Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Balmain, намар-өвөл 2016

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Balmain, намар-өвөл 2016

Гэрэл гэгээ авчиръя

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Оливье Рустен яг л Доменико Дольче ба Стефано Габбана нар шиг ямар ч нөхцөлд өөртөө үнэнч үлддэг нэгэн. Тэр шинэ цуглуулгаа Парис хотод болсон эмгэнэлт явдалд зориулсан ч гэлээ өөрийн хэв маягаар маш өнгөлөг бас гялалзсан болгожээ. Тайзыг гэрэлтүүлэх Swarovski шигтгээнүүд Парисчүүдийн төлөө гялалзаж байна

Загварын шүүмжлэгчид мөн Buro 24/7-гийн хамт олон орчин үед хэт тачаангуй байдал "моод"-ноос гарч, cool төрх ноёрхох болсныг олон удаа бичсэн. Гэсэн хэдий ч олон нийт үүнтэй санал нэг биш байгаа бололтой. Balmain ба H&M нарын хамтарсан цуглуулга үүний томоохон баталгаа болж байгаа юм. Олны дунд ямар их эрэлт үүсч, дэлгүүрүүдийн гадаа хичнээн их хүн цугларсныг бид харсан. Тунгалаг чулуунуудаар бүрхэгдсэн даашинз, алтан оёдолтой пиджакууд гэх зэрэг "үнэтэй бас баялаг" ангиллын хувцаснууд нүд ирмэхийн зуур зарагдаж дууссан билээ. Оливье Рустен яг л Dolce & Gabbana-гийн мэргэжил нэгтнүүд шиг ээ загварын шүүмжлэгчдийн яриаг огтхон ч тоохгүй уран бүтээлээ туурвиж, цаг үеийн чиг хандлагыг дагаж хэв маягаа өөрчлөх бодолгүй байгаа. Тэгээд ч залуу бүтээлч захирал Balmain-д ирснээс хойш брэндийн орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн тул ямар ч асуудал алга шүү дээ.
Намар-өвөл 2016 эрэгтэй цуглуулгын загварын шоу дээр дизайнер брэндийн эмэгтэй pre-fall цуглуулгыг нэгэн зэрэг танилцуулаад авсан. Рустены хэлснээр тэр энэ удаагийн цуглуулгаа "Гэрэлт Парис" хотод зориулж, болсон эмгэнэлт явдлын дараа бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэхийг хүссэн гэнэ. Тиймээс Balmain-ы эрчүүд олон өнгийн болор талст чулуугаар чимэглэгдсэн, алтан оёдол ба канттай хүрэм өмсөн тайзыг гэрэлтүүлж байлаа. Загвар өмсөгчдийн цээж дээр одон медаль гялалзаж, хүзүүг төмөр зүүлт чимж, харин ташаа дээр цацган унжлагатай өргөн бүс харагдлаа. Цуглуулгын бас нэгэн чухал загвар болох хилэн смокинг пиджак нь улаан өнгийн дөрвөлжин хээтэй өмд ба хаваастай түрийтэй гуталтай хосолсон байв.

цааш үзэх