Хайх

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ?

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ?

Парист болзох мэт

Text: Б.Амина


Зураг:

Францын нийслэлтэй танилцахад зун цаг хамгийн тохиромжтой. Парисчууд нутгийнхаа урд зүг рүү аялалд явж, харин Парис зочдоо найрсгаар угтан авна

Зочид буудал

Тансаг буудал

Four Seasons Hotel George V бол дэлхийн хамгийн сайн зочид буудлуудын нэг. Энд байх 244 өрөө, Michelin Le Cinq-ийн хоёр одтой зоогийн газар, үйлчилгээ сайтай спа (түүнд орсноор бусад спа үйлчилгээ тааруу санагдаж ч магад) гээд энэ бүгд олон улсын жуулчдыг татдаг гол зүйлс нь. Үйлчилгээний ажилтнууд нь хотыг маш сайн мэдэх учраас хэнээс нь ч Парист хиймээр байгаа зүйлээ ярилцан, лавлаж болно. Зочид мөн 14 метрийн гүнд байрлах дарсны зоорьт зочлох онцгой эрхтэй байдаг. Тэнд урьд нь Ялалтын хаалганы (Arc de Triomphe) чулуу байсан түүхтэй. Харин одоо дэлхийн хамгийн сайн, 50 мянган шил дарс он цагийг элээн улам сайхан болон хадгалагдаж байгаа.

31, avenue George V

Үзэсгэлэнт Монмартр

Terrass зочид буудал анх Дали, Пиаф, Матисс болон Ренуар зэрэг зураачдын ид гарч ирж байсан үе буюу 1911 онд Sacre Coeur-ын ойролцоо баригджээ. Зуугаад жилийн хугацаанд таван үе дамжсан буудлын эзэд солигдоход энэ буудалд шинэчилсэн засвар хийсэн байна. Долоодугаар давхарт нь Парис хот бүхлээрээ харагдах тагт нэмж, зоогийн газар болон баар нээсэн нь зочдын сэтгэлийг хамгийн их татна. Засвар хийн шинэчилсэн ч зочид буудлын нийт 92 өрөөний угаалгын өрөөг хуучны вааран хавтантай нь үлдээсэн байна. 

12-14, rue Joseph-de-Maistre

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 1)

Оскар Уайльдын мөрөөр

Оскар Уайльдын сүүлд байрлаж байсан, Парисын үймээнтэй 1860-аад оны дээдсийн хүрээлэнгийн төв, хотын таван одтой зочид буудлуудын хамгийн жижиг нь байсан L'Hotel. Энэ газар Парис хотын зүүн талд, богем дүүрэг Сен-Жермен болон бутикүүдтэй ойролцоо байршилтай. Алдарт дизайнер Жак Гарсия энэ буудлын 20 өрөө, зоогийн газар болон баарыг бүтээхэд гар бие оролцжээ. Зочид усан оргилууртай хувийн цэцэрлэгт хүрээлэн, Оскар Уайльдын дурсамжийг хадгалсан газруудаар аялах зэрэг нэмэлт хөтөлбөр болон аяллын төгсгөлд декадент маягийн цайллагад маш их татагддаг байна.

13, rue des Beaux-Arts

Хооллох

Залуу авъяас

Хээнцэр Hexagon зоогийн газрын тогооч Матье Пако нь Парисын хамгийн залуу тогоочдын нэг .

Трокадерогийн* сүүдэр дээд зэрэглэлийн франц маягийн гал тогоонд тусах хэдий ч түүний хөшүүн байдал мэдээж хоолтой нь хамааралгүй. Дизайнерын гаргасан цэмцгэр интерьер, Эскофье ч атаархам Пакогийн 3D амт тэнд бий. Түүний хоолноос залуу хүний эрч хүч болон уламжлалт туршлага амтагдана. Уг зоогийн газрыг Францын албан ёсны бус нэр болох Hexagone гэж зүгээр ч нэг нэрлээгүй биз ээ.

