Хайх

It-guys 2017: Оны шилдэг эрэгтэй Instagram хуудаснууд

Хараанаасаа салгаж болохгүй шилдэг эрчүүд

It-guys 2017: Оны шилдэг эрэгтэй Instagram хуудаснууд

Instagram олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүд давамгайлдгийг хүн бүр мэдэх биз ээ. Орчин үед олны танил загварлаг бүсгүйчүүд ба загвар өмсөгчид энэ сүлжээний ачаар карьерээ өсгөж, дагагчдын тоогоор хоорондоо өрсөлдөж байна. Instagram-ыг нээх бүрт бидний өмнө дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өөрсдийн шинэхэн зургаараа гайхуулж, харин эрчүүд төдийлөн их үзэгдээд байдаггүйг та ч бас анзаарсан байх. Гэхдээ хэрвээ сайтар хайвал уг сүлжээнд бидний нүдийг баясгах олон эрчүүд бий. Ингээд бид 2017 онд сонирхолтой байх, хамгийн царайлаг, өсөх ирээдүйтэй шилдэг 15 эрэгтэй Instagram хуудаснуудыг түүн бичлээ.

1. Крис Пратт

A photo posted by chris pratt (@prattprattpratt) on

Бидний бэлдсэн жагсаалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд карьераа эрчимтэй өсгөж чадсан чадварлаг жүжигчин Крис Пратт эхлүүлж байна. Шинэ онд тэрбээр "Guardians of the Galaxy" киноны хоёрдугаар хэсэгт тоглож, харин 2018 оны эхэн үед түүний дүр бүтээсэн "Avengers: Infinity War - Part 1" бүтээл нээлтээ хийх болно. Гэхдээ түүний нэгэн зэрэг өхөөрдөм ба эрэлхэг дүр төрхийн хажууд энэ бүх уйтгартай мэдээлэл хэнд сонирхолтой байх билээ дээ. Тийм ээ?

Түүнийг дагах шалтгаан: Шинэ ба шилдэг кинонуудын урьдчилсан мэдээлэл ба фитнессээр хичээллэх урам зориг авахын тулд

2. Адам Галлахер (Galla)

A photo posted by Adam Gallagher (@iamgalla) on

Өнгөрсөн онд өндөр амжилтанд хүрсэн загварын блогийг үүсгэн байгуулагч ба хоёр сая гаруй дагагчтай Калифорнийн царайлаг залуу Адам Галлахер бол өөрийгөө брэнд болгож, дүр төрхөөрөө спонсор олж чаддаг хүмүүсийн нэг юм. Гэхдээ түүний Instagram хэзээ ч утгагүй рекламаар дүүрдэггүй. Дэлхийг тойрох дуртай Адам долоо хоног бүр хаа нэг гэнэтийн газар луу аялж, сонирхолтой зургууд нийтэлдэг тул түүний хуудас таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Түүнийг дагах шалтгаан: Байгалийн дахин давтагдашгүй дүр зураг ба царайлаг залуугийн үзэсгэлэнт зургуудыг олж харахын тулд.

3. Мэттью Носзка

Энэхүү Польш, Ирланд, Швед, Испани ба Герман цусны холимог коктейлийг анх Wilhelmina Models агентлагийн төлөөлөгчид Instagram хуудаснаас олж илрүүлжээ. Тэр үед тэрбээр барилга дээр ажилладаг байсан бөгөөд барилгын материалын фон дээр авсан өөрийн селфи зургийг тогтмол нийтэлдэг байж. Харин одоо Мэттью Nike, Calvin Klein, Hugo Boss, Tom Ford, Astrid Anderson ба Moncler брэндүүдийн сурталчилгаанд оролцож, өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр нэрлэгдээд байгаа. Энэ онд тэрээр карьерынхаа оргилд хүрэх өндөр магадлалтай байна.

Түүнийг дагах шалтгаан: Богино үстэй энгийн залуучуудад дуртай бол...

4. Ривер Вийпери

A photo posted by River Viiperi (@riverviiperi) on

Glamour, GQ сэтгүүлүүдийн дүгнэлтээр дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй супер моделиор тодорсон, Жиоржио Армани, Томми Хилфигер нарын хайртай загвар өмсөгч Ривер Вийпери нь Финлянд ба Испанийн холимог гаралтай гэдгээрээ онцгой. Тэр бол загварын салбарт өөрийн "Бага зэрэг бүдүүлэг, бардам, өөртөө хэт итгэлтэй" зан чанараараа алдаршсан, хамгийн эрэлттэй моделиудын нэг юм. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр өөрийгөө тийм ч бүдүүлэг биш хэмээн үргэлж зөвтгөдөг бөгөөд олон нийтийн буруу төсөөллийг заавал эвдэх болно гэдгээ амалсан байгаа.

Түүнийг дагах шалтгаан: Ривер өөртөө хэр их хайртайг өөрийн нүдээр харахын тулд.

