Хайх

Чингис хааны төрсөн өдөр яагаад жил бүр өөр өдөр тохиодог вэ?

Чингис хааны төрсөн өдөр яагаад жил бүр өөр өдөр тохиодог вэ?

Өвлийн тэргүүн сарын шинийн 1

Text: Ж.Чинбат

Аравдугаар сарын 31-нд Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны мэндэлсэн өдрийг "Үндэсний бахархлын өдөр" нэрийн доор тэмдэглэнэ. Харин яагаад бид энэ баярыг жил бүр өөр, өөр өдөр тэмдэглэж байна вэ?

Орчин үеийн бүх л хүмүүс Европ он тооллоор жил бүрийн нэг л өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг шүү дээ. Жишээ нь аравдугаар сарын 31-д Уил Смитийн охин Уиллоу Смит 15 нас хүрч байгаа. Мөн 565 жилийн өмнөх энэ өдөр Кристофер Колумб мэндэлжээ. Харин Монголд бид эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдрийг энэ өдөр тэмдэглэнэ. Чингис хааны төрсөн өдөр 2015 онд арваннэгдүгээр сарын 12-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиож байлаа. Тэгэхээр одоо бүгдээрээ яагаад Чингис хааны төрсөн өдөр жил бүр өөр өдөр рүү нүүдгийг олж мэдэцгээе. 

Чингис хаан хорвоод мэндэлсэн тухай

Монголын нууц товчооны нэгдүгээр бүлгийн 59 дүгээр зүйлд "Өүлэн эх Чингис хааныг  хар морин жил Ононы Дэлүүн болдогт төрүүлэв" гэж төрсөн он болон газартай нь бичсэн байдаг. Үүнийг ч өнөөдөр Монголын болоод дэлхийн олонх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Хамгийн сүүлд 2011 оны арванхоёрдугаар сарын 21-нд өнөөгийн нэр хүндтэй Монгол түүхчид энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж, Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэдэгт санал нэгджээ. Харин Монголын нууц товчоонд Чингис хааны сар өдрийг бичилгүй үлдээжээ. Яагаад юм бол?

Чингис хаан өвөл төрсөн үү, зун төрсөн үү?

Чингис хааны мэндэлсэн өдрийн талаар тухай дурдсан есөн түүхийн сурвалж бичиг одоогоор тодорхой байна. Үүний зургаад нь Тэмүүжинг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд, гуравт нь зуны эхэн сарын шинийн 16-нд төрсөн гэж тэмдэглэжээ. 

Чингис хааны төрсөн өдөр яагаад жил бүр өөр өдөр тохиодог вэ? (фото 1)

Хувилбар нэг: Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн

Чингис хааныг өвлийн эхэн сард төрсөн гэж үздэг гол судруудыг Монгол улсын гавьяат багш, хэл судлаач Ш.Чоймаа нэрлэсэн байна. Үүнд Жамбадоржийн Болор толь, Ордосын Гончигдоржийн "Сувд эрхи", "Хөх түүх" зэрэг сурвалжууд ордог. Түүхчид Чингис хааныг өвөл төрсөн гэдэгт гарцаагүй итгүүлдэг хамгийн гол эх сурвалж бол Хубилай хааныг өөрөө бичсэн гэж үздэг “Арван буянт номын цагаан түүх” судар юм. Энэ сударт Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээллэсэн байдаг аж. Мөн Хубилай хаан зарлиг гаргаж, жил бүр өвлийн эхэн сарын шинийн гурванд Чингис хааны угаалгын ёслол хийж, мялаагуудын хурим болсон өдрийг тэмдэглүүлдэг байжээ. Тиймээс эрдэмтэд өвөөгийнхөө амьд сэрүүнд дэргэд нь байсан Хубилай хааныг буруу он сар тогтоохгүй гэдэгт итгэлтэй байгаа юм.

Хувилбар хоёр: Зуны эхэн сарын шинийн арван зургааны улаан тэргэл өдөр

Хамгийн сүүлд Чингис хааныг өвөл биш зуны эхэн сард төрсөн гэж Өвөр Монголын нэрт эрдэмтэн Ч.Сайшаал "Чингис хааны товчоон" номондоо бичсэн байгаа. Энэ бол Лувсанданзангийн "Алтантовч" сударыг үндэс болгож дурдсан өдөр юм. Монголын нууц товчоонд зуны эхэн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдөр гурван удаа дурдагддаг ч Чингис хааны төрсөн өдөр гэж бичсэн зүйлгүй. 