*(1823 онд Франц-Испанийн хооронд болсон Трокадерогийн тулааны яруу алдрыг мөнхжүүлж барьсан ордон)

85, avenue Kléber

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 2)

Цай болон бялуу

Амьд ургамал болон цэцэгсийн дээврийн дор, олон төрлийн цайгаар үйлчилдэг Lily of the Valley жижигхэн цайны газар Carreau du Temple-ээс хэдхэн минут алхаад хүрнэ. Энд ирвэл La Parisienne гэх аньс, гүзээлзгэнэ, оргилуун дарстай ногоон цайг амтлаад үзээрэй! Лимонтой бялуу, шоколадтай саварен, цавуулаггүй шоколадны бялуу, самартай шоколадан боов, кекс, луувантай бялуу зэрэг амттаныг цайлангаа идэхэд тохиромжтой.

12, rue Dupetit-Thouars

Үзэл суртлын гудамж

Хуучны сонгодог хувцас, 1960-аад оны Того тавилга, киноны зурагт хуудас гээд Le Comptoir General-аас юуг ч олж болдгоороо алдартай. Тэндхийн Snack Local-д дэлхийн өнцөг булан бүрийн гудамжны хоолыг амтлах боломжтой. Цэс нь долоо хоног бүр шинэчлэгдэх ба 16 евронд ямар хоёр төрлийн хоол ирэхийг хэзээ ч таашгүй. Бүх зүйлийг төлөвлөсөн бидний амьдралд ийм гэнэтийн зүйл хэрэггүй гэж үү?

80, quai de Jemmapes

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 3)

Нууц баар

Hotel des Artistes гаднаасаа яагаад ч юм хажуугийн жижиг зоогийн газраар дамжин ордог зочид буудал мэт харагддаг. Харин үнэн хэрэгтээ зөвхөн цахим хуудсаар дамжуулан захиалга өгч ордог коктейль баар юм. Та тэдний өнгөлөн далдлалтыг нь нэвтрэн орвол тэд таныг Тапас болон бусад дэлхийн хамгийн алдартай зочид буудлуудын нэрсээр нэрлэсэн коктейлоор дайлна.

4, rue Rampon

Необрассери

Загварлаг хүмүүс, дизайнеруудын цүнх, нийтэд зориулсан загварын даашинзууд Tati худалдааны төвөөр холхиж, харин дараа нь Brasserie Barbes дахь ширээний ард сууцгаана. Кафе, баар, зоогийн газар болон бүжгийн талбай гээд бүгд нэг дор Barbes өргөн чөлөөнд нэгдэн байрлах аж. Парис дахь энэ зуны хамгийн хөл хөдөлгөөнтэй газраар тодорсон энэ өргөн чөлөө метроны буудлаас гармагц эхлэнэ.  Хөнгөн зууш, хавчуургатай талхтай шар айрагны газар нь нэгдүгээр давхартаа яарсан парисчуудад үйлчилнэ. Харин томоохон зоогийн газрууд зочиддоо хүндэтгэл үзүүлж шаландаа хивс дэвсдэг уламжлал нь одоо ч хэвээр байгааг та үзэж болно. Хүндэтгэл хүлээсэн оройн зоогонд Бээжин нугас амтлах, эсвэл тугалын шарсан элэг идэж болно. Мөн янжуурнаасаа салж чаддаггүй хүмүүсийн сэтгэлийг амраасан  задгай дээвэртэй баар, жижигхэн бүжгийн талбай, тагтны хэсэгт нарлангаа тогоочийн бэлдэж буй гайхамшигт хоолыг хүлээж болох юм. 

2, boulevard Barbès

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 4)

Аперитивийн нөөц

Маре дүүргийн төвд орших Парисын хуучны санхүүгийн байгууллагын барилга Municipal de Paris-д поп-ап-кафе нээгджээ. Есдүгээр сарын 27-н хүртэл тэнд дундад зууны үеийн хана туургыг нь бахдан, аперитив шимж болох аж.

