Хайх

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё

Шувууны тухай

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё
Шувуу тэнгэрийн амьтан болохоор хэзээд эрх чөлөөний бэлгэдэл болдог. Үүнийг харин хэрхэн гэрэл зурагт буулгадаг талаар шувууны зурагчин Л.Жаргалсайхантай ярилцлаа

Технологи хөгжиж, камер хүчирхэг болсны ачаар бид Монгол орны 500 орчим зүйлийн шувуудтай цахим ертөнцөөр танилцах боломжтой болжээ. Шувууны гоёмсог, давтагдашгүй, хөгжилтэй, сүрлэг дүр төрхийг нь биднээр зогсохгүй дэлхийн олон хүн үзэж сонирхдог. Монголд ирж буй жуулчид дотор зөвхөн шувуу сонирхогч гэх тодотголтой хүмүүс цөөнгүй. АНУ 300 сая хүн амтайгаас 67 сая хүн өөрийгөө шувуу сонирхогч гэж бүртгүүлсэн байдгийг харвал хэдий хэр үзэгч, сонирхогч бий нь харагдана. Тэгэхдээ мянган км-ын цаана үүрэндээ тухлаж байгаа шувууг хүмүүст танилцуулахад уйгагүй явдаг сайн зурагчин хэрэг болно. Шувууд нуурын дунд эсвэл хадны хавцалд нуугдан байгаа шүү дээ. Тэгвэл Л.Жаргалсайхан фликр хуудсандаа 1000 гаруй шувуудын зураг байрлуулсны дотор Монгол орны 330 гаруй төрлийн шувуу орсон байна. Жинхэнэ шувууг танин мэдэх цонх биш гэж үү?

Адал явдалд бүгд дуртай. Шувууны зурагчин хүнийх харин ямар вэ?

Адал явдал нь юу вэ гэвэл манай орны ихэнхи шувууд зэрлэг, онгон байдлаараа амьдардаг. Нэг шувууг харъя гээд зориод явлаа гэхэд олж харах нь хорин хувийн магадлалтай.  Хөдөлж, нисч яваа амьтныг холоос онож зургийг нь авах хэцүү. Том болон махчин шувууд цөөн хором саатаж суудаг. Харин жижиг шувууд маш их хөдөлгөөнтэй, зүгээр сууна гэж байдаггүй. Би өөрөө эхлээд ан гөрөө сонирхдог байсан ч сүүлдээ шинэ хобби хайгаад, 2011 оноос эхлэн шувууны зураг авч эхэлсэн.

Та зургийг нь авсан шувуудынхаа бүртгэлийг хөтлөдөг юм байна. Нийт 330 гаруй шувууны хэд нь ховор шувуу вэ?

Харсан боловч зургийг нь аваагүй бол тэр шувууг би энэ бүртгэлдээ оруулаагүй. Би яг ховор шувуу нь гэж тоолж үзээгүй ч 2014 онд шувууны зургийн цомог гаргахдаа ховор буюу ховорхон харагддаг 27 шувуу оруулсан.

Шувууны гэрэл зурагт тавигддаг ямар үндсэн шаардлага байдаг вэ?

Шувуу байгалийн амьтан болохоор хөрш орнуудад адил  зүйлийн шувуу олон бий. Тэгэхээр тэдний зургийг бүдэг, муу авчихаад гадаадын сонирхогчдод харуулахад нэрээ бодохоос эхлээд олон юм байна. Шувууны зургийг сайн боллоо гэж үзэхдээ би нэгд фокус сайн байхыг чухалчилдаг. Олон зургаас нэгийг нь сонгоод, +100 хувь томруулж харахад нүд нь очтой байх хэрэгтэй. Нүдний гархи нь харагдсан, өд сөдний ширхэг нь мэдрэгдсэн, хоёрт шувуу айж, цочоогүй байвал сайн. 

Та зургандаа голчлон ямар линз ашиглаж байна?

Надад 400, 500, 800 мм-ын дуран бий. Нэмэлт экстендэр залгаж авбал зургийн чанар их унадаг. Хүмүүс зураг дарахад их л амархан гүйж очиход авчих мэтээр боддог байх. Жишээ нь би Canon 7D MarkII камерийг өнгөрсөн арваннэгдүгээр сард аваад одоо 110 мянган удаа зураг дарчихсан байна. Энэ камерь өөрөө 200 мянган зураг дарах техникийн хязгаартай гэж байгаа. Заримдаа мянган кадраас  нэг л зураг сонгодог.

Хүмүүс болор линз сайн, зураг тунгалаг, гоё гаргадаг гэдэг. Таны хувьд линзний чанар уу, зурагчины чадвар чухал уу?

Би шувууны зураг авч эхлэхдээ гурван чиглэлээр ном их уншсан. Шувууны лавлах ном, гэрэл зураг авах тухай, дараа нь хэрхэн зургаа боловсруулалт хийх тухай номууд л даа. Өндөр үнэтэй, том линзний үнэ нь чанартайгаа яах аргагүй холбоотой. Учир нь юундаа вэ гэхээр дуранг хийж буй болор шилэндээ байдаг. Гэхдээ дадлага хамгаас чухал.

Шувууг сонирхож, ажиглаад үйл хөдлөлөөр нь хэлийг нь ойлгож, мэдэрч байвал сайн.

Дрон ашиглаж шувууны зураг авч болох юм гэж хүмүүс сонирхож байгаа байх.  

Би өөрөө энэ талаар сонирхож байгаагүй ч намагтай, хүрэхэд хэцүү газруудад ашиглаж болох байх. Тэгэхдээ техник үзүүлэлт талаас нь харвал DSLR камер 35 мм-ын сенсортой, тэгвэл GoPro болон дронд ашиглагдаж байгаа камерны сенсор ердөө хумсны толион чинээ жижиг хэмжээтэй. Хэдийгээр 30-40 мегапиксел хэмжээтэй гэж сурталчилж байвч тэр багахан зайд бүгдийг нь шахаад хийчихэж байгаа хэрэг. Тэгэхээр холын зайны зураг олон цэгээр гэрлийн дүрс авах учраас хөдөлгөөн үүсч, зургийн чанар муу гарах эрсдэлтэй. Гэрэл зургийн техник талаас нь ярьвал энэ их том сэдэв.

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё (фото 1)

Та шувууны зураг авахаар сонирхох хүмүүст хамгийн түрүүнд юу зөвлөх вэ?

Саяхан би гэрэл зургийн цуврал сургалт дээр шувууны зураг авах талаар ярьсан юм. Тэр үед "Гэрэл зураг сонирхож байгаа 30 хүн байлаа гэхэд гурав нь шувуу сонирхож, нэг нь  зориод явах юм байна" гэж бодсон. Нэгд хүнд сонирхол хэрэгтэй. Хоёрт тэсвэр, тэвчээр чухал. Шувууг сонирхож, ажиглаад үйл хөдлөлөөр нь хэлийг нь ойлгож, мэдэрч байвал сайн. Заавал өндөр ууланд авирч, ус намаг руу орох биш зуслангаасаа эхэлж болно. Аугаа зүйлс энгийнээс эхэлдэг.

Миний хувьд одоо зургийг нь аваагүй шувуу,  Хүрч очоогүй газар хамгийн гоё. 

Ганга нуурын эргээс шувууны зураг авах гээд ойртохоор л тэд эргийн нөгөө тал руу шахчихдаг юм билээ. Та хүлээж отож авдаг уу, эсвэл алсын удирдлага ашигладаг уу?

Би удирдлагаар авч үзээгүй. Олон шувуу их гоё л доо. Гэхдээ ямар зохиомжтой авах гэж байгаагаа сайн бодохгүй бол болдоггүй. Тэнгэр бүрхсэн олон шувуу надад их таалагддаг. 

Шувуу их ухаалаг амьтан гэдэг. Та зургийг нь авч явахдаа анзаарсан тохиолдол юу байна вэ?

Шаазгай их ухаалаг, зальтай. Хоол тавьж өглөө гэхэд хэзээ ч шууд очдоггүй. Тойрч, энд тэнд бууж ажиглаж байгаад ирдэг. Зарим шувууд ангаахайгаа хооллож байгаа нь их янзтай. Соно, царцаа барьчихаад хөлнийх нь өргөслөг хэсгийг нь цэвэрлэж байгаад өгдөг. Өөрөө бол шууд л залгичихна. Зарим шувуу өөрийгөө усанд тольдоод, гайхаж байх жишээний.

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё (фото 2)Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё (фото 3)

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё (фото 4)

Бид усны шувууд л гээд байдаг. Говь, цөлийн шувуу гэж бий юу?

Хээрээр нутагладаг шувуу гэж байна. Бүс бүсээрээ ондоо бөгөөд одоо бол говь, хээрийн суурин шувуунаас бусад нь бүгд буцчихсан байгаа. Мөн Хойд туйл, Сибирээс Монголд ирж өвөлждөг шувууд бий.

Шувууны үүртэй нүүдэлчид их болгоомжтой харьцдаг. Та яадаг вэ?

Шувуу судлаачдад сонирхсон шувуу нь үржиж байна уу гэдэг утгаараа үүрийг нь эргэх шаардлага байдаг байх. Би сонирхож, ойртохгүй хол явдаг. Үүрэнд нь дөхнө гэдэг садаа болж байна гэсэн үг. Магадгүй өндөгөө дарж байгаа шувуу сатаарч байх тэр хооронд үр төлд нь дулаан дутаж  эрсдэх ч юм билүү. Ангаахайн хоол нь холдож өлсөж ч болно. 

Жишээ тогорууны өндгөнд нь сүүдрээ тусгасан хүнийг "ган дөрөө тасартал хараадаг" гэсэн үг бий санагдлаа. 

Манай нүүдэлчин ард түмэн тэгж домог яриагаар байгалиа хамгаалж байж. Одоо зам харгуй сайжраад бүгд л хөдөө очихдоо жимс, самарнаас эхлээд би заавал авах ёстой гэсэн ойлголттой болж дээ. Өгий нууранд хэдхэн жилийн өмнө хадны бор шувуу, усны нөмрөг бүргэд зэрэг олон шувууны үүр байсан бол одоо алга болсон байна лээ.

Шувуунд ер нь хэр ойрхон дөхөж болох вэ?

Зураг авдаг хүмүүс шувууны аюулгүй зайг мэдэж авсан байдаг. Жижиг шувууных 5-10 метр байхад, бүргэд зэрэг том махчин шувууных 30-40 метр байна. Энэ зайнаас илүү ойртвол шувуу үргэж, тайван бус болно.

Та мянга илүү км газар луу, яг тийм шувууны зураг авна гээд л гардаг уу?

Би тийм шувуунд явж байна гэдгээ хүнд хэлдэггүй. Шувуу судлаач нараасаа ямар шувуу хаана байх магадлалтайг сонсож аваад, дотроо тэднийг харчих юмсан гэж бодоод явдаг. Гэхдээ шувууны тэнгэр янз бүр. Заримдаа харуулна, заримдаа үгүй. Шувуудад саад болохгүй, үргээж цочоохгүй явахад байгаль олон сайхан шувуу үзүүлдэг.

Л.Жаргалсайхан: Хүрээгүй газар, зургийг нь аваагүй шувуу хамгийн гоё (фото 5)

Та одоо бараг л нутгаа бүгдийг тойрсон байх. Монголын хаана очиход их гоё вэ?

Миний хувьд одоо зургийг нь аваагүй шувуу, хүрч очоогүй газар хамгийн гоё. Баруун, зүүн хязгаар луу би их явсан. Дорнотын Нөмрөг, Халх гол гайхамшигтай. Түүгээр Австрали Азийн шувууны нүүдлийн зам дайрдаг. Энэ намар Ховд явахад их сайхан байсан. Хар ус нуур орчмын байгаль намаг, шумуултай, хүний хөл хүрэхэд хэцүү тогтоцтой нь өөрөө ан амьтдаа маш сайн хамгаалчихсан юм билээ.

Дэлхийн бусад орны хаана очиж шувууны зураг авбал сонирхолтой вэ?

Тийм боломж байвал үзэх л хэрэгтэй. Ерөнхий танин мэдэхүйн хүрээнд амьтны хүрээлэнгүүд их гоё орчин. Берлин, Сингапурын амьтны хүрээлэн сайн, амьтдын баялаг цуглуулгатай. Тэндэхийн амьтад эрүүл, шувуудын өд сөд цэвэр, гоёмсог, хуруу хумс нь бүтэн байдаг. Мөн Европын орнуудын цэцэрлэгт хүрээлэнгүүд их гоё. Агаар нь цэвэрхэн, чийглэг учраас зураг сайн гардаг. Монгол бусад орноос юугаараа илүү вэ гэвэл, жишээ нь Канадад нэг бүргэдийн зураг авахаар хойноос нь дагалаа гэхэд удалгүй нэг хашаанд очоод тулчихна. Бидэнд одоогоор тийм хашаа, хязгаарлалт ховор байна.

Цааш үзэх