Хайх

Шинэ, хачирхалтай загварын ертөнц

Шинэ, хачирхалтай загварын ертөнц

Стилистүүд дизайнеруудыг орлож байна

Text: Г.Тэмүүлэн

Загварын тоймч Элена Стафьева бидэнд энэ удаа нэгэн сонирхолтой нийтлэл илгээлээ. Өнгөрсөн долоо хоногт хувцас загварын Brioni ордны бүтээлч захирлын суудалд Жастин О’Ши томилогдсон билээ. Тэр загвар зохион бүтээх туршлагагүй ч харин сая, сая долларын орлого авчирч чаддаг. Тэгэхээр энэ бүхний зүй тогтол юун дээр оршиж байгааг харцгаая

Жастин О`Ши бол өмнө нь mytheresa.com гэх тансаг зэрэглэлийн онлайн дэлгүүрт худалдан авалт эрхэлсэн захирлаар ажиллаж байсан хүн юм. Одоо харин тэр Brioni брэндийн загвар хариуцсан бүтээлч захирлаар томилогдоод байна. Урд өмнө нь ийм загварын боловсролгүй, загвар зохион бүтээгчидтэй ажиллаж байсан туршлагагүй хүнийг бүтээлч захирлын албан тушаалд томилсон тохиолдол гарч байсангүй. Мэдээж дэлхийн хэмжээний алдартнуудтай холбоотой цөөн хэдэн тохиолдлыг тооцохгүй бол шүү дээ. Хэдийгээр Brioni бол загвар зохион бүтээгчийн брэнд биш ч гэлээ эрэгтэй хувцасны загварт тодорхой байр суурь эзэлсэн чухал нэр. Тэгэхээр тэдний эхлүүлсэн энэ тохиолдол анхных болж байгаа ч мөн сүүлийнх биш гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

Яагаад ийм зүйл болов гэвэл мэдээж үүнд Жастины өмнө нь эрхэлж байсан ажлын туршлага чухал нөлөөтэй байсан. Тэр дэлхийн хамгийн амжилттай интернет дэлгүүрийн худалдан авалтыг маш чадварлаг авч явсан. Худалдан авагч юу хүсч байгааг, мөн юу сайн зарагдахыг тэр дээд зэргээр мэддэг. Гэхдээ үүнийг Жастин загварын бүтээлч захирлаар томилогдсон гол шалтгаан гэж үзвэл дэндүү өнгөц хандсан зүйл болно.  

Жастин чадварлаг борлуулагч байхаас гадна түүний хобби нь дэгжин хувцаслах юм. Тиймээс тэр бол street style ертөнцөд маш тод гялалздаг од болсон. Ингээд жижиглэн худалдааны туршлага дээр амжилттай street style төрх бүрдүүлэлт нь нэмэгдэж, түүний амжилтын гол түлхүүр нь болсон. Тэгэхээр одоо Pitti Uomo-гийн бусад street style баатрууд мөн адил өөрсдийн шинэ карьер эхлэх ээлжээ хүлээж байгаа. Жишээ нь Neiman Marcus-ын эрэгтэй хувцасны хуучин захирал Ник Вустер болон Bergdorf Goodman-ы эрэгтэй загвар хариуцсан захирал Брюс Паск нарыг нэрлэж болно. Ялангуяа Брюс Паск хэдэн улирлын турш Lardini брэндэд зориулж капсул цуглуулга хийж, борлуулалт биш бүтээл рүү төвлөрч байгаа.

Гэхдээ л Жастин О'Ши Brioni-гийн бүтээлч захирлаар томилогдсоны жинхэнэ учир шалтгааныг бид хараахан бүрэн мэдээгүй байна. 

Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 1)

Ерөнхийдөө загварын ертөнцөд томоохон хувьсгал гарахын өмнөх үеийг бид бүхэн харж байна. Алдартай загварын ордонгууд ээлж, дараагаараа бүтээлч захирлуудаа чөлөөлж, шинэ хүнээ сонгож мэдэхгүй эргэлзэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хуучны систем дээр тогтож байсан загвар зохион бүтээгчид шинэ үед тийм ч сайн зохицохгүй байна. Яг л "Загварын шоу-захиалга-ханган нийлүүлэлт" гэдэг хуучин тогтолцооны адилаар загварын бүтээлч захирлуудын эрин үе дуусч байна.

Бид өмнө нь загварын ордон, тансаг зэрэглэлийн болон загвар зохион бүтээгчдийн өөрсдийн брэндийг тэргүүлдэг бүтээлч захирлуудыг шинэ хэлбэр дүрс бодож олдог, шинэ амьдралын хэв маяг санал болгодог хүмүүс гэж хүлээж авдаг байсан. Харин одоо энэ нь шалихгүй зүйл болон хувирчээ. Яагаад гэвэл бид бэлэн хувцасны эрин үед амьдарч байна. Тийм ч учраас зах зээлийн эрэлтдээ зохицсон шинэ дэглэлт, найруулга өнөөгийн хэв маягийг тодорхойлох болжээ.  

