Хайх

Ретро загвартай 2019 оны Mercedes-Benz G-Class танилцуулагдлаа

Яг л 40 жилийн настай мэт харагдана

Text: Бюро 24/7

Өчигдөр зохион байгуулагдсан Детройтын авто шоуны үеэр тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz компани шинэ үеийн G-Class загвараа албан ёсоор олон нийтэд танилцууллаа. 2019 оны Mercedes-Benz G-550 загвар нь гаднах дизайнаараа ерөнхийдөө 1979 онд гарсан анхны загвартайгаа нэлээд төстэй, ретро хэв маягтай болжээ. Автомашины эх биеийн хувьд өмнөх загвараас 121 мм илүү өргөн, 53 мм урт болсон ба хуучны "хайрцаг" мэт хэлбэртэй бүтээгдсэнээрээ онцлогтой.

Ретро загвартай 2019 оны Mercedes-Benz G-Class танилцуулагдлаа (фото 1)

Гэхдээ мэдээж энэхүү автомашин нь гаднаасаа хуучинсаг харагдах боловч Mercedes-Benz шинэ загварт хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи суулгаж, шинэчилжээ. Жишээ нь бидний анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл бол дуу хоолойгоор удирддаг хувийн туслах юм (Voice Assistant). Хэрэв сүүлийн үед ихэнх автомашин үйлдвэрлэгчид Amazon Alexa, Google Assistant-тай хамтарч байгаа бол Mercedes-Benz өөрсдийн гэсэн Mercedes-Benz User Experience (MBUX) нэртэй хувийн туслахыг бүтээжээ. Энэхүү ухаалаг технологийн тусламжтайгаар жолооч зөвхөн дуу хоолойгоо ашиглан автомашиныхаа агааржуулалтыг тохируулж, зурвас илгээж, дөт замыг олох гэх мэт олон үйлдлүүдийг хийх боломжтой юм. Техникийн үзүүлэлтийн хувьд 2019 оны G-Class нь дөрвөн литрийн багтаамжтай, V8 турбо хөдөлгүүр ба 416 морины хүчтэй болсон байгаа. 

Одоогийн байдлаар энэхүү тансаг зэрэглэлийн хүлэг нь энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байна. Харин автомашины үнийг Mercedes-Benz худалдаанд гарах хугацааг дөхүүлэн зарлах болно.

 

  • Зураг:
Цааш үзэх