Хайх

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар

Өвлийн амралтаа хаана өнгөрүүлэх тухай бодох цаг ирлээ

Та шинэ жилийн амралт эхэлтэл хангалттай хугацаа байна гэж бодож байж магадгүй л юм. Гэхдээ нэг мэдэхэд л шинэ жилийн баяраа тэмдэглэх цаг ирсэн байдгийг та мэдэж байгаа биз ээ. Тиймээс тун удахгүй "Хаана шинэ жилийн баяраа тэмдэглэх вэ?" гэх асуултыг хүн бүр асуух болно. Амралт, аяллаа эртнээс төлөвлөж сурсан хүмүүст зориулаад бид хүн бүрийн сонирхолд нийцэх 14 улсыг танилцуулж байна.

Берлин, Герман

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 1)

Дундад зууны үеийн цайзад зохиогдох баярын хүлээн авалт, бар хоппинг, олон улсын хүмүүс цугларсан үдэшлэг, Мишлений одтой ресторанд оройн зоог барих гээд Берлинд нэгэн зэрэг хэд, хэдэн сонирхолтой байдлаар шинэ жилийн баяраа тэмдэглэж болно. Мөн Берлинд баярын хоолны цэс ч маш өргөн сонголттой. Жишээ нь жигнэсэн мөрөг загас, төрөл бүрийн махан зууш ба бяслагууд, шар айраг, коктейль, оргилуун дарс гээд эндээс янз бүрийн зүйлсийг амтлах боломжтой.

Польш

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 2)

Хэрэв шинэ жилийн баяраа уламжлалт ёсны дагуу атлаа арай өөр орчинд тэмдэглэхийг хүсвэл Варшав яваарай. Хотын төв талбайд ёслолын буудлага хийхээс гадна, шинэ жилийн яармаг худалдаа, халуун дарс, Польш үндэсний бялуу зэрэг олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байх болно. Харин шөнө дунд эхлэхээс өмнө нутгийн иргэд болон Castle Square талбайд явж буй жуулчидтай нэгдээрэй. Мөн талбай дээр дуулж буй гудамжны дуучдад хэдэн зоос өгч, гацуур модтой аль болох ойр байрлалыг эзлэхийг хичээгээрэй. Ингээд 12 цагийг заахад "Szczęśliwego nowego roku" гэж хамаг чангаараа хашхирах хэрэгтэй шүү. Шинэ оны эхний өдөр Вроцлав ба Краков хотуудаар аялах хэрэгтэй. Краковт очоод "Copernicus" зочид буудлын ресторанд хооллохоо мартуузай.

Тбилиси, Гүрж

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 3)

Тбилиси хотын ЗХУ-ын чимэглэлтэй байшингуудыг харахад танд шууд л баярын уур амьсгал мэдрэгдэх болно. Тэгвэл сациви ба хачапуриний гайхалтай үнэр таны баярын өмнөх ядаргааг хормын зуур л тайлна гэдэгт итгээрэй. Та энд шинэ жилийн шөнийг өөрийнхөө хүссэнээр тэмдэглэж болно. Жишээ нь хэрэв та хөл, хөдөлгөөн, дуу чимээнд түүртдэггүй бол нутгийн залуустай хамт Руставели өргөн чөлөө рүү яваарай. Харин ширээний ард баяраа тэмдэглэхийг хүсч байвал өөрт таалагдсан ресторанаа сонгоход л болно. Гэхдээ Гүрж хүмүүс хөгжилдөх дуртай тул ресторанд тань чимээ шуугиан ихтэй байна гэдгийг санахад илүүдэхгүй. Үүнээс гадна, Гүрж улстай танилцахад ганцхан өдөр хангалтгүй юм. Тэдний уламжлалт хоолнуудыг амталж, дуулж бүжиглэн, шинэ жилээ тэмдэглэхийн тулд танд арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 2-н хүртэл гурав хоног шаардагдана. Хэрэв танд хүч тэнхээ үлдсэн бол нэгдүгээр сарын 3-аас эхлэн Тбилиси хотыг судалж болох юм. Мөн алдарт Абанотубани гэх хүхрийн рашаанд орохыг хүсвэл танд дахин нэг өдөр хэрэг болно.

Алма-Ата, Казахстан

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 4)

Казахстаны хуучин нийслэл хотыг Кок-Тюбе уулын орой дээрээс харахад хамгийн тохиромжтой. Энд шинэ жилээ тэмдэглэхийг хүсвэл ресторанд ширээ захиалж эсвэл оргилуун дарс, зууш худалдан авч, шөнө дундыг тэнгэрийн од харан гадаа угтаж болох юм. Мэдээж хэрэг Алма-Ата хотын төвд янз бүрийн үдэшлэг зохион байгуулагдаж, гудамжинд бүжиглэн цэнгэх залуус харагдах тул та огт уйдахгүй. Хэрэв танд илүү тайван орчин хэрэгтэй бол Чимбулак гэх цанын баазад цанаар гулгаж эсвэл "Медеу" нэртэй дэлхийн томоохон мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгаж, өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Түүнчлэн Казахстан улсын байгалийн гайхамшгуудын нэг болох Big Almaty нуурыг заавал очиж үзээрэй.

Ром, Итали

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 5)

Ром хотод шинэ жилийг улс орон даяараа зугаалж цэнгэн, ёслолын буудлага хийж өргөнөөр тэмдэглэдэггүй. Харин үүний оронд эелдэг италичуудтай просекко шимэх зуураа сонирхолтой яриа өрнүүлэн богем маягийн үдэшлэг зохиовол зохимжтой. Хамгийн гол нь энд нэг газраа удах хэрэггүй гэдгийг санаарай. Эелдэг хүмүүсийн хэлсэн магтаалын үгийг баяртайгаар хүлээн авч, орсон газруудаа тоолохгүй байх нь чухал юм шүү. Харин үүр цайх алдад хуучин дэнлүүний зөөлөн гэрэл тусах Тибр голын эргээр зугаалаарай. Шинэ оны эхний өдөр энэ хотод ямар ч үйлчилгээний газар ажиллахгүй тул та бараг л эзгүй хотыг судалж, архитектурын дурсгалт газруудыг сонирхож, эсвэл зүгээр л амарч болно. Харин дараагийн өдрөөс эхлэн урлаг соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Тиймээс концерт, үзүүлбэр болон бусад арга хэмжээний зарлалуудыг тоохгүй өнгөрөх хэрэггүй. Ром хотод ийм арга хэмжээнүүд маш үнэтэйгээс эхлээд үнэ төлбөргүй хүртэл тавигддаг. Ямар ч тохиолдолд сонирхолтой үзүүлбэрүүд нь таны үлдсэн амралтын өдрүүдийг чимэх болно.

Тель-Авив, Израйль

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 6)

Тель-Авив бол шинэ жилийн баяраас нуугдаж, эсвэл эсрэгээрээ энэхүү баярыг хэнээс ч илүү сүртэй тэмдэглэж болох сонирхолтой газар юм. Энд хүмүүс гудамжинд олноороо шинэ жил тэмдэглэж байгаа харагдахгүй ч баар, клубуудэд төрөл бүрийн үдэшлэг, үзүүлбэрүүд зохиогдож, амьдрал жинхэнэ "буцалж" байх болно. Тель-Авив шинэ жил тэмдэглэх тал дээр маш олон сонголттой. Жишээ нь Азриэли цамхагт үнэтэй оройн зоог барьж, эсвэл далайн эрэг дээр үдэшлэг зохиож болно. Дашрамд хэлэхэд хэрэв та сэлэхийг хүсвэл далайн ус хангалттай бүлээн байх болно шүү.