Тэгэхээр үүнээс шалтгаалж стилистүүд хамгийн их эрэлттэй байна. Энэ цаг үе бол тэдний оргил үе бөгөөд тэд ч өөрсдийгөө шилдэг сонголт гэдгийг нотлосоор. Эди Слиман Yves Saint Laurent-тэй /тэр саяхан албан тушаалаасаа буусан/, Алессандро Микеле Gucci-тэй хийсэн илбийг бүгд дууриахыг хүсч байгаа. Тэд шинэ үеийнхэнд тийм ч ойлгомжтой биш хуучинсаг загварын ордныг хүлээн авдаг ч 30 жилийн өмнө моод болж байсан ямар нэг зүйлийг орчин үеийн технологи, материалтай нэгтгээд залуучуудад зардаг болсон. Өөрөөр хэлбэл стилистүүд шилмэл, винтэж загваруудыг амжилттай шинэчилсэн. Энэ бүх нөхцөл байдлаас л ирээдүйн бүтээлч захирлууд төрөн гарч байна. Тэгэхээр өнөөх street style одууд үнэд орж буйн учир энд тодорхой боллоо. Тэд өөрсдийнхөөрөө байж чаддаг, мөн хамгийн туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжтэй стилистүүд гэсэн үг юм.

Дүр төрх бүрдүүлэхийн хувьд өнөөдөр хамгийн хоцрогдсон арга барил бол гол дүрийн бүсгүйгээ Одри Хэпберны "Breakfast At Tiffany's" -ын дүрд хувиргах явдал юм. Мөн Катрин Деневын "The Hunger" киноны гол дүрд хувиргасан ч амжилтанд хүрэхгүй. Стилистүүд, тэдний үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны байдал юунд ч тэмүүлж болох ч эцсийн үр дүнд нь арван жилийн өмнөх, эсвэл дараах иж бүрдэл хувцас гарч ирэх ёстой. Энэ бол цаг үеийн шаардлага болоод байгаа зүйл юм.

Prêt-à-porter эсвэл Ready-to-wear буюу бэлэн хувцасны моод нь маш хурдан хувьсаж байдаг. Тиймээс гол баатрууд нь ч мөн адил гэрлийн хурдаар өөрчлөгддөг. Дээд тал нь арван жил, ядаж л таван жил олны анхаарлын төвд дан ганц алдар нэрээр явна гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Анх хоёр жилийн өмнө бүгд л Эди Слиман хэмээн ухаанаа алдаж байсан бол жилийн өмнөөс Алессандро Микеле гэж шуугиж байсан. Харин одоо Vetements болон Balenciaga-гийн эргэн тойронд сүр дуулиан дэгдэж байгаа бол, маргааш бүгд л Гоша Рубчинский гэж шаагих болно. Хэрэв өчигдөр хүмүүс Жиль Зандер гэж хошуурсан бол, өнөөдөр Мартин Маржела руу шилжиж, маргааш Миучча Прада гэх болно.

Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 2)Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 3)Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 4)

Хэдийгээр шинэ хэлбэр дүрс бүтээж, харьцаа силуэттэй ажиллаж чаддаг цөөн хэдэн жинхэнэ загвар зохион бүтээгчид үлдсэн нь ч тэд бүгд бэлэн хувцасны загвар зохион бүтээгчид болон хувирсан. Гэхдээ тэд улиг болсон савхин хүрэм хийдэггүй. Харин сайтар төлөвлөсөн perfecto хийдэг учраас стилистүүдийн хүчтэй өрсөлдөөнийг одоогоор даван гарч чадаж байгаа юм. Үүний хамгийн үнэмшилтэй жишээ бол 15 жилийн турш Balenciaga-д ажиллаж, өөрийгөө хэр их авъяастай болохоо харуулсан Николя Жескьер билээ. Тэрээр одоо Louis Vuitton-д "Хэрэв хүсвэл ингэж ажиллаж чадна" гэдгээ ч харуулж байгаа. Мөн Фиби Файло бусдаас тусгаарлагдсан цэвэр эмэгтэйлэг байдлыг дэмжиж, Раф Симонс эмэгтэй загвартай холбогдохыг ч хүсэхгүй байгаа бол, Альбер Эльбазын хувь заяа одоогоор тодорхойгүй байна.

Ингээд бид жам ёсоороо энэ пирамидын дараагийн шатанд шилжиж, Жастин О'Ши Brioni-гийн уран бүтээлч захирлаар сонгогдохыг харлаа. Энэ нь ч зөв юм. Удахгүй загварын ертөнцөд уран бүтээлч захирлын бүх суудлуудыг бизнес болон street style-ын одууд эзлэх болно. Яагаад гэвэл чиний хэр сайн загвар зохион бүтээж чаддаг нь хамаагүй, харин бэлэн байгаа хувцаснуудаас хэр сайн дүр төрх бүтээдэг нь чухал. Ялангуяа энэ нь Brioni гэх мэт футуристик зүйлгүй брэндүүдэд илүү хамааралтай байх болно. Тэд харин ч футуристик биш ч гэлээ худалдан авахад зориулсан нэгэн бүхэл, ойлгомжтой цуглуулгуудыг гаргадаг билээ. Яг л поп-арт зургууд шиг.

Тиймээс л бэлэн хувцасны эрин үеийг төлөөлж чадах Жастин О'Ши загварын ертөнцийн шинэ бэлгэ тэмдэг болон гарч ирлээ. Харин загварын ертөнцөөс илүү нухацтай бөгөөд адармаатай зүйл хүсч, далд үзэл баримтлал болон мэргэжлийн гэх зүйлс хүлээх хэн бүхэн хүлээлгийн өрөө рүү явж болно.

Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 5)Шинэ, хачирхалтай загварын ертөнц (фото 6)

цааш үзэх