5. Брок О'Херн

A photo posted by Brock O'Hurn (@brockohurn) on

Хоёр метр өндөртэй тамирчин ба дэлхийн хамгийн царайлаг урт үстэй эр болох Брок О'Хорныг "Эгэл ард дунд амьдардаг скандинавын бурхан" гэж Urban Dictionary тодорхойлдог. Laundry Service компанийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар Брок Instagram дахь нэг зургаас ойролцоогоор гучин мянган доллар олдог гэнэ. Өнгөрсөн онд тэрбээр "Too Close to Home" цувралд гол дүр гүйцэтгэсэн бөгөөд энэ онд харин бие даасан инди төсөлд Викинг эрийн дүрд тоглох болно. 

Түүнийг дагах шалтгаан: Бодит амьдрал дээрх Торыг харахыг хүсвэл.

6. Ник Бейтман

A photo posted by Nick Bateman (@nick__bateman) on

Instagram-д 2,5 сая дагагчтай Ник Бейтман юуны учир ийм их шүтэн бишрэгчидтэй болсон нь бага зэрэг ойлгомжгүй. Учир нь тэр "Hobo with a Shotgun" ба "My Babysitter's a Vampire" гэх тийм ч алдартай биш жижиг төслүүдэд оролцсон, ерөнхийдөө бол туршлага багатай эр. Магадгүй түүний карате урлагт суралцсан ур чадвар бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг байх. Ник бол нэлээд хэдэн олон улсын цол эзэмшдэг, өөрийн гэсэн тулааны урлагийн сургууль ажиллуулдаг, төгс бие бялдартай нэгэн юм. Бидний таамаглаж буйгаар тэр 2017 онд жүжигчний карьераа багагүй өсгөж чадах байх.

Түүнийг дагах шалтгаан: Тулааны урлагаар хичээллэдэг царайлаг канад залууст дуртай бол.

7. Кэмерон Даллас

Кэмерон бол Vine олон нийтийн сүлжээгээр алдаршсан, найман сая гаруй дагагчид цуглуулж чадсан олны танил залуу юм. Амжилтгүй дуу гаргаж, мөн хэд хэдэн амжилтгүй кино дүр гүйцэтгэсний дараагаар Кэмерон өөрийгөө загварт туршихаар шийдэж энэ жилийн Dolce & Gabbana брэндийн загварын шоун дээр алхсан байгаа. Өдгөө дөнгөж 22 настай Кэмерон GQ сэтгүүлийн нүүрэн дээр гараад амжсан тул түүнийг амжилттай ирээдүй хүлээж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Түүнийг дагах шалтгаан: "Шинэхэн Бибер" цаашид ямар амжилт гаргахыг харахын тулд.

8. Лаки Блю Смит

Дөнгөж 10 насандаа загварын салбарт орж, 12-тойдоо агентлагтай гэрээ байгуулсан Лаки Блю Смитийн карьер тун эрчимтэй өсч байгаа. Дизайнер Эди Слиман ба Том Форд нарын хамгаас хайртай загвар өмсөгч тэрбээр Calvin Klein-ий нүүр царайгаар тодорч, дэлхийн томоохон брэндүүдийн шоунуудад оролцсон туршлагатай. Тэр мөн Эллен Деженересийн шоунд уригдаж, Леди Гагагийн хөгжмийн клипэнд тоглож, Vogue, GQ, Elle, Marie Claire, V, Numéro, i-D, LOVE, W гэх сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарсан удаатай. Лаки түүнчлэн The Atomics хамтлагт төрсөн эгч нарынхаа хамтаар дуулдаг байгаа. Энэ бүгдийг уншсаны эцэст түүнийг ердөө л 18 настай гэхэд та итгэх үү?

Түүнийг дагах шалтгаан: Дээр дурдсанаас бусад өөр шалтгаан хэрэгтэй гэж үү?

9. Скотт Иствуд

Алдарт жүжигчин ба кино зохиолчийн хүү өнгөрсөн 2016 онд "Snowden", "Suicide Squad" гэх зэрэг кинонуудад тоглосон бөгөөд энэ онд "The Fate of the Furious" ба "Pacific Rim" бүтээлүүдэд гол дүр гүйцэтгэнэ. Тэр мөн маш царайлаг тул та түүний Instagram-аас нүдээ салгаж чадахгүй л болов уу.

Түүнийг дагах шалтгаан: Зургийг нь харах бүртээ "Аавтайгаа ямар адилхан юм бэ!" гэж хэлэхийн тулд

10. Дэвид Ганди

Залуухан эрчүүдийн жагсаалтыг нэгэн буурь суурьтай, Их Британийн эрэлхэг эрээр чимье. Vogue, GQ ба M&S-ийн моделиор ажилладаг тэрбээр жинхэнэ англи стилийг харуулж, сонгодог дүр төрхөөрөө таны сэтгэлийг булаах болно. Тэр яг л сайн чанарын виски мэт он жил өнгөрөх тусам улам сайхан болж хувирна.

Түүнийг дагах шалтгаан: Тэр магадгүй нэг л өдөр шинэ Бондоор сонгогдоно шүү.

