Хайх

Загвар өмсөгчид: Burberry намар-өвөл 2016 загварын шоуны гол баатраар Крис Ву тодорлоо

Загвар өмсөгчид: Burberry намар-өвөл 2016 загварын шоуны гол баатраар Крис Ву тодорлоо

Азийн од

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн жилүүдэд Ази гаралтай загвар өмсөгчид Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болж, Chanel, Dior-ын тайзаар алхаж гоо үзэсгэлэнгээ гайхуулах болсон. Тэгвэл одоо эрэгтэй моделиуд гялалзах цаг ирлээ

Юуны түрүүнд  Burberry шоуны гол шуугиан болсон Крис Вутай танилцацгаая. Burberry загварын тайзаа шинэ загвар өмсөгчдийг хөөргөх тавцан болгодгоороо алдартай. Гэтэл намар-өвөл 2016 улирлын эрэгтэй загварын шоундаа зориулж брэндийн хамт олон шинэ дүр төрх биш харин жинхэнэ супер одыг модель дүрээр танилцуулахаар шийдсэн бололтой. Загварын тайз дээр алхах Исауни Брито ба Жэксон Хэйл зэрэг мэргэжлийн моделиуд дунд дуучин, жүжигчин, Хятад болон Солонгосын урлаг соёлын супер од Крис Ву үзэгдлээ. Тэр урьд өмнө нь Givenchy-гийн загварын шоуны үзэгчдийн урд суудлыг эзэлж, мөн Хятадын Vogue сэтгүүлийн нүүр дээр Кендалл Женнерийн хамтаар гарч байсан "загварын" туршлагатай хэдий ч анх удаагаа эрэгтэй загварын тайз дээр алхсан нь энэ юм. Burberry гэх томоохон брэндийн тайзнаас эхэлсэн түүний гараа цаашид амжилттай үргэлжлэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Загвар өмсөгчид: Burberry намар-өвөл 2016 загварын шоуны гол баатраар Крис Ву тодорлоо (фото 1)

Загвар өмсөгчид: Burberry намар-өвөл 2016 загварын шоуны гол баатраар Крис Ву тодорлоо (фото 2)

Загвар өмсөгчид: Burberry намар-өвөл 2016 загварын шоуны гол баатраар Крис Ву тодорлоо (фото 3)

Крис Ву анх EXO гэх Өмнөд Солонгос ба Хятадын 12 эрэгтэй уран бүтээлчид нэгдсэн хөгжмийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд хамтлагийнхаа хятад хэсгийн ахлагч байжээ. EXO хүрээлэл дундаа яг л One Direction шиг маш их алдар нэртэй, охидын сэтгэлийг булаасан хамтлаг юм. Гэхдээ аливаа алдарт хамтлагийн хамгийн царайлаг бас авьяаслаг дуучид (Жастин Тимберлэйк, Зайн Малик г.м.) өөрийн гоцлол карьерыг хөөхөөр хамтлагаасаа гардаг шиг Крис Ву ч мөн адил тийм шийдвэрт хүрсэн нэгэн юм.

Ву бол загварт хайртай бөгөөд шинэлэг юм туршиж үзэх дуртай залуу. Тэр үсээ ягаан, саарал, цайвар шар гэх зэрэг олон өнгөөр будаж, байнга төрхөө өөрчилдөг. Мөн өдөр бүр өөр стилээр хувцаслаж, нэг бол гудамжны чөлөөт, нэг бол сонгодог төрхийг бүрдүүлдэг. Ингэснээр түүний шүтэн бишрэгчид сонирхлоо алдалгүй, түүний дараагийн төрхийг тэсэн ядан хүлээдэг байна. Энэ удаа Burberry-гийн шоунд оролцож олны анхаарлыг татаж чадсан Ву нэгдүгээр сарын 16-наас эхлэх Миланы загварын долоо хоног дээр дахин үзэгдэх өндөр магадлалтай байна.

цааш үзэх