Хайх

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ?

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ?

10 сонирхолтой маршрут

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг тохиолдуулж Бюро 24/7 аяллын сонирхолтой маршрутыг санал болгож байна

Шинэ Зеланд

Серфингийн тавцан дээр, бүгдээс түрүүлж шинэ оныг угтаарай

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 1)

Ертөнцийн захад шинэ жил тэмдэглэх нь Монголдоо баярлахаас нэг их ялгарахгүй. Жишээ нь Шинэ Зеландын Киви үндэстэн похатукава модоо чимэглэж, ханги зуухандаа баярын уламжлалт зоогоо бэлтгэнэ. Мэдээж хэрэг Оакландын гудамжинд болдог уламжлалт Санта-Клаусын парадыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Андорра

Ууланд цанаар гулгаж, татваргүй худалдаа хийх

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 2)

Европод цанаар гулгахад хамгийн тохиромжтой газруудын нэг бол яах аргагүй Андорра юм. Андоррагийн газар нутагт Пиреней уулсын 65 оргил оршдог бөгөөд нийт 247 км уулын замтай. Уулын өндөрлөгт дөхөх тусам хааны гэр бүлийн гишүүд, Испанийн хөл бөмбөгийн шигшээ багийнхан, Их Британийн улс төрч нартай тааралдах өндөр магадлалтай. Уулнаас буугаад шоппинг хийхдээ бэлдэж цанын гутлаа эвтэйхэн ботинкоор солиорой. Улс төрийн хувьд Андорра нь Франц ба Испани улсуудаас хамааралтай ч татваргүй худалдааны чөлөөт бүсийг байгуулж чадсан юм. Дээрээс нь Зул сарын баярын хямдрал нэмэгдээд бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудаас 30% илүү хямд худалдаж авах боломжтой. Сайхан биш гэж үү?

Финланд

Өвлийн спортын бүх төрөл нэг дор

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 3)

Өвлийн улиралд Финланд үлгэрийн орон болж хувирдаг. Финландын хөлдсөн нууран дээгүүр цанаар гулгах хамгийн тохиромжтой ч уран гулгалтаар хичээллэхийг хүсвэл Иматра ба Лаппеенрантад байрлах хиймэл мөсийг сонгосон нь дээр. Хэрэв тэшүүрээс бага зэрэг залхвал кёрлингийн спортод анхаарлаа хандуулаарай. Энд мөн өвлийн загасчлал хийж, саунд сууж болно. Харин Рованиеми хот руу очиж үзэхийг хүсвэл эхлээд сайтар бодож үзээрэй. Учир нь Йоулупукки буюу финландын өвлийн өвгөнийг үзэхээр маш их дараалал үүссэн байх вий. Үүний оронд зэргэлдээ орших фермд очиж цаа бугын сүрэгтэй танилцаарай.

Тель-Авив, Израйль

Далайн эргийн зугаалга, маш их хоол ба үдэшлэгүүд

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 4)

Тель-Авивын боомтод хамгийн сүүлд усан онгоц хагас зууны өмнө нэвтэрч байсан. Саяхнаас л энд иргэдэд зориулсан олон нийтийн амралтын бүс байгуулсан юм. Эрэг дагуу органик кофе уунгаа нар мандахыг харж, дараа нь фермийн хүнсний захыг сонирхож болно. Тель-Авивийг "хэзээ ч зогсдоггүй хот" гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Тиймээс оройдоо хүмүүс баар хэсч цагийг зугаатай өнгөрүүлдэг.

Шанхай, Хятад

Дорнын уур амьсгалтай зул сарын баяр

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 5)

Шанхай явахын тулд заавал хятадын шинэ жилийг хүлээх хэрэггүй. Зул сарын баяраар ч энд ер бусын уур амьсгал орсон байна. Тэр тусмаа Франц дүүрэг баяр ёслолын төв байх болно. Шанхайгаас нийтлэг ази амьдралын хэв маяг болон хээнцэр франц уур амьсгалыг зэрэг мэдрэх боломжтой.

Ялта, ОХУ

Жуулчид багатай Крымийн өмнөд эрэг

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 6)

Зунаас илүүтэй өвлийн улиралд Ялта руу аялах нь илүү амар байх болно. Учир нь энэ үед далайн эрэг орчмоор жуулчид багатай байдаг. Дарсан толгод руу уулын лифтээр аялж, А.П. Чеховын гэр музейг үзэж, бодлогшрон алхах зуураа хоттой танилцах гээд хийх зүйл ч олон бий.

Сейшелийн арлууд

Далайн эрэг дээрх даяанчлал

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 7)

Ихэнх аяллын хөтчүүд Сейшелийн арлуудыг хурим хийхэд тохиромжтой газар гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энд ирээд бодлоо цэгцэлж , ганцаараа цагийг өнгөрөөх ховор боломжийг бүү алдаарай. Эсвэл серфингээр хичээллэж, усанд шумбаж ч болно. Сейшелийн арлын тансаг байдал нь үнэтэй зочид буудлын интерьерт эсвэл энд ирдэг алдартнуудад ч биш харин илүү гүн гүнзгий дотоод нийлэмж ба урам зориг авахад оршдог.

Армени

Бастурма, хаш, бозбаш, долма ба пахлава

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 8)
Армени улсын хоолны соёлыг ганцхан хуудсанд багтаах боломжгүй. Армени руу аялахад хамгийн тохиромжтой үе бол үнэн алдартны Зул сарын баяр юм (нэгдүгээр сарын 6). Учир нь энэ үеэр таныг айл бүр хүндэт зочин мэтээр хүлээж авах болно. Харин баярын дараа үзэсгэлэнт Севан, эртний Гегард, Дуурийн театр, Ереван дахь "Гафесчян" урлагийн төвөөр аялахыг танд санал болгож байна.

Рейкьявик, Исланд

Салют ба харь гарагийн мэт байгаль

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 9)

Европын бусад орнуудыг бодвол Исланд улс Шинэ жилийн баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг. Рейкьявикийн гудамжинд арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө гэнэт маш гэгээтэй болдог. Байшингуудын цонхоор лаа асч байгаа нь харагдаж, тэнгэрт туйлын туяанаас дутахааргүй гэрэлтэх салютуудыг бууддаг байна. Гэхдээ шинэ оны эхний өглөө гэхэд л Исландын үлгэрийн мэт үзэсгэлэнт байгаль таныг гайхшруулах болно. Исландын мөсөн гол, галт уул болон алдарт халуун рашаан зэрэг байгалийн гайхамшгуудыг заавал очиж үзээрэй. Таны шинэ оны эхний долоо хоног ер бусын үзэсгэлэнтэй эхлэх болно.

Доминиканы Бүгд Найрамдах Улс

Колонийн үеийн архитектур, халим ба хотын амьдрал

Сүүлийн мөчид: Шинэ жилээр хаашаа аялах вэ? (фото 10)

Шинэ жилийн баяраар Доминикан улсаар аялахыг зөвлөж байна. Та аяллаа Санта-Домингогоос эхэлж, хотын төвөөр зугаалж, колонийн үеийн архитектуртай бүр сайн танилцаад аваарай. Харин үүний дараа Саманагийн халимнуудыг харж, далайн эргээр зугаалж, ром дарс шимэх хэрэгтэй. Доминикан улс нь диваажин мэт үзэсгэлэнт байгаль ба орчин үеийн хотыг төгс хослуулсан газар юм.

цааш үзэх