Хайх

Эрчүүдийг ямар зүйлс хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?

Эрчүүдийг ямар зүйлс хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?

25-60 насны эрчүүд хамгийн ихээр санаа зовдог зүйлсээ дэлгэж байна

Text: Бюро 24/7

Хэрэв эмэгтэйчүүдээс "Та юунд хамгийн ихээр эмзэглэдэг вэ?" гэж асуувал тэд танд биеийн галбир, арьсны асуудал, целлюлит, хайр дурлалын харилцаа, карьер зэрэг гаднах төрх ба сэтгэл санааны асуудлыг хөндсөн, өргөн хүрээг хамарсан хариулт өгнө. Гэтэл эрчүүдийн хувьд эмзэглэж явдаг зүйлсээ тэр бүр дэлгээд байдаггүй бөгөөд тэд ихэвчлэн өөрсдийн сул талаа нууж, хүчирхэг харагдахыг хичээдэг. Гэсэн ч нийгэм өөрөө эрчүүдийг хүчирхэг, хатуу байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг нь нэг талаараа тэдэнд маш том дарамт болдог нь үнэн. Бүсгүйчүүд ч гэсэн заримдаа эрчүүд зөөлөн, эмзэг байдаг гэдгийг мартдаг шүү дээ.

Тэгвэл бид эрчүүдийн талаар ер нь хэр сайн мэдэх вэ? Өдөр тутамд тэдний сэтгэлийг юу хамгийн ихээр зовоодог бол? Бид эдгээр асуултын хариуг олж, дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж байхыг сануулах үүднээс 25-60 насны хэсэг эрчүүдээс тэдний хамгийн эмзэглэдэг зүйлсийнх нь талаар тодрууллаа.

Мэдээж хэрэг эрчүүдийн сэтгэл зовнидог зүйлс эмэгтэйчүүдийнхээс ерөнхийдөө өөр байсан нь энэхүү судалгаанаас харагдаж байлаа. Жишээ нь тэд юуны өмнө карьер, мөнгө, ухаалаг шийдвэр гаргах тал дээр хамгийн их ач холбогдол өгдөг нь илэрхий байсан юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бидний хийсэн судалгаанаас үзэхэд зөвхөн бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч гэсэн гаднах төрх болон биеийн галбиртаа маш их ач холбогдол өгдөг байна. Ингээд эрчүүдийг юу хамгийн ихээр эмзэглүүлдэг болохыг харцгаая (Жич: Судалгаанд оролцсон хүмүүсийн нэрийг өөрчилсөн болно).

Эрчүүдийг ямар зүйлс хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ? (фото 1)

Тэд мөнгө ба карьертаа хамгийн их санаа зовдог

"Би өөрийнхөө карьерт хамгийн их санаа зовдог. Би зөв замаа олоогүй байх вий гэхээс айж байна. Мөн би хэзээ ч хангалттай их мөнгө олж чадахгүй байх вий гэж үргэлж түгшдэг" - Анхбат, 26 нас.

"Би тогтвортой ажилтай. Сар бүр тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, хэт их мөнгө үрэхгүй байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа би байр авч, ирээдүйд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, тэтгэвэрт гарахдаа хангалттай мөнгөтэй байхын тулд хэрхэн мөнгө цуглуулж, яг хаана юу хийх ёстой талаар бодлогоширдог шүү" - Эрдэнэ, 30 нас

"Эр хүний хувиар хэлэхэд, бидний сэтгэлийг зовоодог хамгийн том зүйлс бол хувь хүний зан чанар ба гаднах төрх биш, хийж бүтээж буй зүйлстэй холбоотой байх. Би хангалттай мөнгө олж чадаж байгаа болов уу? Миний хийж байгаа зүйл утга учиртай юу гэх мэт асуултууд төрдөг" - Мөнхөө, 32 нас

