Хайх

Эмэгтэйчүүд ээ! Эрчүүдийг арьсаа арчлахад нь тусалцгаая

Эмэгтэйчүүд ээ! Эрчүүдийг арьсаа арчлахад нь тусалцгаая

Арьсаа арчилна гэдэг эрэлхэг зүйл юм

Text: Ө.Тодгэрэл

Buro 24/7 Оросын тоймч Алексей Савостин бидэнд эрэгтэй хүн арьс арчилгааны асуудал дээр ямар хандлагатай байдгийг тайлбарлаж, тэднийг хэрхэн гоо сайхандаа анхаардаг болгох талаар зөвлөгөө өглөө

Энгийн зүйлээс эхэлцгээе

Гөлгөр сайхан арьс бол амжилтын нэгэн илрэл гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлэх байх. Орчин үед эрчүүд эргэн тойрны хүмүүсийн шүүмжлэлд өртөлгүйгээр арьсаа арчлах боломжтой болсон. Гэсэн ч  эрчүүд бид цаг алдан байж дэлгүүр хэсэж, гоо сайхны мухлагуудаар чийгшүүлэгч тос хайгаад явна гэж та бодоогүй биз дээ?

Ихэнх эрчүүд эхнэр, ээж, найз охин, эсвэл эгчийнхээ авч өгсөн гоо сайхны ганц хоёр бүтээгдэхүүнийг л хэрэглэж амьдардаг. Өөрөөр хэлбэл өөрөө хайж олсон биш, хэн нэгний бэлдэж тавьсан зүйлийг л хэрэглэдэг. Харин би бол онцгой тохиолдол юм. Би сахал хуссаны дараа түрхдэг тосыг худалдан авахын тулд гэрээс ажил болгон гарах тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ үүнд миний гоо сайхны салбарт ажилласан туршлага маань л нөлөөлсөн байх. Эмэгтэйчүүд энэ хорвоо дээр байгаагүй бол эрчүүд өдийг хүртэл хуурайшсан, барзгар арьстай явж байх өндөр магадлалтай. Тэд арьсан дээрх хар цэгүүдийг арилгадаг тусгай гель биш, харин хамгийн энгийн саванг хэрэглэх байсан. Тиймээс бүгдээрээ эмэгтэйчүүддээ баярлаж явах хэрэгтэй юм шүү.

Эмэгтэйчүүд ээ! Эрчүүдийг арьсаа арчлахад нь тусалцгаая (фото 1)

Хүчирхэг хэрнээ сул дорой

Дэлхийд алдартай эдийн засгийн профессор Дирдра Макклоскийг мэдэх хүн байна уу? Тэрээр 1990-ээд оны дунд үе хүртэл Дональд гэх нэр доор амьдарч, 30 жилийн турш албан ёсны эхнэртэй байсан хэдий ч сүүлд хүйсээ солиулах хагалгаанд орсон юм. Саяхан түүнээс сэтгүүлчид "Эрэгтэй хүний ямар онцлог хамгийн сэтгэл татам бэ?" гэж асуухад Дирдра "Мэдээж хэрэг сахал. Надад сахал таалагддаг шүү. Би өөрөө ч сахалтай байж үзсэн" хэмээн хариулсан байдаг. Энэ нь яахын аргагүй эрэгтэй хүний нэгэн гол онцлог бөгөөд эрчүүд бараг өдөр бүр л сахлаа хусах хэрэг гардаг. Зарим нэг нь өтгөн сахалтай болох зорилгоор, харин бусад нь ургасан сахлаа арчлахын тулд хусдаг билээ.

Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхтэй харьцуулбал байгалиасаа илүү зузаан, коллагенаар баялаг байдаг. Гэхдээ өдөр бүрийн сахал хусах процедур нь ямар ч эрүүл арьсыг гэмтээх аюултай. Сахал хусах үйл явцад арьсны эпидермисийн өөрийгөө хамгаалах функц алдагдаж, арьс илүү эмзэг болж эхэлдэг. Тиймээс би эрчүүддээ сахал хуссаны дараах гелийг заавал хэрэглэж байхыг анхааруулах байна. Хамгийн гол нь спирт эсвэл ямар нэгэн ширүүн орцтой бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг сануулъя. Сахал хуссаны дараах гель нь арьсыг чийгшүүлж, тайвшруулдаг. Түүнчлэн эмзэг арьсанд зориулсан сахлын хөөс эсвэл мусс ашиглах нь таны арьсанд илүү ашигтай. Энэ бүхнийг эмэгтэйчүүд ч бас анхааралдаа аваарай. Зөвхөн та л өөрийнхөө хайрт эрэгтэйд тус болж чадна шүү дээ.

