Хайх

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ?

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ?

Шөнийн тэнгэрийн зураг авахад хэрэгтэй үндсэн мэдээллээр аялалаа амттай болгоорой

Text: Ж.Чинбат

Програмист мэргэжилтэй, хоббигоороо одон орны зураг авдаг Н.Энхбатаас өмнө нь нэг л хүн монголд галактикийн зураг авсан байжээ. Одоо харин удахгүй маш олон хүн гарах болно

Монгол бол таван сая одтой, аялал жуулчлалын маш онцгой орон. Хэрэв та таван одтой зочид буудалд байвал эргэн тойрных нь бүх зүйлсийн зургийг хүссэнээрээ авч, инстаграмдаа тавьж болно. Харин хээр, тал нутгийн тэнгэрт алмаз эрдэнийн баялаг санг тараагаад асгачихсан юм шиг оддыг гэрэл зурагт буулгахад нэлээн тодорхой мэдлэг хэрэг болно. За тэгэхээр аялалд гарахдаа камерь зэхчихсэн байгаа бол нэмээд хөл авч, бас Бюро 24/7 Монголын энэ ярилцлагыг хадгалаад аваарай. Та хотоос 50 км холдоод сүүн замын зургийг  өөртөө буулгаж авах боломжтой.

Та багадаа  өвөөгийндөө, малчны дурангаар од харж, физикийн номон дотроос одон орны мэдээлэл авч байсан гэсэн. Харин хамгийн анх одны зураг авахдаа яаж авсан бэ?

Хамгийн эхэнд сүүн замын зураг авъя гээд хоёр жилийн өмнө ямар ч нэмэлт тоног төхөөрөмжгүй,  дан камериа бариад, 1988 оны 75-300 мм-ын дурангаар авсан. Одон орны зураг бол цэвэр миний хобби. Ихэвчлэн хуримын зураг авч байгаа.

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 1)

Эхлээд сүүн замын зураг буулгах тухай энгийн зөвлөгөө өгөхгүй юу.

Сүүн замын зураг авах маш энгийн. Гол нь сүүн замынхаа байршлыг мэдэж байх хэрэгтэй. Сүүлийн үед одны байршил хардаг янз бүрийн апп бий болсон. Камераа сүүн зам уруугаа харуулаад, аль болох өргөн өнцөгийн дуран ашиглана. Мэдээж хөдөлгөөнгүй сайн хөл байх хэрэгтэй. Хөшиг хаагдах хурдыг 30 секунд дээр тохируулах бөгөөд өргөн өнцөгийн дурантай бол од зурж харагдахгүй. /14 мм-ийн дуранд 30 сек, 18 мм-ийн дуранд 20 сек байх/

Гэрэл мэдрэх чадвар буюу ISO-г камерныхаа боломжийн хэрээр өндөр тавина. Сүүлийн үеийн камернууд  400,000 мянга хүртэл ISO той болсон бөгөөд хэрэв тийм камертай бол 50,000 мянга дээр тавьж болно.

Хэрвээ сүүн замын оддын наана хүн өөрөө зогсож зургаа авахуулъя гэж хүсвэл гучин секунд хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй. Энэ тохиолдолд камерандаа гэрэл хаягч буюу speedlite нэмэх, хүн дээр тусах гэрлийг нь нэмж тохируулах шаардлагатай.

Одот тэнгэрийг тунгалагаар нь харж зурганд буулгахын тулд том хотоос холдох хэрэгтэй болдог. Энэ талаар уншигчдад маань тайлбарлаж хэлэхгүй юу.

Одон орон ажиглагчдын хувьд гэрлийн бохирдол гэдэг  маш том асуудал сүүлийн үед гарч эхэлсэн. Энэ нь нийтийг хамарсан асуудал биш л дээ. Том хотуудад, жишээ нь Япон, Солонгосод нэг хотоос нөгөө хот залгадаг учраас тэнгэрт үргэлжилсэн их гэрэл гардаг. Магадгүй тэндэхийн хүмүүс од гэдэг зүйлийг мартсан байдаг. Тийм болоод л гадны жуулчид монголд ирэхээрээ тэр их одыг хараад уйлах шахдаг шүү дээ.

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 2)

Магадгүй тэндэхийн хүмүүс од гэдэг зүйлийг мартсан байдаг. Тийм болоод л гадны жуулчид монголд ирэхээрээ тэр их одыг хараад уйлах шахдаг шүү дээ 

Улаанбаатар хотоос хэдэн км холдвол од тунгалаг харагдах вэ?

Тэнгэрт байгаа оддоос энгийн нүдээр нэг сая гаруй од харагдах болов уу. Харин Улаанбаатар хот их томорч байгаа учраас 50 км газар гарчихаад байхад тэнгэрийн гуравны нэгт од харагдахгүй, цайраад, гэрэл цохиостой харагддаг. 100 км холдоход бас тэнгэрийн хаяагаар цайраад л байна. Тэгэхдээ зүгээр од ажиглъя гэвэл заавал 100 биш 30-50 км гарахад болно л доо. Галактикийн зургийг авахдаа хотоос 50 км холдоод, тухайн галактик нь хотоос эсрэг зүгт байхад гэрэлд цохиулахгүй авах боломжтой.

Галактикийн байршил тодорхойлохад ямар мэдлэг хэрэгтэй вэ?

Анх сонирхож байгаа хүмүүс апп ашиглаж байршлыг нь тодорхойлж болно. Celestron брэндээс гаргасан Sky portal апп гэхэд gps-р байршлаа авчихдаг учир утсаа хөдөлгөхөд галактик яг дагаад л хөдлөнө.

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 3)

Одны зураг, галактикийн зургийн алиныг ч авахад далайн түвшинээс өргөгдсөн байдал нөлөөлөх үү?

Өндөр газар даралт багатай, өдрийн наранд бага халдаг, агаар сийрэг учраас жирэлзэх хөдөлгөөн байхгүй тэнгэр тунгалаг харагдана.  Нам дор газар дулаан агаар хуралдаад, өдрийн наранд халсан газарт шөнө униар суунаглаж, агаарын жирэлзэх хөдөлгөөн үүсгэдэг. Дээрээс нь цаг уурч адилаар агаарын чийгшил ямар байх, үүлтэй байх эсэхийг судлах хэрэгтэй. Мөн мэдээж саргүй, шинийн 25-наас хойшхи өдрүүдэд тааруулж зураг авалтаа төлөвлөх хэрэгтэй.

Анх галактикийн зургийг монгол хүн авсан байгааг үзэж байхдаа маш их баярлаж, хэрхэн авсан юм бол гээд гайхаж байсан.  Камериа телескоптой холбож авсан уу?

Ер нь миний авсан зургуудад телескоп ашигласан нь ховор. Тусгай хөл дээр зоогоод авсан л даа. Галактикийн зургийг авахад лензнээс илүү хамгийн чухал зүйл бол од дагаж хөдөлдөг тусгай хөл. Ингэснээр зурагт од зурж харагдахгүй, тогтвортой бууна. Энэ хөлийг зургандаа тохируулахад маш их цаг ордог. Нэг галактикийн зураг авахад бүтэн шөнө зарцуулагдах болно. Тохиргоогоо хийж дуусаад нэг зургийг арван минутын хугацаанд авч, дараа нь дахин 30-40 удаа тэр зургаа авдаг. Ингэж олон авсан зургаа дараа нь нэгтгэж давхарлабал одот тэнгэрийн жижиг, нарийн зүйлс илүү сайн гардаг. Энгийн хүмүүсийн хувьд тэнгэрийн зураг авахад хамгийн тохиромжтой зураг нь сүүн зам авах юм

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 4)

Галактикийг зураг авах, бүр телескоптой холбож зураг авья гэж бодож байгаа онцгой хүсэлтэй хүмүүс ч бий байх. Телескопоор ямар зураг авах боломжтой вэ?

Телескоптой холбохоор гүн тэнгэрийн жижиг галактикийн зураг авна. Телексоп нь 2000-2500 мм бөгөөд ийм телескоп ашиглая гэвэл нэмэлт олон тоног төхөөрөмж шаардлагатай. Мөнгөн дүнгээр нь тооцоод үзбэл бараг 20-30 сая төгрөг шаардагдах байх.

Ярилцлагын эцэст сонирхоход одон орон сонирхох нь ямар ач холбогдолтой вэ?

Одон орон бүх шинжлэх ухааны суурь болж, хими, физик, математик зэрэг олон шинжлэх ухаан хавсарч байж судалдаг. Одоогийн бидний оршиж байгаа дэлхий, энэ нийгэм бий болоход маш чухал үр нөлөөтэй байсан. Би 2015 оны хавар одот тэнгэрийн гэрэл зургуудаараа хоёр сар орчим үргэлжилсэн үзэсгэлэн гаргасан л даа. Тэгэхэд маш их залуучууд ирж сонирхсон ба олонх нь одон орны мэдлэг нимгэн байх шиг харагдсан. Тэгэхдээ удахгүй одны зураг, галактикийн зураг авдаг маш олон залуучууд гарч ирэх нь дээ гэж харж байсан. Миний хувьд өнөө маргаашийн асуудал дунд, амьдралд хутгалдаад явж байснаа нэг шөнө гараад од харахаар дэлхий ямар жижигхэн юм бэ гэж бодогддог. Сансар огторгуйд байгаа тэр том галактикуудын дотор дэлхий гэдэг маань жижигхэн зүйл. Тэр жижиг дэлхий дээр байгаа бидний өдөр тутмын аахар саахар асуудал бүр жижигхэн гэж бодогддог. Тэгэхээр хүүхэд, залуучуудад арай чөлөөтэй, уудам сэтгэхэд хэрэгтэй, нөлөөтэй болов уу.

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 5)

Н.Энхбат: Сүүн замын зураг, галактик, гүн тэнгэрийн галактикийн зураг хэрхэн авах вэ? (фото 6)

 

 

цааш үзэх