Зальцбург, Австри

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 7)

Зальцбургийн шинэ жил бол сонгодог өвлийн амралт юм. Гэрлэн чимэглэлүүд, бөөн бөөн гацуур модны тоглоомууд, шилмүүст модны мөчир арванхоёрдугаар сараас эхлэн хотыг чимдэг тул Зальцбургийн аль ч гудамжинд очсон өөрийгөө яг л дундад зууны үеийн Австрийн үлгэрт байгаа мэт мэдрэх боломжтой. Энд амтат жигнэмэг, эртний чимэглэлүүд, чихэрлэг дарснууд нь баярын уур амьсгал төрүүлээд зогсохгүй уулын дунд байрлах энэхүү нам гүн хот нь цаанаа л нэг онцгой мэдрэмжийг өгөх болно. Шинэ жилийн үдэш яармаг худалдаанаас бенгалийн гал худалдан авч, нутгийн иргэдтэй хамт Зальцбургийн сүмийн хонхыг сонсон, шинэ оноо угтаарай. Харин дараагийн өдөрт хотын түүхэн дурсгалт газруудаар явж, ойролцоох уулын цанын баазаар зочлоход хугацаа тань хангалттай байх болно.

Касабланка, Марокко

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 8)

Хотын шөнийн амьдрал Корниш эрэг дээр өрнөнө. Яг энд л шинэ жилийн баяраа тэмдэглэх тохиромжтой газрыг хайж, олон улсын аялагчидтай танилцах хэрэгтэй. Шинэ жилийн бэлгээ Хаббус дүүргээс хайгаарай. Эндээс та бабуши гэх шаахай, алдарт марокко дэнлүү, төрөл бүрийн амтлагчууд худалдан авах боломжтой. Дараа нь Хасаны сүм орж, тус улсын нийслэл Рабат болон эртний Мекнес хотыг судлаарай.

Афин, Грек

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 9)

Шинэ жилийн баяраар Афин хот руу аялах нь танд маш онцгой сэтгэгдэл үлдээнэ. Учир нь энд шинэ жилийн баярыг Гэгээн Василийн өдөр хэмээн нэрлэдэг байна. Хамгийн гайхалтай нь энэхүү баярын гол баатар нь бидний мэдэх Өвлийн өвгөн эсвэл Санта Клаус бус харин Гэгээн Василий байдаг аж. Та баярын өдөр Синтагма талбай дээр очин, уламжлалт сиртаки бүжгийг сонирхон, ёслолын буудлагыг үзэж болох юм. Цагийн зүү 00:00 тоог заахад анар жимсийг чулуун хананд цохин бяцалж, аз жаргал ерөөгөөрэй. Харин өглөө босонгуутаа ойролцоох нарийн боовны мухлаг руу яаравчлан василопита гэх грекийн уламжлалт талхыг заавал амсаж үзэх хэрэгтэй. Хэрэв аз таарвал таныг эелдэг хөрш тань энэхүү талхаар дайлах болно. Гэхдээ грекүүд тус амттанд зоос хийх дуртай (мөн л аз жаргал ерөөж) учир болгоомжтой зажлахыг бид зөвлөж байна.

Хонг Конг, Хятад

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 10)

Хонг Конгийн ёслолын буудлага бол дэлхийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг юм. Тиймээс Golden Bauhinia гэх талбайд эртлэн ирж, хамгийн сайн харагдахуйц байрлалыг эзлэх хэрэгтэй. Хэрэв та жуулчдын дунд шахцалдахыг хүсэхгүй байвал Tsim Sha Tsui дүүрэгт очин, Кантон үндэстний дуурь үзэж, оддын өргөн чөлөөг сонирхон, төрөл бүрийн гудамжны хоолнуудаас амталж үзэхийг санал болгож байна. Мөн энд өдөр бүр оройн 20:00 цагаас "Symphony of Light" гэх алдарт гэрлийн шоу болдог байгаа.

Рейкьявик, Исланд

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 11)

Хэр их дуу чимээтэй шинэ жилийн баяраа угтана тэр хэмжээгээрээ тухайн оноо аз жаргалтайгаар өнгөрөөнө гэдэгт нутгийн иргэд итгэдэг. Тиймээс энд дуу хөгжим өглөө хүртэл тасрахгүй бөгөөд үнэхээр их чимээ шуугиантай байдаг. Жил бүрийн шинэ жилийн баяраар хотын төв талбай жинхэнэ зугаа цэнгэлийн төв болон хувирдаг уламжлалтай. Энд маш том түүдэг гал асаадаг бөгөөд энэ нь нэгэн зэрэг гацуур мод бас "халаагч" болон хувирдаг юм. Ёслолын буудлага өндөрлөсний дараа тэнгэр харанхуй болохгүй бөгөөд харин Туйлын туяаны ачаар улам үзэсгэлэнтэй харагдана. Зөвхөн энэхүү үзэсгэлэнт дүр зургийг харахын тулд маш урт замыг туулан Рейкьявик хотоор айлчлаарай.

Нью-Йорк, АНУ

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 12)

Хэзээ ч нойрсдоггүй гэгддэг энэхүү хот нь өвлийн баяруудад бүр хоёр сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Харин арванхоёрдугаар сарын сүүл гэхэд хот олон мянган гэрэл болон бусад чимэглэлүүдийн тусламжтайгаар гялалзаж, танигдахгүй болтлоо өөрчлөгддөг. Хэрэв та Times Square талбайд шахцалдахыг хүсэхгүй бол Төв цэцэрлэгт хүрээлэнд (Central Park) байрлах мөсөн гулгуурын талбайд очиж болох юм. Эсвэл зүгээр л хөл хөдөлгөөнтэй газруудаар зугаалж болно шүү.

Гоа, Энэтхэг

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 13)

Өмнөд Азид нэгдүгээр сарын эхээр далайн эрэг дээр амрахад хамгийн тохиромжтой улирал эхэлдэг. Гэхдээ Энэтхэгийн хамгийн жижиг энэхүү муж аль ч улиралд аялахад зохимжтой байдаг билээ. Анжуна тосгонд шинэ жилийн баярыг далайн эрэг дээр тэмдэглэдэг тул та хөл хөдөлгөөн ихтэй үдэшлэгт дуртай бол энэхүү газар нь сайхан сонголт байх болно. Шинэ оны эхний өдөр скутер түрээслэн, ойролцоох үзэсгэлэнт эргүүдээр зугаалаарай. Мөн та бэлэг авахаар нутгийн хуучин эд зүйлс худалдаалдаг захаар орохоо мартав аа. Та эндээс гар аргаар цайруулсан янз бүрийн хувцас, хачирхалтай бэлэг дурсгалын зүйлс олж авах болно. Мөн хамгийн гол нь худалдан авалт хийхдээ наймаалцахаас бүү ичээрэй!

Дубай

Шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх вэ: 14 сонирхолтой газар (фото 14)

Шинэ жилийн шөнө Бурж-Халифа цамхаг ёслолын буудлагын төв болон хувирдаг. Та Дубайд шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаа бол бүр эртнээс ресторанд захиалга өгч эсвэл усан онгоцууд дээр зохиогддог үдэшлэгийн тасалбарыг өмнө нь худалдаж авах хэрэг гарна. Харин их мөнгө үрэхийг хүсэхгүй байгаа хүмүүс Жумейра гэх үнэ төлбөргүй наран шарлагын газар луу очиж болно. Үүний тулд ууж, идэх зүйлсээ бэлдэж, эртхэн байраа эзлэх хэрэгтэй шүү. Мөн шинэ жилээр тэмээ унаж, сафари аялал хийх боломжтой. Үүний дараа шинэ жилийн шоппинг хийхэд төгс байх болно. Учир нь энэ үеэр Дубайн дэлгүүрүүд томоохон хямдрал зарласан байдаг билээ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх