Хайх

Ницца руу аялах есөн шалтгаан

Ницца руу аялах есөн шалтгаан

Хэрэв танд шалтгаан хэрэгтэй бол

Text: Buro.Mongolia


Зураг:

Улаанбаатарт хавар ирж шороо шуураад, цаг агаар нэг л тогтворгүй байна уу? Тэгвэл яг одоо л Ницца руу аялах цаг нь иржээ. Энэхүү үзэсгэлэнт хотод ирсэн жуулчид Матиссын гэр музейд зочилж, одон орны оргилд гарч, жинхэнэ итали маягийн хоол идэж, олон орны соёлыг нэгэн дор мэдрэх болно

Уснаас харагдах байдал

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 1)

Бусад эрэг дагуу орших бүх л хотын адил энэ хот уснаас хамгийн сайхан харагдана. Тиймээс хотын уур амьсгал, төрх байдлыг мэдрэхийг хүсвэл завиар зугаалаарай. Ницца хотын талбай, хөшөө, гудамжны уулзвар, гэрэл сүүдрийн сүлжээ, уран барилгын хөгжил зэргийг харахад далай хамгийн тохиромжтой. Тэгээд ч холын зайнаас хамаагүй их зүйл харагдана.

Зугаалга

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 2)

Ницца хотын зарим нэг хэсэг жуулчдыг төөрөгдүүлж орхидог. Үнэхээр төөрдөг байшинд орчихсон мэт сэтгэгдэл төрөх үед хүмүүс " Би зөв газар луугаа явж байгаа болов уу?, Арай төөрчихөөгүй байгаа даа?" гэж өөрийн эрхгүй боддог гэнэ. Танд ч мөн адил ийм зүйл тохиолдвол та юунд ч битгий санаа зов. Машин, тэрэг олж бушуухан буудалдаа хүрэх гэсний ч хэрэггүй. Зүгээр л салхи амсан алхаж, орчин тойрноо мэдэрч, гудамж, өргөн чөлөөн дэх дуу чимээг сонсож таашаах хэрэгтэй.

Гэнэтийн уялдаа холбоо

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 3)

Ургуулан бодох чадвар уу эсвэл нүд хуурах тоглоом уу? Place du Palais-д орших Caserne Rusca барилгын нүүрэн тал нь яг л италийн зураач Жоржо де Кирикогийн бүтээл шиг харагдана. Тэрээр "Одоо шинэ агаар миний зүрх сэтгэлд шингэж, шинэ дуу чихийг минь илбэж, энэ ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн мэт санагдаж байна" гэж нэгэн цагт бичиж байжээ. Аялалд гарахдаа бид өөрчлөлтийг хүсдэггүй гэж үү?

Матиссын Музей

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 4)

Анри Матисс "Би сэрэээд энэ орчлонг дахин харна гэдгийг ухаараад, өөрийн жаргалд арай ядан итгэж байлаа" гэж бичиж байжээ. Тэрбээр Ниццад амьдралынхаа дөчин жилийг өнгөрүүлсэн юм. Энэхүү XVII зууны үеийн байшинд Матиссын амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлс болон уран бүтээлүүдийг нь сонирхох боломжтой. Мөн замдаа, түүний амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн "Регина" зочид буудлын хажуугаар гарах болно.

Орчин үеийн урлаг

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 5)

Петер Ларсены амьдралын хэв маягийг тодорхойлбол, Матиссын хэлсэн "Ницца, ажил, жаргал" гэдэг үг санаанд бууна. Тэрээр Дани гаралтай хэдий ч амьдрал нь Номин эрэгтэй салшгүй холбоотой байсан юм. Түүний уран бүтээлийн хэв маягт Ницца хотын хэв маяг нэвт шингэсэн байдаг. Одоо тэдгээр Петер Ларсены бүтээлүүд дэлхийн олон музейд болон хувийн цуглуулгуудад хадгалагдаж байгаа.

Хоолны урлаг

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 6)

Парис, Нью-Йорк, Лондон, Улаанбаатар гээд аль ч хотод өөрийн гэсэн хоолны хэл байдаг. Ниццад ч мөн ялгаагүй өөрийн гэх хоолны соёл бий. Ницца хоол нь шинэхэн хүнсэн дээр суурилдаг бөгөөд ихэвчлэн ногоогоор баялаг байна. Ницца маягийн үхрийн махан рагу, цэцэг хэлбэртэй татсан хаш идэхийг хүсвэл La Merenda гэх жижигхэн рестораныг зориорой. Энэхүү ресторанд утас байхгүй, төлбөрийн карт ашиглах боломжгүйгээс гадна зочид тохой, тохойгоо нийлүүлэн шахцалдан суух болно. Дээрээс нь ариун цэврийн өрөө нь маш жижиг хаалгатай тул хажуулдаж орох хэрэг гарна. Гэхдээ та энд Доминик ле Станкийн бэлтгэсэн хамгийн амттай уламжлалт Ниццагийн хоолнуудыг идэх боломжтой. Тэр энэ жижиг рестораныхаа төлөө Michelin-ий хоёр одыг хүртэл мартсан гээд бод доо.

Сансар огторгуйг харах нь

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 7)

Хар нүх, нейрон од, галактикийн хайгуул, нарны хөдөлгөөн зэрэг нь Ниццагийн оршин суугчдад тийм ч хол зүйл биш ажээ. Үүний нэг тод жишээ нь Номин эргийн одон орон судлах төв юм. Тус төв нь сансар огторгуй руу "өнгийх" боломж олгоод зогсохгүй барилгын загвар нь ч гүн сэтгэгдэл, сайхан дурсамж төрүүлнэ.

Цитрусын үнэр

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 8)

Ниццагийн зэргэлдээ орших Ментон хотод жил бүр нимбэгний баяр зохион байгуулагддаг. Энэхүү баярт хотын ойролцоох аж ахуйд ургуулсан нимгэн хальстай, чихэрлэг, мексик мандарин, жүрж болон мандарины холимог, кумкват гэх зэрэг төрөл бүрийн цитрусыг амталж болно. Харин нутгийн тогоочид Себастьен Фоссын ургацыг хамгийн ихээр сайшаадаг гэнэ.

La dolce vita

Ницца руу аялах есөн шалтгаан (фото 9)

Promenade des Anglais буюу Ницца дахь Английн боомтын дүүргийн өдөр тутмын амьдралыг илүү сайн мэдрэхийн тулд бага зэрэг түүхийн мэдлэг хэрэгтэй. XIX зуунд энэ боомтод баян Орос, Армян, Польшуудын араас Италийн өрлөгчид, талхчид, тэрэгчид, ачигчид гээд бүгд л ирж байжээ. Тиймээс энэ жижиг хотод олон орны хэв маяг шингэсэн өвөрмөц соёл бий болсон бөгөөд хотын уур амьсгалыг гүйцэд мэдрэхийг хүсвэл энэхүү долоон километр үргэлжлэх боомтын дүүрэгт зочлоорой.

 

цааш үзэх