Хайх

Таны хамрагдаж болох олон улсын сайн дурын шилдэг найман хөтөлбөр

Таны хамрагдаж болох олон улсын сайн дурын шилдэг найман хөтөлбөр

Африкийн хүүхдүүдэд хичээл зааж, Бургундид усан үзэм хурааж мөн Монголын хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих хөтөлбөрүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон улсын байгууллагууд болон хандивын сангууд янз бүрийн сайн дурын хөтөлбөр санал болгодог. Тэдгээр хөтөлбөрүүд нь сайн үйл хэрэг бүтээхийн зэрэгцээ шинэ улс оронтой танилцах сайхан боломжийг хүмүүст олгодог. Ихэнх тохиолдолд сайн дурын ажил хийх гэж буй хүмүүс өөрсдийн зардлаар тасалбараа авч мөн ойр зуурын хэрэгцээндээ хувийн мөнгөө зарцуулах хэрэг гардаг. Харин хөтөлбөрийн зохион байгуулагчид амьдрах байр болон бусад зүйлсийг бэлдэж өгдөг байна. Гэхдээ зарим хөтөлбөрүүд байрлах газрыг санал болгодоггүй ч ийм тохиолдол ховор байдаг. Бид сайн үйлс хийхийн зэрэгцээ шинэ туршлага хуримтлуулах хүсэлтэй хүмүүст зориулаад Монгол ба бусад олон орны хамгийн сонирхолтой найман сайн дурын хөтөлбөрийг цуглууллаа.

Монголын асрамжийн газрын хүүхдүүдэд туслах

Сайн үйлс хийхийн тулд заавал хол явах шаардлагагүй юм. Тухайлбал та Улаанбаатар хотоос 20 км зайд байрладаг "Lotus Children's Centre" асрамжийн газрын хүүхдүүдэд тусалж болно. Энэхүү төвд сайн дурын ажилтан зуны гурван сарын турш хэрэг болдог байна. Сайн дурын ажилтнууд энд хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах, гадаад хэл ба спортын хичээл заах, хоол хийх зэрэг янз бүрийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Сануулж хэлэхэд, "Lotus Children's Centre" төв нь сайн дурын ажилтнуудаа байр ба хоолоор хангадаг. Хэрэв та сонирхож байвал эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Франц дахь усан үзмийн талбайд ажиллах

World Wide Opportunities on Organic Farms байгууллага жил бүр Францын мужуудад байрладаг усан үзмийн талбайд ургац хураахад туслах хүмүүсийг хайдаг. Ихэвчлэн гэр бүлийн жижиг дарсны үйлдвэрүүдэд ургац хураахад тусламж хэрэгтэй болдог байна. Гэхдээ энэхүү хөтөлбөрийн зохион байгуулагчид хийх ажил нь маш хүнд бөгөөд зөвхөн биеийн хүч сайтай хүмүүст л тохирно гэдгийг шударгаар анхааруулдаг. Харин ургац хураахаар шийдсэн сайн дурын ажилтнууд өдөр бүр үнэгүй франц дарс уух урамшуулалтай.

 

 

 

Бургунди дахь дундад зууны үеийн сургалт

Жил бүр Guédelon цайз дундад зууны үеийн архитектур сонирхогчдод зориулж тэр үеийн соёлоос суралцах боломж олгодог. Хэдийгээр Guédelon нь шинэ цайз боловч дундад зууны үеийн материал ба техникээр баригдсан гэдгээрээ онцлог юм. Тэд шавар эдлэл, чулуу боловсруулах үндсэн арга барилыг зааж, мөн дундад зууны архитектурын талаар ярьж өгнө. Энэ хөтөлбөр хүүхэдтэй хүмүүст маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь хүүхдүүд энд археологийн малтлага хийж, керамик эдлэлийн урлагт суралцах боломжтой. Бургундид байрладаг тус хөтөлбөрийн сайн дурын ажилтнуудад зориулсан бааз жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нээлттэй байдаг аж. 

Таны хамрагдаж болох олон улсын сайн дурын шилдэг найман хөтөлбөр (фото 1)

Грек улсын далайн гахайнуудыг судлах

Working Abroad төв Ионы тэнгисийн далайн гахайнуудыг хамгаалах зорилгоор сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэд энэ төслийнхөө хүрээнд сайн дурын ажилтнуудад далайн гахайнуудыг ажиглахыг санал болгодог байна. Сайн дурын ажилтнууд далайн гахайны үйл хөдлөл, зан байдлыг сайтар ажиглан, видеонд буулгаж авах ёстой юм. Эдгээр далайн амьтдыг болон тэдний хүрээлэн буй орчинг судалснаар далайн гахайнуудын насыг уртасгаж, мөн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Сайн дурын ажилтнууд лонхон хамарт болон бусад олон төрлийн далайн гахайнуудыг судалдаг гэнэ. Энэхүү хөтөлбөр нь нийт 2-3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд Working Abroad төв сайн дурын ажилтнуудыг зуны улиралд л хүлээн авдаг аж.

