Хайх

Израиль улстай танилцах тав хоногийн аялал

Израиль улстай танилцах тав хоногийн аялал

Иерусалим, Сөнөсөн тэнгис, Масада цайз, спа төвүүд болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Аялах цаг зав багатай ч хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн өлгий болсон Израиль улсад очихыг хүсдэг хүмүүст зориулж, тэнд хийж болох сонирхолтой зүйлсийг нэгтгэсэн тав хоногийн тусгай хөтөлбөр танилцуулж байна

Эхний өдөр

Юу хийх вэ: Иерусалимын хуучин хотоор зугаалж, Гаслангийн ханын (Баруун хана) хажууд зогсож, Гефсиманы цэцэрлэгт хүрээлэнд цаг хугацааны баримжаагаа алдан, Елеон уулын орой дээрээс үзэсгэлэнт байгалийн дэлгэрэнгүй дүр зургийг тольдоно

Мэдээж Иерусалим хотод нэгхэн өдөрт юу ч үзэж амжихгүй. Аяллын төлөвлөгөөгөө яаж ч шахуу гаргасан бай, хотын түүх дурсгалын газруудыг бүгдийг нь үзэх боломжгүй. Тиймээс энэ бүгдээс хоёр, гурван газар сонгож аваад өөрийн хүссэн хугацаагаараа үзсэн нь дээр.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 1)

Хуучин хотоор зугаалж дуусаад Ариун авсны сүм, Гаслангийн хана (Ямар ч шүтлэгтэй хүн мөргөж болдог!), болон Гефсиманы цэцэрлэгт хүрээлэнгээр заавал очиж үзэх хэрэгтэй. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хашлагаар хүрээлэгдсэн ч эргэн тойронд нь зугаалж болох ногоон байгууламж бүхий жим гаргасан байгаа. Энд модны сүүдэрт суунгаа бясалгал хийхэд хамгийн тохиромжтой. Яг юуны талаар бясалгаж суух нь таны л хэрэг. Ямартаа ч, энд ирсэн шүтлэггүй хүмүүс хүртэл ер бусын хүчтэй газар ирсэн гэдгээ мэдрэх болно. Хотын оройн дүр зураг үдшийн гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг тул, оройн хоолны өмнө Елеон уулын оройд гарч дахин нэг Иерусалим хотыг харах хэрэгтэй. Харин оройн хоолны дараагаар амьдралд тань тохиолдож болох хамгийн сонирхолтой түүхийн хичээлийг үзэхээр Давидын цамхагт очоорой. Энэхүү эртний цайзын ханан дээр Иерусалим хотын тухай анимэйшн киног проектороор үзүүлдэг. Үдшийн тэнгэрт оддын дор цуурайтах киноны хөгжим, байлдааны хэсэг, өнгө өнгийн гэрэл цацрах нь ямар нэг үзүүлбэр, тоглолт мэт харагдана. Израйлчууд боловсролын кино хэрхэн хийхээ сайн мэддэг бололтой.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 2)

Хоёр дах өдөр

Юу хийх вэ: Иерусалимаас Эйлат хот руу хөдөлнө, Тимна үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаднуудын зургийг авна, Улаан тэнгис хүрэх замд цөлд буудаллаж, хээрийн хоол иднэ

Дор хаяж хоёр аялал хийх учир Иерусалимаас эртхэн хөдлөх хэрэгтэй. Эхлээд Иерусалим хотын эхийг тавьсан газар гэгддэг Давид хот руу аялах бөгөөд дараа нь өнгө, өнгийн эгц хадаар хүрээлэгдсэн тал газар бүхий Тимна хүрээлэнд очиж үзнэ. Хүрээлэнд орших хаднуудын хамгийн алдартай нь Соломон хааны уурхай гэгддэг хад юм. Энэхүү хадны суурь хэсэг нь маш нарийн боловч орой хэсэг нь эсрэгээрээ маш том хэмжээтэй тул аварга том хад яг л дээрээс унах гэж байгаа мэт аймшигтай харагддаг.