Café Cour, 55-57, rue des Francs-Bourgeois

Худалдаа

Хумсны будаг

Кристиан Лубутен дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдэд улаан ултай гутлуудаа хүртээл болгосноосоо хойш хумсны будаг гаргаснаар өөрийн эзэнт улсаа гоо сайхны бүтээгдэхүүний салбараар тэлсэн билээ. Christian Louboutin Beaute 20 жилийн тэртээ гутлын мастерын карьер эхэлж байсан Vero-Dodat-д нээгдсэн байна. Түүхт хананы цаана аварга том "шил" нуугдана. Дотор хана нь цагаан хамба хилэнгээр хүрээлэгдэж, таазаа нүүдэг үүлээр чимэглэн, тавиур дээрээ 31 өнгөний сонголт бүхий хумсны будгаа тэд жагсаан өржээ.

8, Passage Vero-Dodat

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 5)

Мөнх байдал

Вандом талбайд байрлах Breguet бутик орох хэд хэдэн шалтгаан бий. Түүнийг учиртайгаар сайжруулж зассан ч түүхт байдлыг нь хадгалж үлджээ. Энэхүү бутикийг 240 жилийн түүхтэй цагны үйлдвэрийн өвийг хүндэтгэн нээсэн юм. Эндхийн шилэн хаалт нь хүртэл алдарт Clous de Paris сийлбэрт хүрдийг санагдуулам. Харин хоёрдугаар давхарын музейд байх хатан хаан Жозефин болон Их Эзэн Сэймурын  цаг болон бусад үйлдвэрийн архив илүү их түүхийг өгүүлнэ.

6, Place Vendome

Загварлаг хооллолт

1500 нэр төрлийн амттан, дарс, нарийн боов болон ресторан байрладаг La Maison Plisson нь хотын бүх л загварлаг хүмүүс, хоолонд дурлагсадын очдог газар юм. Yves Saint Laurent мөн Claude Pierlot-д ажиллаж байсан Дельфин Плиссоны санаагаар хийсэн тохижуулалттай. Тэнд таны худалдан авсан жимс, хүнсний ногоог цэвэрлэн хэрчиж өгөх үйлчилгээ ч бий.

93, Boulevard Beaumarchais

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 6)

Үзвэр

Баленсиагагийн хүрээлэн

Баленсиагагийн шүтэн бишрэгчид заавал цаг гарган Кале руу явах хэрэгтэй. Хоёр цаг галт тэргээр явахад найм дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх "Balenciaga-the master of lace" үзэсгэлэнд хүрч очно. Энгийн хүрэм, коктейль даашинз, бүстэй цамц, гоёл чимэглэлүүд гээд олон зүйл өнгөрсөн зууны 1950-60-аад оны загварын чиг хандлагыг тодорхойлогч, мөн одоо үед ч чухал нөлөө үзүүлж буй уран бүтээлчийн урланд багтжээ.

135, quai du Commerce, Calais

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 7)

Gargoyles (үлгэр домогийн амьтан)

Сен-Жак-де-ла-Бушери сүмээс үлдсэн цорын ганц цамхаг Сен-Жак нь XVI зууны дунд үед готик стилээр баригджээ. Тэр барилга Hotel de Ville-гаас холгүй жижиг цэцэрлэгийг чимнэ. Энэ есдүгээр сарын 27-ыг дуустал Баасан-Ням гарагт дээвэр дээр гарч хотыг тольдон, гаргули нартай селфидэж болно. Үүний тулд цахим хуудсаар дамжуулан бүртгүүлж, нарийн цагираган шатаар 300 алхам дээш гарахад л хангалттай.

39, rue de Rivoli

Outsider art

Хамгийн том, этгээд урлагийн бүтээлийн үлгэр дууриалал бол Генри Даржер юм. Түүний үхлийн дараа л Чикагогийн Католик сүмийн цэвэрлэгчийн нууц авъяас задарсан даа. Уран зөгнөлт зургууд, эвлүүлэг, комикс, зарц нарын боолчлол болон тэдний хэрцгий дарангуйлагчдын тухай 25000 хуудастай гар бичмэл гээд олон бүтээлүүд олдсон. Ёсорхог мөртлөө үнэнээс өөрсдийгөө далдалсан хэрцгий байдлыг дүрсэлсэн Даржерын 45 уран бүтээл Парисын орчин үеийн урлагийн музейд бий.