11. Шон О'Прай

A photo posted by Sean O'Pry (@seanopry55) on

Шон загварын салбарт хөл тавиад хоёрхон жил болсон ч энэ хугацаанд өөрийнхөө карьерыг маш амжилттай өсгөж чадсан. YSL ба Calvin Klein-ий загварын шоунд оролцож, GQ ба францын Vogue Hommes сэтгүүлийн нүүрэнд гарсны хажуугаар тэр мөн Тейлор Свифтийн "Blank Space", Мадоннагийн "Girl Gone Wild" хөгжмийн клипэнд тоглосон байгаа.

Одоогийн байдлаар Шон дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Анх MySpace хуудсаар олонд танигдсан моделийн хувьд давгүй үр дүн байгаа биз?

Түүнийг дагах шалтгаан: Шинэ долоо хоногт түүнийг хэнтэй болзож байгааг олж харахын тулд (түүний найз охидын жагсаалтад жүжигчин Жессика МакНэми ба модель Диана Молдован нар багтаж байгаа).

12. Анвар Хадид

A photo posted by Anwar Hadid (@anwarhadid) on

Instagram-ын сэдвийг хөндөх үед Хадидын гэр бүлийг дурдахгүй байхын аргагүй юм. Жижи ба Беллагийн төрсөн дүү Анвар өдгөө дөнгөж 17 настай хэдий ч аль хэдийнэ IMG агентлагтай гэрээ байгуулж, томоохон брэндүүдийн шоунд оролцож, Zadig & Voltaire маркийн сурталчилгаанд тоглоод амжсан билээ. Үүнээс харахад Хадидын "вант улс" хүчээ авсан хэвээр байна.

Түүнийг дагах шалтгаан: Та мэдээж хэрэг Жижи ба Беллад дуртай биз дээ? Тэдний дүү ч бас танд гарцаагүй таалагдана.

13. Роб Эванс

A photo posted by Rob Evans (@robjamesevans) on

Их Британийн мэргэжлийн боксчин ба дасгалжуулагч Роб 2010 онд загварынхны анхааралд өртөж, тун удалгүй Givenchy, Jean Paul Gaultier, Jeremy Scott ба Trussardi брэндүүдийн загварын тайзан дээр алхсан туршлагатай. Төгс дүр төрх ба 190 см өндөртэй бие бялдар түүнийг хормын зуур жинхэнэ загварын од болгож, 2012 онд Мадоннагийн "Girl Gone Wild" клипэнд тоглуулж, мөн America's Next Top Model шоу нэвтрүүлгийн 19 дэх улиралд оролцоход тусалсан юм. Саяхан бид Робыг Moschino-гийн эрэгтэй загварын шоун дээр харсан байгаа.

Түүнийг дагах шалтгаан: Эрэгтэй найзууддаа эр хүний төгс бие бялдар ямар байх ёстойг харуулахын тулд.

14. Стивен Жеймс

A photo posted by STEPHEN JAMES (@whoiselijah) on

Шивээстэй залуучуудад дуртай юу? Тэдэнд дургүй хэн байх вэ дээ. Их Британийн бас нэгэн царайлаг эр Стивен анх хөл бөмбөгийн Scotland U18 багт тоглодог байсан ч 2012 онд Elite агентлагийн төлөөлөгчийн нүдэнд өртсөнөөр загварын салбар луу шилжсэн юм. Тэр цагаас хойш Стивен дэлхийн хамгийн алдартай шивээстэй загвар өмсөгчөөр нэрлэгдэж байна. Түүнд Calvin Klein, Takeshi Kurosawa, Philipp Plein, Diesel ба XTI брэндүүдтэй хамтарсан туршлага бий. Стивений Instagram хуудас одоогийн байдлаар хоёр сая гаруй дагагч цуглуулсан харагдана.

Түүнийг дагах шалтгаан: Түүнийг шинэ шивээс хийлгэсэн эсэхийг шалгахын тулд.

15. Конор МакГрегор

Бидний жагсаалтад багтсан дээрх залуусын хэн нь ч Конорын агуу амжилтанд хараахан хүрч чадаагүй. "Мистер ММА", Sherdog-ийн дагуу дэлхийн хамгийн шилдэг хөнгөн жингийн тамирчин тэрбээр тулааны талбар дээрх гайхамшигтай ур чадвараас гадна мөн өөрийн анхаарал татам зан чанараараа алдаршсан. Түүний тоолшгүй олон зодоон, хөгжилтэй маягийн бага зэрэг бүдүүлэг зан чанарыг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Конор түүнчлэн жинхэнэ ирланд эрийн сэтгэл булаам дүр төрх ба сайхан сэтгэлийг өөртөө агуулдаг. Тодруулбал тэр хүүхдийн эмнэлэгүүдэд тогтмол хандив өргөдөг маш алдартай сайн үйлсийн элч юм.

Түүнийг дагах шалтгаан: Түүнийг дагахгүй байж болохгүй шүү дээ!

Ингээд бидний бэлдсэн уг жагсаалтыг найзууддаа санал болгож, охидоороо цугларч суухдаа дээрх залуусын шинэхэн зургийг хэлэлцээрэй.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх