Хайх

Эрчүүдийн хүйтний улирлын загварын хөтөч

Эрчүүдийн хүйтний улирлын загварын хөтөч

“Сайхан хувцаслах нь боловсон зангийн нэгэн илрэл юм” – Том Форд.

Text: Ө.Тодгэрэл


Өвлийн хамгийн хүйтэн сар буюу нэгдүгээр сар эхэллээ. Хүйтэнд дулаахан атлаа загварлаг хувцаслахыг хүсэж буй эрчүүдэд зориулж бид сүүлийн үеийн чиг хандлага бүхий таван зөвлөгөө бэлдлээ

Хар өнгөөр дагнасан нь

Ermenegildo Zegna, Emporio Armani

Хар өнгө хэзээ ч "мода"-наас гардаггүй гайхамшигтай увьдастай гэдгийг бүгд мэднэ. Гэрээс гарахдаа юу өмсөхөө мэдэхгүй эргэлзэж байвал дан хар өнгийн хувцаслалт сонгоорой. Та хэзээ ч буруудахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Цэмцгэр эсгүүртэй хар өнгийн хувцас таныг хормын зуур орчин үеийн, минимал төрхтэй болгоно. Хамгийн гол нь нэг өнгөөр хувцаслахдаа ижил төрлийн материалтай хувцаснууд биш, харин савхи, ноос, даавуу гэх зэрэг олон өөр материалууд хослуулах нь илүү тохиромжтой байдгийг санаарай.

Нарийхан бэлтгэлийн өмд

Jcrew, Marks & Spencer

Сүүлийн жилд athleisure (дасгал хийх болон өдөр тутамд аль алинд нь өмсөж болох хувцас) гэдэг үг хүчээ авж, биед эвтэйхэн, энгийн хувцаслах тренд үүсгээд байгаа. Энэхүү зохиомол үг одоо бүр Merriam-Webster толь бичигт албан ёсоор орсон. Уг трендийн дагуу томоохон брэндүүд бэлтгэлийн өмд ба малгайтай цамц зэргийг загварлаг болгож, шинэ цуглуулгадаа оруулах болжээ.

Тэр дундаа нарийхан эсгүүртэй, доороо хумигдсан бэлтгэлийн өмдийг M&S, Jcrew гэх брэндүүд намар-өвөл улирлын сурталчилгаандаа их гаргасан. Хамгийн гол нь бэлтгэлийн өмдөө яаж хослуулж өмсөхөө мэдэх хэрэгтэй. Заавал бэлтгэлийн цамцтай хослуулах биш, харин ноосон цамц, савхин куртка, пальто зэрэг илүү загварлаг хувцаснуудтай нэгтгэснээр та тэрхүү athleisure буюу биед эвтэйхэн хэрнээ чиг хандлага дагасан төрх бүрдүүлэх болно.

Гурван хэсгээс бүрдсэн хослол

Etro, Dolce & Gabbana, Emporio Armani

Гурван хэсгээс бүрдсэн хослол тийм ч шинэхэн тренд биш ч гэлээ одоо хүртэл загварлаг залуучуудын сонголт болсоор байна. Гурван хэсэгтэй гэдэг нь мэдээж хэрэг өмд, хантааз, хүрмээс бүрдсэн хослолыг хэлж байгаа юм. Үргэлж л өмсөж ирсэн, хэвшил болсон хоёр хослолыг түр хойш нь тавьж, хантааз нэмснээр илүү цэмцгэр бас дэгжин төрх бүрдүүлнэ. Хантааз өөрөө маш олон давуу талтай. Нэгдүгээрт та хүйтний улиралд нэмэлт давхарга хувцас өмссөнөөр илүү дулаан байна. Хоёрдугаарт та ажил эсвэл сургууль дээрээ хүрмээ тайлахад энгийн цамц өмссөн залуучуудын хажууд илүү дэгжин харагдана. Эцэст нь хантаазыг зөвхөн хүрэмтэй биш мөн задгай энгэртэй ноосон цамц, пальто зэрэг өөр хувцаснуудтай хослуулж болно.

Хамба хилэн хүрэм

Burberry Prorsum, Etro, Ermenegildo Zegna

Хамгийн анх Burberry-гийн бүтээлч захирал Кристофер Бэйли намар-өвөл 2015 цуглуулгадаа хамба хилэн хүрэм танилцуулж, олны анхаарлыг татсан билээ. Түүнээс хойш томоохон хотуудын гудамж хамба хилэн хүрэм өмссөн залуучуудаар дүүрэх болсон. Чамин материалтай хүрмийг цагаан цамц, эрвээхий зангиатай хослуулснаар баяр ёслолын үеэр гангарч, аль эсвэл хоолойтой ноосон цамцтай хослуулж өдөр тутамдаа өмсөөрэй.

Нэхий

Burberry Prorsum, John Varvatos, Coach

Энэ улирлын загварын тайз дээр нэхий хүрмүүд ноёрхсон гэдгийг та анзаарсан байх. 1970-аад оны хэв маягтай энэ тренд хүйтний улирлын хамгийн зөв сонголт байх болно. John Varvatos-ын урт, дан нэхий хүрэм, Burberry-гийн богино, нэхий оруулгатай хүрэм, Coach-ийн савхи ба нэхий хосолсон хүрэм, аль эсвэл Wooyoungmi-гийн нэхий захтай хүрэм гээд өргөн сонголт бий.

 

цааш үзэх