Хайх

Зургаадугаар сард хаашаа аялах вэ?

Зуны амралтаараа аялахад тохиромжтой 10 газар

Text: Buro.Mongolia


Зураг:

Зургаадугаар сард хаашаа аялах вэ?

Аагим халуун зуны өдрүүд айсуй. Зуны улиралд бүгд л хаа нэгтээ аялж, амрахыг хүсдэг. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа хараахан төлөвлөж амжаагүй байгаа хүмүүст зориулан бид зургаадугаар сард аялахад хамгийн тохиромжтой арван газрыг санал болгож байна.

Испани, Риоха

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 1)

Дэлхий дахинаа дарсаараа алдартай Риоха муж руу дарсанд дурлагсад аялахад хамгаас тохиромжтой. Дундад зууны үеийн барилгууд болон нарийн гудамжуудтай Логроньо хотоос аяллаа эхлэн урт, чулуун гүүрээр алхсаны дараагаар Сантьяго-эль-Реаль готик сүмийн цагаан нуман хаалга дор амран, мөн мэдээж дарсны жижиг тосгонуудаар зочлох нь жинхэнэ амралт байх болно. Энэ муж нь амтат дарсны маш өргөн сонголттой тул жуулчид зөвхөн дарс амтлаад зогсолгүй мөн дарсаар байлдан хөгжилддөг дотоодын уламжлалт наадамд оролцох боломжтой. Логроньогийн хөрш Аро хотод жил бүрийн зургаадугаар сарын сүүлээр Batalla del Vino гэх дарсаар байлдах наадам зохион байгуулагддаг билээ.

Вьетнам, Сапа

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 2)

Зуны амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой сонирхолтой газруудын нэг бол Вьетнамын Сапа хот юм. Нэгэн үед энэ хотод францын сувиллын амралтууд байршдаг байсан бол, одоо энэ газар нь үүргэвчтэй аялал хийхэд тохиромжтой, заавал очиж үзэх хэрэгтэй Азийн нэгэн жуулчны цэг болсон билээ. Эцэс төгсгөлгүй будааны талбай, нууцлаг хулсан ой, цэвэр агаар болон өндөр уулын орой зэрэг нь амралтаа байгальд өнгөрүүлэх дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Сапагаас 17 километрийн зайд мөн 100 метрийн өндөртэй Тхак-Бак хүрхрээ байрлана. Зургаадугаар сард Сапад тийм ч халуун биш, дулаахан байдаг бол, долоодугаар сард борооны улирал эхэлж, өвлийн улиралд манан бүрхдэг байна.

Итали, Искья

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 3)

Италийн Искья арал дээр 37 километр үргэлжлэх нарийн элстэй наран шарлагын газар, спа төвүүд, усан парк, байгалийн рашаан гээд аялагчдад зориулсан олон газрууд байдаг. Харин амралтаа илүү идэвхтэй өнгөрөөх сонирхолтой хүмүүст серфинг хийх, далайд шумбах, гольф, теннис тоглох эсвэл шүхрээр буух гэх зэрэг өргөн сонголт бий. Зургаадугаар сарын сүүлээр италичууд болон гадаадын жуулчид Искьяг зорих нь элбэг тул тааваараа байх дуртай аялагчид уг арал дээр зургаадугаар сарын эхэн үеэр хүрэлцэн ирвэл зохимжтой.

Эстон, Таллин

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 4)

Наран шарлагын газарт амралтаа өнгөрөөхөөс илүү жижиг хотоор аялахыг хүсэж байвал Эстоны нийслэл Таллин хотыг зориорой. Зургаадугаар сард Таллины цаг агаар маш тааламжтай байдаг. Таллин хотын нарийн гудамжнуудаар зугаалан, цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон, өндөр цамхгаас хотыг бүхэлд нь тольдох нь танд гарцаагүй таалагдана. Мөн XIII зуунаас өөрийн түүхийг эхлүүлсэн Тоомпеа шилтгээн болон Олевисте сүм гээд үзвэл зохих түүхэн газрууд олон бий. Зургаадугаар сарын 23-наас 24-ны хооронд шилжих хамгийн богино шөнийг хотын иргэд Эстонийн музейн гадна талбай дээр түүдэг гал асаан, дуулж, бүжиглэн тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

Узбекистан, Бухар

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 5)

Хүмүүсийн тэр бүр зорьдоггүй эртний Бухар хотод алхам бүрт түүхэн, дурсгалт газрууд тааралддаг. Тэр ч бүү хэл Бухарын түүхэн төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хөрөнгийн жагсаалтад багтсан байдаг. Энэ хотод хаа сайгүй бөмбөгөр оройтой сүм, мозаикаар хучигдсан байшин ба барилгууд сүндэрлэнэ. Түүнчлэн Регистан нэртэй талбай дээр "Арк" гэх бухарын эмирүүдэд зориулагдсан зуны үзэсгэлэнт өргөө байрлана.