Улаан тэргэл өдөр гэж юу вэ?

Монголчууд билгийн тооллоор сар бүрийн шинийн 16-ныг улаан тэргэл өдөр гэж нэрлэдэг юм. Энэ өдөр нар шингэхийн үед тэргэл сар мандаж, ув улаан өнгөтэй харагддаг бөгөөд монголчууд ихэд бэлгэшээн хурим найр хийх, хаан ширээнд залах, дайн тулаан эхлүүлэх зэрэг чухал үйл явдлуудыг хийдэг байв. Тухайлбал "Монголын нууц товчоо”-нд бичсэн улаан тэргэл өдрүүдэд Тайчууд хурим найр хийж, Тэмүүжин Жамуха хоёр анд бололцож (холбоотон болж цэргийн эвсэл байгуулсан гэрээ ч гэж үзэж болно), Чингис хаан Найман аймагтай дайтахын өмнө цэргийн туг, сүлдээ тахисан байдаг.

Чингис хааны төрсөн өдөр яагаад жил бүр өөр өдөр тохиодог вэ? (фото 2)

Тодорхойгүй гурван эх сурвалж

Чингис хааны төрсөн өдрийг огт бичээгүй  "Монголын нууц товчоо", Саган сэцэний "Эрдэнийн товч", "Монголын Юань гүрний түүх" гэх гурван эх сурвалж байдаг. Энэ талаар Чингис хааны төрсөн өдрийг тогтоосон тухай хэлэлцүүлэгт оролцож байсан доктор О.Сүхбаатар нэгэн сонирхолтой санаа дэвшүүлсэн байна. "Монголын нууц товчооны 59, 92, 211 зэрэг гурван зүйлд Чингис хааныг Ононы Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж тодорхой заасан хэрнээ төрсөн он сарыг ерөөсөө бичдэггүй. Би үүнийг ингэж боддог. Тухайн үед монголд бөөгийн шашин маш их дэлгэрсэн байсан. Бөөгийн шашинд хүний төрсөн өдөр, суудал мэнгийг мэдэхгүй бол мянган бөө бөөлсөн ч бусдад төвөг учруулж чадахгүй, хэрэв суудал мэнгийг мэддэг бол нэг бөө ч төвөг учруулдаг гээд Монголчууд төрсөн өдрөө ерөөсөө хэлдэггүй байсан. Тиймээс ийм хуучны заншлаас шалтгаалж Монголын нууц товчоонд тодорхой дурдаагүй байх" гэжээ. 

Яагаад тогтсон нэг өдөр байхгүй байна вэ?

"Хэрэв орчин үеийн он тоолол буюу Григорийн тооллоор Чингис хааны төрсөн өдрийг тогтооё гэвэл арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн" гэж судлаач Н.Нагаанбуу үздэг. Өвөр Монголын Ордос дахь Чингисийн онгон дээр ч үүнийг мөрддөг байна. Хамгийн гол нь Чингис хааны төрсөн өвлийн эхэн сарын шинийн 1-нийг ямар цагалбараар тооцож өнөөгийн он тоолол руу шилжүүлэх вэ гэдэг дээр асуудал үүсдэг байна.

"Өнөөдрийн хэрэглэж буй Түвдийн Төгс буянтын зурхай, өмнө нь Манжаас нэвтрүүлсэн Шар зурхай хоёрыг дагах биш, тухайн үед хэрэглэж байсан Монголчуудын өөрсдийн улирлын цаг тооллыг сэргээн тогтоож, хэрэглэх хэрэгтэй" гэж олонх эрдэмтэд санал нэгддэг. Гэвч одоогоор үүнийг хэрхэн тогтоох нь тодорхой биш байгаа. Тиймээс түүхчид болоод зурхай судлаачид энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл бид жил бүр билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн 1-нд л Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж байх нь ээ. 

цааш үзэх