Хэрвээ сахлаа хусахад ямар нэг асуудал гардаггүй ч арьсан дээр батга ба тослог гялбаа үүсч, эсвэл бусад таагүй зүйлс тохиож байвал тэдгээр нь ид шидийн байдлаар гэнэт алга болчихно гэж бүү найдаарай. Тодорхой нэгэн арга хэмжээ авахаас нааш алга болдоггүй юм. Тэгэхээр ванны өрөөнийхөө шүүгээнд бактерийн эсрэг, үрэвсэл намдаах ийлдэс болон хатаах үйлчилгээтэй тос аваад тавьчихад илүүдэхгүй. Эдгээр бүтээгдэхүүн нь өөхны булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж, арьсны өнгийг сэргээдэг увьдистай.

Гоо сайхны асуудал дээр тус болох эмэгтэй хүнгүй, ганц бие залуучууд гоо сайханчид нэг хандаад үзээрэй. Гоо сайханч танд арьсны бүх нарийн ширийн онцлогийг тайлбарлаж, алт шиг үнэтэй зөвлөгөөнүүд өгөх болно. Мөн танд хэрэг болох бүх бүтээгдэхүүнийг жагсаагаад өгнө.

Эмэгтэйчүүд ээ! Эрчүүдийг арьсаа арчлахад нь тусалцгаая (фото 2)

Шүтлэггүй хүнийг шүтлэгтэй болгосон нь

Миний хувьд аливаа гоо сайхны процедурыг эр, эм хүйсээр ялгаж хүлээж авах нь маш буруу санагддаг. Гэхдээ энэ миний л бодол шүү. Хөмсөг засахаас эхлээд гоо сайхны төрөл бүрийн аппарат хүртэлх бүх эмчилгээнүүд эрэгтэй, эмэгтэй арьсанд хоёуланд нь зориулагдсан байдаг.

Дэлхий дээр маш олон шүтлэггүй эрчүүд бий. Шүтлэггүй гэдэг нь тэд зөвхөн шампунь, шүршүүрийн саван, шүдний оо л хэрэглэдэг бөгөөд өөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэх гээд ятгасан ч ямар ч нэмэргүй байдгийг хэлж байгаа юм. Таны хайрт залуу хуурайшсан уруул, үрчлээс эсвэл нүд тойрсон хар тойрогны асуудалтай тулгардаг атлаа яаж ч хэлсэн эдгээр асуудлаа тоохгүй байна уу? Тийм байсан ч та санаа зовох хэрэггүй дээ. Та түүнийг гоо сайхны ертөнцөд бага, багаар нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээ нь хэрвээ тэр чийгшүүлэгч тос түрхэхээс огт татгалздаг бол түүнд чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний цаасан алчуур бэлэглээд үзээрэй. Тэрхүү цаасан алчуурууд нь хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлж чадахгүй ч арьсыг мэдэгдэхүйц сайжруулна. Мөн цаасан алчуур нь зай бага эзлэх тул хаа ч биедээ авч явахад тохиромжтой төдийгүй, ашигласны дараа гараа угаах шаардлагагүй давуу талтай. Жижиг сажиг зүйлс дээр илүү хөдөлгөөн хийх дургүй эрчүүдэд таалагдах нь гарцаагүй байгаа биз.


Хэрвээ таны хайрт залуугийн нүд хар тойрогтой болсон бол тэр нь компьютерын ард удаан суусан биш харин ердөө л танай гэрт зовхины арьсанд зориулагдсан эрэгтэй тос байхгүй байгаагийн шинж юм. Та өөрийнхөө зовхийг унжиж, үрчлээтэхээс сэргийлж тос тогтмол түрхэхээ мартдаггүй биз дээ? Тэгэхээр хажууд байгаа эр хүнээ ч мөн адил ийм зуршилтай болгож сургаарай.

Сүүлд нь сануулж хэлэхэд эрчүүд бид мэдэхгүй зүйлээ туршихаас эсэргүүцдэг юм. Хэрвээ бидэнд ямар нэгэн зүйлийн талаар хангалттай их мэдээлэл өгөх юм бол бид өөрийн мэдэлгүй татагдах магадлалтай шүү.

Эмэгтэйчүүд ээ! Эрчүүдийг арьсаа арчлахад нь тусалцгаая (фото 3)

цааш үзэх