Таны хамрагдаж болох олон улсын сайн дурын шилдэг найман хөтөлбөр (фото 2)

Хятадын соёлын өвийг хадгалах

Zinong интернет тавцан Хятадын Фужянь мужид орших тус улсын соёлын өв болсон Тулоу гэдэг цайзыг хадгалж хамгаалах хөтөлбөрт 14 сайн дурын ажилтанг урьж байна. Хятадын уламжлалт байшингууд бүр XII зуунаас эхлэн баригдсан бөгөөд XX зуунд ч эдгээр барилгууд сүндэрлэж байсан юм. Сонирхуулахад Хятадын цайзууд ЮНЭСКО-гийн олон улсын соёлын өвд албан ёсоор багтсан байдаг. Сайн дурын ажилтнууд цайзыг сэргээн засварлах ажилд оролцож, үйл явцыг камерт бичиж авах бөгөөд эцэст нь олж авсан туршлагаа бусадтай хуваалцах хэрэг гарна. Түүнчлэн зохион байгуулагч эртний хятадын архитектурын талаар цуврал илтгэл танилцуулах болно. Харин сайн дурын ажил хийхийг хүссэн хүмүүс англи эсвэл хятад хэлний ерөнхий мэдлэгтэй байх шаардагатай. Уг хөтөлбөр 2017 оны наймдугаар сарын 19-27 хооронд явагдана. Тиймээс сонирхсон хүмүүс яг одоо хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй өгөх хэрэгтэй юм.

Африкийн хүүхдүүдэд хичээл заах

Африкийн хүүхдүүдэд үргэлж тусламж хэрэг болж байдаг. Projects Abroad олон улсын байгууллага эдгээр хүүхдүүдэд дуу хөгжим, бүжиг, англи хэл, тоо зэрэг хэд, хэдэн төрлийн хичээл заах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хэрэв та хөгжмийн зэмсэг тоглож чаддаг бол Кейптаун дахь бага сургуульд багшлах боломжтой. Харин бүжгээр хичээллэх дуртай сайн дурын ажилтнууд хүүхдүүдэд балет эсвэл орчин үеийн бүжиг зааж болох юм. Сайн дурын ажил нь өглөө 09:00 цагт эхлээд 15:30 гэхэд өндөрлөдөг тул танд Баруун Өмнөд Африкийн соёлтой танилцах хангалттай цаг хугацаа гарах болно. Мөн энэхүү хөтөлбөр нь жилийн дөрвөн улиралд зохиогддог учраас та хүссэн үедээ хамрагдах боломжтой юм.

Таны хамрагдаж болох олон улсын сайн дурын шилдэг найман хөтөлбөр (фото 3)

WWF-тай хамтарч амьтдад туслах

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) амьтдыг хамгаалах сайн дурын хөтөлбөрийг залууст санал болгож байна. Жишээ нь тэд одоо Румын улсад бух гөрөөс судлах хөтөлбөрт сайн дурын ажилтнуудыг авч байгаа юм. Гэхдээ тэд зүгээр ч нэг сайн дурын ажилтан бус программ хангамжийн чиглэлээр ажлын туршлага хуримтлуулсан, англи хэлний дээд түвшний мэдлэгтэй хүмүүсийг хайж байгаа аж. Харин хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд сайн дурын ажилтнууд цуглуулсан мэдээллийг боловсруулж, тус сангийн шинжээчдийн боловсруулсан шинэ системийг туршиж үзэх хэрэг гарна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн энэхүү хөтөлбөр 3-6 сарын турш үргэлжилдэг. Румын улсад явагдах сайн дурын хөтөлбөр нь есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх ба хэрэв та хамрагдахыг хүсвэл 2017 оны наймдугаар сарын 10-ны дотор хүсэлтээ өгөх хэрэгтэй. Үүнээс гадна тус сангийн бусад сайн дурын хөтөлбөрүүдтэй танилцахыг хүсвэл албан ёсны вебсайт руу хандаарай.

Коста Рикагийн эмэгтэйчүүдэд туслах

Төгсгөлд нь бид GVI олон улсын байгууллагын хэрэгжүүлж байгаа нийгмийн ач холбогдолтой сайн дурын хөтөлбөрийг танилцуулахаар шийдлээ. Хэрэв гуравдагч ертөнцийн орнуудад тохиолддог хүйсийн тэнцвэргүй байдал санааг тань зовоодог бол та Коста Рика улсын эмэгтэйчүүдэд тусалж болох юм. Төв Америк руу явах хүсэлтэй сайн дурын ажилтнууд эхлээд бизнес эрхлэх тухай богино хэмжээний сургалтанд хамрагдана. Үүний дараа сайн дурын ажилтнууд олж авсан мэдлэгээсээ Коста Рикагийн эмэгтэйчүүдтэй хуваалцдаг байна. Зохион байгуулагчид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эмэгтэйчүүд өөрсдийн бизнес санааны талаар илүү нээлттэй ярьж мөн бизнесээ хөгжүүлэхэд амар болно гэж үздэг. Уг төсөл нь жилийн дөрвөн улиралд зохион байгуулагддаг бөгөөд сайн дурын ажилтан хөтөлбөрт хэр удаан хугацааны турш хамрагдахаа өөрөө сонгодог байна.

цааш үзэх