Хэрэв боломжтой бол Тимна цэцэрлэгт хүрээлэнд бүтэн өдрөөр ирсэн нь дээр. Яагаад гэвэл энд хадан цохионоос гадна үзэх өөр олон зүйл бий. Жишээлбэл Египетийн бурхан Хатхорын сүм, улаан элсэрхэг чулуу, нуман хаалга зэрэг бусад байгалийн өвөрмөц тогтоцыг эндээс сонирхож болно. Гэхдээ хэрэв танд аялахад таван хоногийн л хугацаа байвал Эйлат хотод гэгээтэй байхад очихын тулд цаашаа замдаа эртхэн гарсан нь дээр. Тэгэхдээ Эйлат хот руу явах зам бол тусдаа бас нэгэн аялал болж байгаа юм. Ер нь Израиль улсаар автомашинаар аялах нь хамгийн зөв санаа байх болно. Учир нь маш тэгшхэн сайхан замтай ба машины цонхоор харагдах үзэсгэлэнт байгаль нь хэнийг ч гайхшруулж чадна. Ногоон байгаль, элсэн цөл, хадан цохио зэрэг байгалийн гайхамшигтай тогтоцнууд нь таныг үе, үехэн зогсож гэрэл зураг авахад хүргэнэ. Гэхдээ мэдээж таны жолооч энэ тал дээр арай өөр бодолтой байж магадгүй л юм.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 3)

Гурав дах өдөр

Юу хийх вэ: Dolphin Reef (Далайн гахайн хаданд) очиж спа төвөөр үйлчлүүлнэ, далайн музейг үзэх, далайн эргээр зугаална

Энэ өдрийг бүхэлд нь Эйлат хотод өнгөрөөх болно. Энэхүү хот нь амралтын газрын хот тул амттай хоол болон усанд сэлэх газраар элбэг байна. Мөн энд олон янзын дэлгүүр хэсч, Улаан тэнгисийн үзэсгэлэнт эрэг дээр нар жаргахыг ширтэх зэрэг олон сонголтуудтай.

Гэхдээ мэдээж Эйлат хот нь төрөл бүрийн спа үйлчилгээгээрээ алдартай. Энд ч, Сөнөсөн тэнгисийн эрэг дээр ч хүн бүрт танил болсон спа үйлчилгээг (ихэвчлэн шавар эмчилгээ) сайн хийдэг ч, Dolphin Reef-д хийдэг спа үйлчилгээг яагаад ч гүйцэхгүй. Учир нь энд тусгай сургуулилттай далайн гахайнууд спа төвийн тусгай модон хонгилууд бүхий байгууламжинд амьдардаг бөгөөд тэд спа төвийн хүрхрээ, амралтын өрөө, цэцэрлэгийн сүүдрэвч зэрэгт хаа сайгүй байдаг. Харин спа төвийн эзэд нь эндээ амарч, найзуудтайгаа уулзан, албан бус уур амьсгал бүрдүүлдэг байна.

Тиймээс энэхүү газар нь спа төв огтхон ч биш, харин нэг тийм нууц газар шиг санагдана. Мөн Dolphin Reef спа төвийн хамгийн гол зүйл нь усан дотор алжаал тайлах үйлчилгээ юм. Таныг зааварлагч бүсгүй хөлний уланд иллэг хийх зориулалттай тусгай жижиг чулуунуудтай усан санд оруулахад жинхэнэ гайхамшиг эхлэх болно. Таны бие тусгай хийлсэн дэрнүүдийн тусламжтайгаар усны гадаргуу дээр хөвөх ба таны зүгээс ямар ч хүчин чармайлт шаардагдахгүй. Үүнээс гадна, хөл гарандаа ээлжлэн иллэг хийлгэж, босоо ятгын хөгжимд усан дотор нааш цааш найган бүүвэйлэгдэхэд өөрийн эрхгүй цаг хугацааны баримжаагаа алдах ба толгойд ямар ч зүйл бодогдохгүй. Энэхүү алжаал тайлах эмчилгээ дуусахад та зааварлагч бүсгүйн нэрийг санаж болох ч, өөрийнхийгөө бол санахгүй байж магадгүй шүү. Яг л дахин төрсөн мэт бүх бие тань ариуссан байх вий.

"Далайн гахайн" эмчилгээний дараагаар далайн музей үзэх болон оройн хоол идэх гээд тэр өдөр хийсэн бүх зүйл танд зүүдлэж буй мэт санагдах бөгөөд ятганы хөгжимдөх дуу маргааш хүртэл таны чихэнд сонсогдож, тайвшралыг мэдрүүлнэ.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 4)

Дөрөв дэх өдөр

Юу хийх вэ: Аян замаа үргэлжлүүлж, Масада цайзыг үзэж, Сөнөсөн тэнгисийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс худалдаж авна