11, avenue du President Wilson

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 8)

"Harry Potter" дотор

Люк Бессоны барьсан 2000 метр квадрат талбайтай Cite du Cinema нь Жоан Роулингийн илбэчин хүүгийн тухай цувралд зориулагджээ. Киноны хэсэг, Харригийн шидэт дохиур, нүдний шил, Волан-де-Мортын нөмрөг, үл үзэгдүүлэгч цув гээд маш олон ид шидийн ертөнцийн зүйлс "Harry Potter" үзэсгэлэнд байх аж. Квиддич тоглоомын дүрмийг ойлгох, нарийн тоноглолтой шидтэний сургууль Хогвартс, Рубеус Хагридын урцыг ойроос харахыг хүсвэл есдүгээр сарын 6-наас өмнө тэнд очоорой.

20, rue Ampere, St-Denis

Ив Сен-Лоран

Пьер болон Александр Бухло нар Ив Сен-Лораны карьерыг  36 ширхэг зурагт буулгасан нь ховорхон бүтээл, загварын түүхийн өв болон үлдэнэ. Dior-оос анхны гараагаа эхлэн, улмаар өөрийн эзэнт гүрнийг байгуулж, эцэст нь Помпиду-д үдэлтийн шоугаа хийх хүртэлх агуу дизайнерийн амьдралын чухал үйл явдлууд эдгээр зургуудад бий. Дизайнер амьдралын сүүлийн өдрүүдээ Марсо өргөн чөлөөн дэх урландаа ажиллаж өнгөрөөж байсныг эндээс харах боломжтой. 

33, rue Francois 1er

Зугаа цэнгэл

Дээвэр дээрхи үдэшлэг

Cite de la Mode et du Design-ын барилгын дээвэр дээр Nuba клубд өглөөний зургаан цаг хүртэл Гаитигийн хэвшмэл байдал тропикийн электро поп болж хувирна. Хөтөлбөрийг хэзээ ч эрт зарладаггүй нь тэнд очиж хөгжилдөх залууст бараг л хамаагүй биз ээ.

34, quai d'Austerlitz

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 9)

Наран шарлагын газар

Парисын наран шарлагын газрууд нь зуныг өнгөрөөх хамгийн "солиотой" газруудын нэг байх болно. Ихэнхи нь наймдугаар сарын дундуур хаагддаг ч Glazart наран шарлагын газар аравдугаар сарын 3-н хүртэл ажилладаг. Элс, налдаг сандал, петанк, хоолны машинууд гээд тийшээ очих хүсэл төрүүлэх зүйл дуусахгүй. Мягмар болон Пүрэв гарагуудад концерт зохион, харин Баасан болон Бямба гаригт задгай тэнгэрийн доор мянга мянган клубчид цуглан бүжиглэдэг.

7-15, avenue de la Porte-de-la-Villette

Бүжиглэх

Хямд дарс шимэн, аккордеоны дуунд бүжиглэх нь сэтгэгдэл төрүүлэхгүй гэж үү? Тийм хүсэлтэй хүмүүс Парисын төв дэх цаг хугацааны машин Rosa Bonheur Guinguette-д очих хэрэгтэй. Ийм газруудыг генгет гэж нэрлэдэг ба XIX зууны сүүл үеэс задгай тагтан дээрээ бүжгийн талбайтай кафенуудыг нэрлэдэг байжээ. Тэд бараг бүгд л хотын захад байрладаг ч өнгөрсөн зууны хамгийн алдарт зураачдын нэгний нэрээр нэрлэсэн салбар саяхан хотын төвд, Орсегийн эрэгт нээжээ. 

Парист нэгэн удаа: Хаана буудаллах, юу зооглох, хаагуур зугаалах вэ? (фото 10)

 

цааш үзэх