Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Givenchy, намар-өвөл 2016

Парисын эрэгтэй загварын долоо хоног: Givenchy, намар-өвөл 2016

Ковбойчууд, Африк тив болон бусад

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Рикардо Тиши бол high fashion-д гудамжны хувцаслалтын элемент оруулж өгсөн цөөн хэдэн дизайнерын нэг юм. Тэр сүүлийн улирлуудад энэ сэдвийг уран бүтээлдээ оруулаагүй ч гэлээ энэ удаагийн цуглуулгад streetwear аяс дахин мэдрэгдлээ

Valentino-гийн Африкт зориулсан хавар-зун 2016 цуглуулгыг бүгд сайн санаж байгаа биз ээ. Рикардо Тиши ч мөн адил Африк тивийг сонирхож эхэлсэн бололтой. Гэхдээ түүний бүтээсэн хувилбар Пьерпаоло Пиччоли ба Мария Грация Кьюри нарынхаас тэс ондоо хэв маягтай болжээ. Нэгдүгээрт Givenchy-гийн тайз дээр олон үндэстний загвар өмсөгчид алхсан нь маш том давуу тал болж өгсөн. Valentino-гийн шоу дээр маш цөөхөн өнгөт арьстай загвар өмсөгчид үзэгдэж, Европ гаралтай моделиудын үсийг африк маягаар сүлжсэн байсан нь олны дургүйцлийг хүргэж байсан шүү дээ. Хоёрдугаарт Тиши үндэсний хээ ба үс засалт зэргийг дуурайх гэж оролдсонгүй. Тэр Африкийн түгээмэл хэдэн сэдвийг авч, сонгодог хослол, ковбойчүүдийн төрх, хүнд метал зэрэг элементүүдтэй нэгтгэлээ. Тухайлбал шинэ цуглуулгын гол дүрсээр тодорсон кобра могой нь ямар нэгэн "метал" хамтлагийн бэлгэ тэмдэг мэт харагдах болно.
Ковбой сэдэв дизайнерын цуглуулгад нэг биш удаа орсныг анхааралтай нэгэн нь ажигласан байх. Тэрбээр хүүхэд насандаа Италид амьдардаг хэрнээ Америк руу аялахыг мөрөөддөг байсан талаар өмнө нь бид дурдаж байсан юм. Тийм ч болоод тэр үү дизайнер өмнөх хавар-зун 2016, бас одоогийн намар-өвөл 2016 эрэгтэй цуглуулгадаа энэ сэдвийг шууд утгаар биш ч гэлээ нарийн аргачлалаар шингээж байна. Тодруулбал дээд хэсэгтээ оруулгатай ковбой загварын цамц ба хүрэм, хадаасан тавнууд гэх жижиг деталиуд Америкийг илтгэж байгаа юм. Рикардо Тиши эдгээр хоорондоо тэс өөр сэдвүүдийг цуглуулгадаа маш гарамгай нэгтгэж чаджээ. Тоймлоод харахад түүний бүх зүйлс хоорондоо уялдаж, сайхан зохицсон харагдаж байлаа.

цааш үзэх