Өглөө аялалд гарахдаа бэлдэж аваад өдөр гэхэд Сөнөсөн тэнгис болон Масада цайз руу хөдлөх болно. Масада цайз танд энэ өдрийн хамгийн гүнзгий сэтгэгдлийг төрүүлэх тул, яаралгүй Эйлат хоттой салах ёс гүйцэтгээрэй. Замд гарснаас цагийн дараа гэхэд Масада хүрэх замын талыг туулсан байна. Мөн машины цонхоор харахад байгаль ч өөрчлөгдсөн байна. Одоо ногоон арлууд цөлөөр солигдож, танд олон тооны нүүдэлчдийн суурин үзэгдэж эхэлнэ. Хэсэгхэн хугацааны дараа зөвхөн ямар нэг тавцанг санагдуулам, олон салаалсан ан цав бүхий намхавтар уулнууд нүдэнд тань харагдах болно. Хаврын улиралд энд гол горхи урсдаг ч, цаашлах тусам яг л Ангараг гарагийг санагдуулам байгаль таныг угтана.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 5)

Гол замаас хазайн, баруун тийш эргэхэд энд тэндгүй олон машин, олон тооны жуулчид болон Сөнөсөн тэнгисийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр байх аж. Эндээс дүүжин төмөр замтай галт тэрэгний билет худалдаж аваад л бид Масада цайзад очих юм.

Масада цайзын түүхийг товчхон өгүүлбэл, Агуу Ирод Сөнөсөн тэнгисийн ойролцоох өндөр хадан дээр өөртөө болон ойр дотныхондоо хоргодох байр босгожээ. Тэрээр бүх зүйлийг сайтар төлөвлөж, асар том борооны ус цуглуулах шуудуу барьсан байна. Энэхүү шуудуунаас нутгийн иргэд ус уугаад зогсохгүй, усанд ч ордог байсан гэдэг. Масадагийн хамгийн эмгэнэлтэй зүйл нь энд огт ус олддоггүй байсанд ч биш, харин Ромчуудын хядлагад өртсөн явдал юм. Одоогоос 2000-аад жилийн өмнө Ромын цэргүүд Израйль руу довтлоход Еврейн босогчид удаан хугацааны турш Ромчуудын эсрэг тулалдсан бөгөөд удахгүй эзлэгдэж, боол болохоо мэдрээд бүгд амиа хорлосон эмгэнэлт түүхийг Масада цайз өөртөө агуулдаг.

Харин одоо энэхүү цайз нь жуулчдын хамгийн их ирдэг түүхэн дурсгалт газрын нэг болсон бөгөөд цайзын эргэн тойронд орших өндөр уулнуудын орой дээрээс гайхамшигтай байгалийн дүр зураг харагддаг байна. Гэхдээ цайз дотроо ч үзэж харах зүйл ихтэй. Тухайлбал, Иродын өргөө, усанд ордог өрөө болон бусад байгууламжууд маш сайн хадгалагдан үлджээ. Түүнчлэн цайзын хаа нэгтээ шалны шигтгэмэл мозайк ч харагддаг.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 6)

Тав дах өдөр

Юу хийх вэ: Сөнөсөн тэнгисийн бүсийн спа төвөөр үйлчлүүлж, байгалийн гайхамшгийг мэдэрч, буцах замдаа бэлдэнэ

Хэдийгээр Эйн-Бокек хэмээх газар Сөнөсөн тэнгисийн эрэг дээр маш их жуулчид байдаг ч та эндхийн байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч чадна. Улаан тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хоорондох ялгаа шууд л харагдана. Энд маш их давс, бас дахин давс болон Менделеевийн үелэх систем тэр чигтээ оршиж байгаа. Мөн Сөнөсөн тэнгисийн спа төвүүдэд очоод өөрийн арьсаа давсаар эмчлэх боломжтой. Энэ тохиолдолд танд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол далайн уснаас нүдээ хол байлгаарай! Энд зөвхөн давсны эмчилгээ төдийгүй, шавар, шоколад зэрэг олон төрлийн зүйлээр арьсаа тэтгэж болно. Хэрэв шоколадны эмчилгээг зөв орчинд, сайхан хөгжимтэй хослуулж чадвал таныг хүүхэд нас руу тань ч аваачиж мэдэх юм. Энэхүү үйлчилгээг хийлгэхийн өмнө далайн устай усан санд сууж, эсвэл Турк усан эмчилгээ (энд бүгд нэг дор байдаг) хийлгэж арьсаа бэлддэг. Энэ бүхний дараагаар таны арьс зөөлөн, өнгөлөг, гөлгөр болсон байх болно. Харин таныг гэртээ эргэн ирэхэд хүмүүс таниас арьсандаа яг юу хэрэглэсэн талаар асууж шалгаана гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Израиль улстай танилцах тав хоногийн аялал (фото 7)

цааш үзэх