Хайх

Шанхайн авто шоу 2017: Mercedes Benz S-Class, Citroen C5 Aircross, Audi E-Tron Sportback загварууд танилцуулагдлаа

Онцлох гурван автомашин

Шанхайн авто шоу 2017 оны дөрөвдүгээр сарын 21-28 хооронд зохион байгуулагдана. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-20 хооронд хэвлэл мэдээллийнхэнд зориулсан арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниуд шинэ загваруудаа танилцуулж байна

Mercedes Benz S-Class 2018

Шинэчлэгдсэн Mercedes Benz S-Class суудлын автомашины экстерьерт багахан л өөрчлөлт оржээ. Тухайлбал урд ба хойд талын бампер шинэчлэгдэж, 650 м зайнд тусдаг гэрэл, 17-20 инчийн, долоон өөр төрлийн сонголттой дугуйтай болсон байна. Тэгэхдээ гаднах дизайн эрс өөрчлөгдөөгүй ч автомашины техникийн үзүүлэлт сайжирчээ . Тухайлбал S450 загвар 3.0 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй бөгөөд 362 морины хүчтэй болжээ. Харин S560 ба Mercedes-Maybach S560 загварууд 463 морины хүчтэй, 4.0 литрийн багтаамжтай, V8 хөдөлгүүртэй болсон байна. Мөн 2018 оны S-Class загварт "Intelligent Drive" гэх илүү ухаалаг жолоодлогын систем нэмэгджээ. Авто инженерийн холбооныхон (SAE) автомат жолоодлогын зэрэглэлийг 0-5 онооны хооронд тогтоодог. Тэгвэл тэд энэхүү шинэ загварыг гуравдугаар зэрэглэлийн автомат жолоодлоготой хэмээн тодорхойлжээ. Энэ нь Tesla компанийн цахилгаан машинтай ижил түвшинд байна гэсэн үг юм. Жишээ нь шинэ S-Class загварын автомат жолоодлогын систем нь жолооч хүрдний ард зүүрмэглэж, унтсан тохиолдолд автомашиныг өөрөө зогсох удирдлагыг өгөх болно. Мөн шинэ Mercedes Benz S-Class өөрийгөө жолоодож, замын тэмдгүүдэд тулгуурлан хурдаа тохируулж чадна. Энэхүү автомашин 2017 оны долоодугаар сард Европын зах зээлд худалдаанд гарна.

Citroen C5 Aircross

Анх хоёр жилийн өмнө Шанхайн авто шоуны үеэр францын Citroen компани Aircross нэртэй концепц загвар танилцуулж байсан юм. Тэгвэл гаднах дизайны хувьд Citroen C5 Aircross загвар өмнөх концепцтэй яг адилхан болжээ. Зохион бүтээгчид уг автомашинд "Progressive Hydraulic Cushions" гэдэг систем суулгаж өгснөөр энэхүү унаа донсолгоотой, бартаат зам дээр яг л "нисдэг хивс" мэт зорчино гэдгийг Citroen онцолж байна. Хятадын зах зээлд худалдаанд гарч байгаа C5 Aircross загварын хөдөлгүүр нь 165 ба 200 морины хүчтэй. Мөн хэрэглэгчид дан бензин хөдөлгүүрт ба цахилгаан хөдөлгүүр хосолсон гибрид загварыг худалдан авах боломжтой. Энэхүү гибрид загвар нь 300 морины хүчтэй бөгөөд зөвхөн цахилгаан хөдөлгүүрээр 60 км зам туулах боломжтой. Citroen C5 Aircross автомашин Хятад улсад энэ оны аравдугаар сараас эхлэн худалдаалагдах бол 2018 оны хоёрдугаар хагаст Европын зах зээлд гарах юм байна.

Audi E-Tron Sportback

Audi E-Tron Sportback гэх нэртэй цахилгаан автомашины концепц өнөөдөр Шанхайн Авто шоуны үеэр танилцуулагдлаа. Уг цахилгаан автомашины 95 кВт/цагийн багтаамжтай хөдөлгүүр нь нэг цэнэгээрээ 500 км зам туулах чадвартай. Нийт 320 кВт (435 морины) хүчтэй энэхүү цахилгаан автомашин 100 км/цаг хурдыг 4,5 секундэд авна. Audi E-Tron Sportback концепци Audi A7 загвартай хэмжээний хувьд ойролцоо болжээ. Түүний урт нь 4,9 м бол өргөн нь 1,98 м юм байна. Гэхдээ энэхүү загвар Audi A7 загвараас найман см илүү өндөр болсон байна. Зохион бүтээгчид энэхүү концепцийг 2019 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх