Хайх

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд

Text: Ж.Чинбат


Ан ав бол зугаа цэнгэл биш гэдгийг бид сайтар ойлгож, ухамсарладаг хэдий ч монголчууд бол хамгийн шилдэг харваачдын үр удам тул орчин үеийн нум сумны технологийн талаар мэддэг байхад буруу зүйлгүй гэж үзлээ

Хойд Америкт одоо хурдан буугаар ан хийх тийм ч сонирхолтой биш болсон. Тэд одоо уламжлалт аргаар ан хийхийг илүүд үзэж байна. Тэгэхдээ маш орчин үеийн технологиор хийгдсэн нумтайгаар. Энэхүү нумыг агсаад хөвчид гөрөөлөх нь  илүү экстрим мэдрэмж төрүүлэх бололтой. Тэд нумаар гөрөөлөхдөө мөн зөвхөн анг отох, хойноос нь дагахаас гадна модон дээр тусгайлан бэхэлдэг тавцан дээр зогсож байгаад ан хийх шинэ хэв маягтай болжээ. 

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд (фото 1)

Дашрамд дурдахад яг одоо Монголын үндэсний түүхийн музейд "Монгол нум 3000 жил" нэртэй үзэсгэлэн гарч байгаа. Б.Ринчен гуай монголын тал нутагт 30-40 мянган жилийн өмнө хүмүүс нум сум хэрэглэж байсан гэдгийг архелеогийн судалгаан дээр суурилж бичсэн "Заан Залуудай" зохиолдоо тодорхой дүрслэн үзүүлсэн байдаг. Тэгвэл яагаад үүнийг татаж 3000 жил гэж тодорхойлсныг тус үзэсгэлэнг зохион байгуулж буй архелеогич, судлаач Л.Мөнх ярихдаа "Хүннүгийн үеэс монголчууд гичиртэй нум буюу илүү хүчирхэг, төгс нумыг хэрэглэж эхэлсэн учраас нэрийг оноосон" гэж хэлсэн юм. Хэрэв та тэрхүү үзэсгэлэнг сонирхвол монголын нум сумтай холбоотой өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл авч чадах болно.

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд (фото 2)

За ингээд хамгийн орчин үеийн гурван нумтай танилцана уу. 

Darton Viper SS extreme $900

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд (фото 3)

Darton Archery компани нь нум сум үйлдвэрлэлийн салбарт хамгийн удаан оршин тогтнож байгаа компаниудын нэг юм. Тэд анх 1950 он байгуулагдсан бөгөөд маш өндөр үзүүлэлттэй, зөөлөн харвалттай нумнууд үйлдвэрлэдгээрээ нум сум сонирхогчдын дунд нэртэй. Viper SS загвар нь 3,8 кг жинтэй ба секундэд 103 метр зай туулах хурдтай харвадаг. Мөн уг загвар нь авсаархан ба тэнцвэр сайтай тул харвахад биед хүчтэй түлхэлт өгдөггүй аж. Анчид Viper SS загварын гол онцлог болох ямар ч чимээ, шуугиангүй харвадаг чанарт нь дуртай. 

Obession Sniper GT $869

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд (фото 4)

2014 онд гарсан энэхүү загвар асар хурдан бас хөнгөн гэдгээрээ алдартай. Obsession Sniper GT загвар нь 1,8 кг жинтэй тул анхан шатны сонирхогчдод мөн тохиромжтой. Энэ нумаар харвахад сум секундэд 103 метрээс илүү зайд тусна. Нумны бариул болон хөвч хоорондын зай нь 17 см тул илүү хурдан болоход дөхөм үзүүлдэг аж. Мөн энэхүү загварт PerFX болон Anti Torque Guard Slide систем суулгаж өгснөөр нумны хөвчийг зөөлөн, хөнгөн болгожээ. Sniper GT загвар нь харвах мөч хүртэл бай дээрээ удаан төвлөрөх боломж олгох түгжээтэй.

Bowtech overdrive $900

Экстрим анд зориулагдсан супер нум сумнууд (фото 5)

Энэхүү нум нь маш хөнгөн буюу ердөө л 1,5 кг жинтэй. Хэдийгээр хөнгөн жинтэй ч тэр секундэд 104 метр зай туулах хурдаар сумаа харвадаг. Тиймээс харвах гэж буй байныхаа араас мөшгөхөд хамгийн тохиромжтой нум болж байгаа юм. Тэнцвэртэй байдал, тэгш хэмийг цогцлоосон Carbon OverDrive нумыг өөрийн харвах хэв маягтаа нийцүүлэн тохируулах боломжтой. Сонирхуулахад, Bowtech компани нь салбартаа хамгийн сайн хөвч үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай.

 

цааш үзэх