл, хичээл зэрэг нийтлэгддэг 500px.com

Таны хамгийн хүндэлж, харж явдаг гэрэл зурагчин хэн бэ?

Оросын гэрэл зурагчин Даниел Кордан. Тэр бол дэлхийн шилдэг байгалийн болон аяллын гэрэл зурагчдын нэг.

Таны хувьд амжилт гэж юу вэ?

Зорилгоо биелүүлэх нь амжилт гэж боддог.

Б.Эрдэнэбулганы 2015 оны шилдэг 15 зураг

Таныг юу хамгийн ихээр урамшуулдаг вэ?

Гэрэл зургийг минь үзэж, талархлын үгс хэлдэг хүмүүс хамгийн ихээр урамшуулдаг. Анх зураг авч эхлэхэд хүмүүс урмын үгс хэлж байгаагүй бол цаашид гэрэл зурагт гүнзгий орохгүй ч байсан байж мэднэ.

Та аяллын цүнхэндээ ямар зүйлсийг байнга авч явдаг вэ? Яагаад

Ихэнхдээ машин аялал биш явган, уулын аялалд явдаг учир цүнхэндээ бүхий л зүйлсийг багтаахыг хичээдэг. Гэрэл зургийн аппарат, дуран, жижиг зургийн хэрэгслүүд. Үүнд нөөц баттерей, мемори карт, удирдлага, камерийн хөл, солих хувцасууд, хоол хүнс, мишок, майхан, жижиг эмийн сан, хоолны аяга, уулын жижиг багаж хэрэгслүүд гэх мэт зүйл байдаг.

 

цааш үзэх