Хайх

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга

Land Rover, Bentley, Jaguar болон бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хатан хаан II Элизабет Их Британид жолооны үнэмлэхгүй автомашин жолоодох эрхтэй цорын ганц хүн гэдгийг та мэдэх үү? Гэхдээ тэрээр бүр Дэлхийн II дайны үед Их Британийн армид тусламж үзүүлдэг эмэгтэйчүүдийн цэргийн ангид алба хаах хугацаандаа автомашин жолоодож сурсан туршлага сайтай нэгэн юм. Өнөөдөр хатан хааны автомашины цуглуулгад зөвхөн түүнд зориулагдан хийгдсэн дэлхийн хамгийн шилдэг хүлгүүд багтаж байна. Ингээд автомашин цуглуулагч бүрийн мөрөөдөл болсон хатан хааны тансаг зэрэглэлийн автомашинуудыг харцгаая.

Bentley State Limousine

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга (фото 1)

Bentley State Limousine бол Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Bentley компанийн хатан хааны хаан ширээнд суусны 50 жилийн ойд (2002) зориулж тусгайлан бүтээсэн загвар юм. Ердөө хоёрхон ширхэг л үйлдвэрлэгдсэн энэхүү автомашин нь төрийн тэргүүний албан ёсны унаа бөгөөд хатан хаан уг Bentley-г олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын үеэр хөлөглөдөг билээ. Bentley State Limousine автомашины урт нь 6,22 м хүрдэг бөгөөд энэ нь стандарт Bentley Mulsanne загвараас нэг метр илүү урт юм. Мөн уг загварын хаалга нь хатан хаанд автомашинаас гарахдаа бөхийхгүйгээр, эгц зогсох боломжийг олгодгоороо онцлог болжээ. Энэхүү автомашин нь 6,75 литрийн V8 хөдөлгүүртэй аж.

Land Rover Defender

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга (фото 2)

Land Rover Defender загвар удаан хугацааны турш хатан хааны дуртай автомашин байсаар иржээ. Хатан хаан бүхий л амьдралынхаа турш нийт 30 ширхэг Land Rover автомашин эзэмшдэг байсан гэж Car Keys вебсайт мэдээллэж байна. Гэхдээ яг одоогийн байдлаар II Элизабет хатан хааны цуглуулгад 4,8 литрийн V8 хөдөлгүүр, ногоон өнгийн арьсан бүрээс, халдаг суудал, цахилгаан цонх гэх зэрэг тусгай тоноглолтой Land Rover Defender багтдаг аж.

Range Rover LWB Landaulet

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга (фото 3)

Хатан хааны 2015 оны Range Rover LWB Landaulet автомашин нь эсрэг талаараа онгойдог хаалга, задгай дээвэртэй тул эрхэм дээдэс автомашинаасаа буулгүйгээр олон нийттэй мэндчилэх боломжтой байдаг. Элгэн хүрэн өнгөтэй Range Rover LWB Landaulet автомашины капот дээр хатан хааны далбаа суулгагдсан байдаг онцлогтой. Мөн энэхүү загвар нь 335 морины хүчтэй бөгөөд гурван литрийн турбодизель V8 болон цахилгаан хөдөлгүүрийг хослуулдаг байна.

Jaguar Daimler V8 Super LWB

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга (фото 4)

Хамгийн анх 2001 онд Букингемийн ордонд ирсэн энэхүү автомашин нь хатан хааны хувийн хэрэгцээнд зориулагдсан юм. Хааны гэр бүлийн бусад автомашинтай харьцуулбал Jaguar Daimler V8 Super LWB загварыг хатан хаан өөрийн биеэр жолоодох дуртай байжээ. Мөн бусад стандарт Jaguar Daimler загваруудын дэргэд уг автомашин нь хатан хааны хүсэлд нийцүүлэн тусгайлан бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Жишээ нь энэхүү загварт эрхэм дээдсийн гар цүнхийг тогтоодог тусгай гарын түшлэг бий. Гэхдээ The Telegraph сонины мэдээллэснээр хатан энэхүү автомашинаа 2013 онд дуудлага худалдаанд оруулж, 40,500 доллараар худалдсан байна.

Bentley Bentayga

Их Британийн хатан хааны автомашины цуглуулга (фото 5)

Дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн хурдан спорт жийп Bentley Bentayga худалдаанд гараад удаагүй байна. Харин хатан хаан уг машины анхны хэрэглэгчдийн нэг болно гэж Bentley компани мэдэгдсэн билээ. Нийт 600 морины хүчтэй W12 хөдөлгүүртэй энэхүү загвар нь хамгийн хүчирхэг төдийгүй мөн хамгийн үнэтэй спорт жийп хэмээн тооцогддог. Уг автомашины стандарт загвар 160,200 доллараас эхэлдэг хэдий ч хатан хаан мэдээж хэрэг энгийн загвар сонгохгүй нь ойлгомжтой. Bentley компанийн мэдэгдсэнээр хатан хаан өөрийнхөө автомашиныг хүссэнээрээ тоноглож, ойрын хугацаанд гардан авах боломжтой аж.

цааш үзэх