Хайх

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт

Таны үсний онцлог, толгойн хэлбэрт тохирсон мөнхийн сонгодог засалтууд

Text: Ө.Тодгэрэл


Тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгддэг гоо сайхны ертөнцөд аливаа тренд маш хурдан хүчээ авч мөн адил хурдан алга болдог. Тиймээс сүүлийн үеийн трендүүдтэй хөл нийлүүлэн алхах нь заримдаа төвөгтэй сэтгэгдэл төрүүлдэг. Аз болж зарим зүйлс хэзээ ч моодноос гарахгүй, мөнхийн сонголт болон үлддэг. Тэр дундаа бидний бэлдсэн доорх үс засалтууд эрэгтэй хүнийг бүх цаг үед цэмцгэр, сайхан харагдуулна

Франц маягийн богино тайралт

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 1)

Франц маягийн богино тайралт ихэнх толгойн хэлбэрт зохидог том давуу талтай. Бага зэрэг чёлктой энэхүү үсний засалт нь үсийг урагш чиглэлээр самнахад хүргэдэг тул энэ нь шингэрч, халцарч буй үсний хэсгийг нуун дарагдуулахад тусална. Энэ нь мөн маш хялбархан, ямар ч нөхцөлд тохирдог, бага арчилгаа шаарддаг үсний засалт юм. Ийм засалт хийлгэсэн цагт танд үс хэлбэржүүлэх бүтээгдэхүүн бараг л хэрэг болохгүй. Франц маягийн богино тайралтыг аль болох оролдохгүй, байгалийн хэвээр нь үлдээвэл хамгийн сайхан харагдана.

Жигд бус хэмтэй чёлктой үс

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 2)

Юуны түрүүнд энэхүү засалтыг зөвхөн хангалттай урт үсэнд хийх боломжтойг онцлох нь зүйтэй байх. Мөн энэ үс засалт нь шингэн гэхээсээ илүү бүдүүн ширхэгтэй, өтгөн төрлийн үсэнд сайхан зохидгийг анхаараарай. Тэгэхээр хэрвээ таны үс төрөлхийн шингэн эсвэл халцарч байгаа бол энэхүү засалт нь танд тохиромжгүй байх магадлалтай.

Давхар эргүүлэгтэй эсвэл зарим хэсэгтээ сөрдийсөн үстэй эрчүүд энэ засалтыг туршаад үзэх хэрэгтэй. Учир нь энэхүү багагүй урт үс шаарддаг тайралтыг хийлгэснээр та үсээ хүссэн чиглэл рүүгээ налуулж, янзалж чадах юм. Доорх зургууд дээрх шиг төгс тайралттай засалт сонгохдоо үсчиндээ хийлгэхийг хүсч буй засалтынхаа зургийг үзүүлэхийг зөвлөх байна. Сайн үсчин таны хүслийг ойлгож, жигд бус хэмтэй, бага зэрэг долгиолсон мэт харагдах тайралт хийж өгнө.

Ийм засалт хийлгэхдээ мөн үзүүр шингэлдэг хайчнаас болгоомжлох хэрэгтэй. Зарим үсчид үүнийг хэтрүүлэн хэрэглэх гээд байдаг. Үс шингэлдэг хайчийг толгойн орой хэсэгт аль болох ашиглах ёсгүй. Хэрэв тэгвэл таны үсний үзүүр нарийхан, харин уг хэсэг нь бүдүүн хэвээр үлдэж, үсний хэлбэр тань алдагдаж эхэлнэ.

Маш богино тайралт

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 3)

Ул тавьж, нимгэн үс үлдээсэн цэрэг маягийн тайралт бол хэзээ ч моодноос гардаггүй засалт бөгөөд эрчүүдийн мөнхийн стиль гэж хэлж болно. Гэхдээ энэ засалт зөвхөн "зөв" хэлбэрийн толгойтой эрчүүдэд зохидог том дутагдалтай. Дөрвөлжин хэлбэрийн толгойтой, тэгш хэмийн царайтай эрчүүдэд энэ засалт маргаангүй сайхан зохино. Харин толгойн хэлбэр нь тийм ч зөв биш эрчүүд энэхүү тайралтыг богино биш, илүү зөөлөн маягаар хийлгэж болох юм. Энэ тохиолдолд үсний ерөнхий засалт дөрвөлжин хэлбэртэй байж, орой хэсгийн үсийг бусад хэсэгтэй харьцуулбал илүү урт үлдээсэн нь дээр байдаг.


Ташуу хагалалттай үс

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 4)

Анх 1920-1940 онуудад дэлгэрч байсан уг үсний засалт сүүлийн арван жилд шинэчлэгдсэн байдлаар дахин нэг удаа хүчээ авч, ихэнх эрчүүдийн өдөр тутмын сонголт болж байна. Ташуу хагалсан үсний үндсэн суурь нь ар ба хажуу хэсгүүдээрээ богино атлаа бусад хэсгээрээ урт тайралттай байдагт оршдог. Энэ нь үнэн хэрэгтээ маш энгийн бөгөөд ихэнх толгойн хэлбэр ба үсний онцлогт зохидог, юниверсал засалт юм. Үсээ аль чиглэл рүү хагалахаа мэдэхгүй байвал үсээ нийтээр нь арагш самнаж, таны үс аль чиглэл рүү буцаж унаж, аль хэсэгтээ хуваагдаж байгааг анзаараарай.

Мөрний урттай тайралт

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 5)

Сонгодог, цэмцгэр атлаа мөн тачаангуй энэ засалтыг эрчүүд олон арван жилийн турш сонгож байна. Ийм төрлийн засалт хийхийн тулд үсээ ургуулах шаардлага гардаг бөгөөд ихэнх эрчүүд энэ хэцүү давааг давж чадалгүй, дундаас нь шантардаг юм. Харин үсээ ургуулж чадсан нэгэн нь үсчиндээ хандан, тодорхой зорилт тавих хэрэгтэй. Хэрвээ та чухал ажил эрхэлж, өдөрт олон бизнес уулзалт хийдэг бол хэтэрхий замбараагүй тайралт магадгүй танд тохиромжгүй байх. Гэхдээ мөрний урттай засалтын гол нууц жигд бус хэмд оршиж байдгийг бүү мартаарай. Хэтэрхий тэгшхэн үс таны хүссэн бага зэрэг долгионтой, тачаангуй төрхийг гаргаж чадахгүй. Түүнчлэн ийм засалт хийлгэсэн үед ямар нэгэн үс хэлбэржүүлэх бүтээгдэхүүн ашиглахгүй байхыг зөвлөх байна. Энэ тайралт аль болох төрөлхийн юм шиг харагдах ёстой шүү.

Арагш самнасан гөлгөр үс

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 6)

Ташуу хагалалттай үстэй ижилхэн хэрнээ арагш самнасан уг засалт мөн адил 1920 онд анх дэлгэрч, тэр цагаас хойш өдийг хүртэл эрчүүдийн сонгодог стилиэр нэрлэгдэж байна. Ар, хажуу хэсгүүд богино, толгойн орой хэсэг илүү урт үстэй байх шаардлагатай энэхүү засалтыг ямар ч толгойн хэлбэртэй хүмүүс туршиж болно. Гэхдээ бага зэрэг шингэрсэн эсвэл халцарсан үстэй хүмүүс хүссэн үр дүндээ хүрэхгүй байх магадлалтайг анхаарах хэрэгтэй. Үсээ хэлбэрт оруулахын тулд эхлээд үс хатаагч хэрэглэн үсээ арагш самнаж, дараа нь усан суурьтай үс хэлбэржүүлэгч түрхэж үсээ дахин самнаарай.

"Quiff" буюу дээш ба арагш чиглэлээр самнасан үс

Хэзээ ч моодноос гарахгүй эрчүүдийн долоон үс засалт (фото 7)

Quiff бол ямар ч насны, ямар ч толгойн хэлбэр, үсний онцлогтой эрчүүдэд тохирдог жинхэнэ сонгодог үсний засалт. Гэхдээ мэдээж хэрэг шингэрсэн эсвэл халцарсан үсэнд төгс харагдахгүйг сануулах нь зүйтэй байх.

Quiff засалтыг хийлгэхээсээ өмнө сонгодог эсвэл орчин үеийн хэлбэрээр тайралт хийлгэхээ сонгох хэрэгтэй. Сонгодог засалтад толгойн ар, хажуу хэсгүүдийн үс оройн хэсгийн үстэйгээ харьцуулбал тийм ч богино байдаггүй. Харин орчин үеийн засалтад энэхүү үс хоорондын уртын ялгаа маш тодоор гардаг. Өөрөөр хэлбэл орчин үеийн залуус ар ба хажуу хэсгийн үсээ маш богинохон тайрах хэрнээ оройн хэсгийг урт үлдээх дуртай болсон.

Харин бидний зүгээс зөвлөхөд хэрвээ та бага зэрэг урт нүүрний хэлбэртэй бол хажуу ба ар хэсгийн үсээ хэт богино тайрахгүй байсан нь дээр. Ингэснээр та толгойн хоёр талыг бага зэрэг дүүргэж өгнө. Үсээ хэлбэрт оруулахын тулд чийгтэй үсэндээ үс хэлбэржүүлэгч түрхэж, жигд тараах зорилгоор самнаарай. Үүний дараагаар сэнсээр үсээ хатаах зуураа үсээ дээш ба арагш чиглэлээр самнах хэрэгтэй. Эцэст нь энэ их хөдөлмөрөө үгүй хийхгүйн тулд илүү удаан хугацаанд хэлбэр барих цацлага цацаж болох юм.

цааш үзэх