Австри, Вена

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 6)

Венаг дэлхийн нийт урлагийн хот хэмээн нэрлэдэг. Энд 80 гаруй музей байрладаг бөгөөд тэр дунд Зигмунд Фрейдын музей хүртэл бий. Хаант улсын архитектур сонирхдог хүмүүс Вена хотын Хофбург, Бельведер, Шенбрунн гэх зэрэг барокко хэв маяг бүхий гоёмсог харшуудаар зочлох хэрэгтэй. Мөн орд харшаас гадна энд амьтны хүрээлэнгээр ч зочилж болно. Аялагчид түүнчлэн Венад алдарт өрмөнцөр, штрудел, "Захер" шоколадтай бялуу болон марципан чихэр амтлахаар зорин очдог. Энэ бүгдээс гадна Вена руу аялах бас нэгэн шалтгаан бол зургаадугаар сарын 2-5 өдрүүдэд зохион байгуулагдах "Rock in Vienna" хөгжмийн наадам юм. Энэ жил уг наадамд Kings of Leon хамтлаг оролцох гэнэ.

Намиби, Виндхук

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 7)

Хэрэв Намиби улсад очвол нэг хотдоо удаан байлгүй олон хотоор аялахыг бид зөвлөж байна. Улсын цорын ганц нисэх онгоцны буудал нь Эрос уулын бэлд байрлах Виндхук хотод бий. Намиби улсын нийслэл Виндхук хотод Германы эзэнт гүрний байгуулсан гоёмсог харшууд сүндэрлэдэг онцлогтой юм. Виндхук хотын ойролцоо Окоханжа фермээр зочлон тэмээн хяруул үзэхээс гадна Людериц боомтоор дайран хавч болон далайн хясаа зооглоорой. Та мөн Людериц боомтоос 10 километрийн зайд байрлах Колманскоп хотыг сонирхон, Хрутфонтейн хотоос холгүй байрлах асар том солирын чулууг үзэх боломжтой.

ОХУ, Санкт-Петербург

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 8)

Зургаадугаар сард Санкт-Петербург хотыг зорих үндсэн шалтгаан бол алдарт цагаан шөнө гэдгийг хүмүүс мэднэ байх. Гэхдээ үүнээс гадна уг хотод Невский өргөн чөлөө, Эрмитаж, Хүрэл морьтон гээд үзэх зүйл олон бий. Түүнчлэн орчин үеийн урлагийн "Эрарта" музей сонирхлыг тань татах нь гарцаагүй. Уг музей стрит-арт мэргэжилтнүүдийн бүтээл танилцуулаад зогсолгүй мөн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгаараа алдартай. Саяхан мөн Санкт-Петербургийн Гороховын гудамжинд америк стилийн Сo-op Garage баар нээгджээ. Тэнд найзуудтайгаа амтат пицца зооглонгоо билльярд тоглон хөгжилдөж бас болох юм.

Мальта, Валлетта

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 9)

Мальта арлын Валлетта нийслэл хот нь 1980 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Валлеттад Итали хэв маягийн барилгууд болон олон тооны сүм, дуганаар зочилж, эртний хотын архитектурыг сонирхох боломжтой юм. Валлеттагийн Дүрслэх урлагийн үндэсний музейд Микеланжелогийн алдарт "Beheading of St John the Baptist" бүтээл хадгалагддаг. Харин Валлетта хотоос 15 минутын зайд үзэсгэлэнт Слима хот байрлана. Энд далай ширтэж, наран шарлагын газар тухалж болно.

Перу, Лима

Зургаадугаар сард хаашаа аялах вэ? (фото 10)

Хэрвээ Испанийн алтан үеийн ул мөрийг өөрийн нүдээр харахыг хүсвэл Перугийн нийслэл Лима хотыг зориорой. Лима хот нь газар зүйн их нээлтийн үед Испанийн колони хот болон байгуулагдсан бөгөөд хотын эртний дурсгалт газрууд одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Испани хэв маягийн харш, Ерөнхийлөгчийн ордон, Барранко нэртэй хотын хамгийн романтик дүүрэг гээд энэ хотод үзэх зүйл их бий. Аялагчид мөн энэтхэг захаар орон гар аргаар хийсэн бэлэг дурсгал, өнгөлөг пончо, энэтхэгийн уламжлалт сампоньо лимбэ гэх зэрэг сонирхол татах олон зүйлс олж харах боломжтой. Лимагийн бас нэгэн сонирхолтой цэгүүдийн нэг бол 10 мянган өндөгний цагаан болон цементийн зуурмагаар баригдсан 1608 оны "өндгөн гүүр" юм. Түүнчлэн хотоос 3-4 цагийн зайд орших Паракас үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хажууханд нь байрших Бальестас арлаар зочлон далайн арслан, оцон шувуу гэх зэрэг олон төрлийн амьтдын амьдралыг ажиглах боломжтой. 

цааш үзэх