"Би эхнэрийнхээ хүсдэг амьдралын хэв маяг, хэрэгцээнд хүрэх хангалттай хэмжээний мөнгө олж чадаж байгаа болов уу гэж гайхдаг" - Мөнхсайхан, 40 нас

"Заримдаа өөрийгөө хангалттай чадварлаг мэргэжилтэн байж чадаж байгаа болов уу гэж боддог. Бас амжилтанд хүрэлгүй насаа өнгөрөөж, хэн ч биш болохоос айдаг" - Энхбат, 36 нас

Тэд ч гэсэн гаднах төрхөндөө санаа зовдог

"Үнэнийг хэлэхэд жин хасахыг хүсдэг. Бас шүдээ засуулахыг. Бусдаар бол өөртөө итгэлтэй шүү" - Бадрал, 28 нас.

"Шорт өмсөхийг үзэн яддаг. Өвдөгнөөс дээгүүр урттай шорт миний нарийхан хөлийг үнэхээр аймшигтай харагдуулдаг" - Булган, 25 нас

"Би нэг зүйл дээр маш их санаа зовж байна. Миний үс унаж, халзрах вий гэхээс. Гэнэт л үс маань унаад эхэлсэн. Надад ийм зүйл тохиолдож байгаа гэдэгт үнэхээр итгэхгүй байна. Заримдаа урт үсээ дээш нь овоолж боосон эрчүүдийг хараад үнэхээр атаархдаг шүү. Би дөнгөж 29 настайдаа яг л өвөө шиг харагдаж байна. Хэдийгээр ийм их гомдол мэдүүлмээргүй байгаа ч, заримдаа толинд зөвхөн халзарсан үснээс өөр юу ч харж чадахгүй юм" - Төгөлдөр, 29 нас

"Бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд, бүх эрчүүд Холливүүдийн киноны гол баатар эсвэл телевизийн сурталчилгаанд гардаг моделиуд шиг харагддаггүй шүү дээ! Би намхан, туранхай бас спортод авьяасгүй. Энэ нь миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Би ингэх нь утгагүй гэдгийг мэдэж байгаа ч заримдаа эмэгтэйчүүдтэй танилцахад асуудал болдог. Жишээ нь олон нийтийн сүлжээнд бүсгүйчүүдтэй танилцах үед хэд, хэдэн бүсгүй миний өндрийг хамгийн түрүүнд асууж байсан" - Болд, 27 нас

Эрчүүдийг ямар зүйлс хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ? (фото 2)

Бид үргэлж хангалтгүй байх вий гэхээс айдаг

"Би өөрийнхөө хүлээлтэнд хүрэхгүй байхаас айдаг" - Батбаяр, 60 нас

"Хувийн амьдралдаа санаа зовж байна. Бүр тодруулбал хувийн амьдрал гэж надад байхгүй байгаад. Би одоо 30 насны босгыг давсан хэдий ч ганц бие хэвээр байгаа нь намайг эмзэглүүлдэг. Одоогоор хангалттай олон удаа болзоонд явж чадахгүй л байна" - Пүрэв, 30 нас

"Би хангалттай ухаалаг, авьяаслаг байж чадаж байгаа болов уу гэж ихэвчлэн боддог. Мөн өөрийгөө бусадтай харьцуулдаг. Ялангуяа надаас бүх зүйл дээр илүү байгаа хүмүүстэй. Ер нь би өөртөө, хувийн шинж чанартаа хэт их төвлөрдөг байж магадгүй. Үүнээс болж миний сэтгэл санааны байдал тогтворгүй болдог" - Тамир, 27 нас

"Ямар нэг асуултын хариуг мэдэхгүй байх вий, мөн миний бодож байсан бүх зүйл буруу байх вий гэхээс санаа зовдог. Би нас ахих тусам бүх зүйлийг мэдэж, үргэлж миний зөв байгаасай гэж хүсдэг" - Ганболд, 55 нас

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх