Хайх

Semi ба Roadster: Илон Маск цоо шинэ хоёр автомашин танилцууллаа

Хамгийн хурдан хүлэг ба цахилгаан ачааны автомашин

Semi ба Roadster: Илон Маск цоо шинэ хоёр автомашин танилцууллаа

Text: Бюро 24/7

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнөөдөр Лос-Анжелес хотноо Semi ба Roadster гэх хоёр цоо шинэ автомашин танилцууллаа

Semi ачааны автомашин

Илон Маск үргэлж том мөрөөдөж, хайрцагнаас гадуур сэтгэж ирснийг хүн бүр мэднэ. Тэгвэл тэрээр өөрийн мөрөөдлүүдийн нэг болох Semi нэртэй "ирээдүйн" ачааны автомашинаа хэдхэн цагийн өмнө олон нийтэд танилцуулсан байна. Гаднаасаа яг л "Оддын дайн" киноны баатруудын өмсдөг дуулга шиг харагдах энэхүү ачааны автомашин нь бүхэлдээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг ч асар хүчирхэг гэдгээрээ онцлог болж байна. Semi автомашин нь нэг цэнэглэлтээр 805 км хүртэлх зайг туулах ба ердөө 30 минутанд 650 км зайг туулж чадах хэмжээний цэнэг авдаг. Мөн Илон Маскийн танилцуулсан энэхүү ачааны тэрэг нь нийт 36,2 тонн ачаа тээвэрлэх чадвартай. Үүнээс гадна эдгээр шинэ загварууд нь хагас автомат жолоодлоготой тул ослын нөхцөлд автоматаар тормоз авч, жолоочид анхааруулга өгдөг байна. Ингээд ч зогсохгүй Илон Маск энэхүү бүрэн цахилгаан ачааны автомашиныг бүтээснээр байгаль орчинд тулгамддаг агаарын бохирдлын асуудлыг багасгаж болно гэж үзжээ.

Шинэ үеийн Roadster

Semi автомашины танилцуулгын үеэр Илон Маск бас нэгэн гэнэтийн бэлэг барилаа. Тодруулбал Tesla компани цоо шинэ үеийн Roadster гэх суудлын автомашиныг олон нийтэд анх удаа харуулсан байна. Уг автомашин нь Tesla-гийн түүхэнд бүтээгдэж буй хамгийн хурдан автомашин болж буйгаараа онцлог юм. Нийт дөрвөн хүний багтаамжтай энэхүү спорт загварын автомашин нь ердөө 1,9 секундэд 100 км хурд авч чадахаас гадна, дээд хурд нь 400 км/ц хүрдэг байна. Шинэ загварын Tesla Roadster нь мөн л цахилгаан эрчим хүчээр ажилладаг. Уг автомашиныг нэг удаа бүрэн цэнэглэхэд ойролцоогоор 1,000 км замыг туулах боломжтой.

Tesla компани Roadster ба Semi автомашинуудыг 2020 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

  • Зураг:
Цааш үзэх